Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, ТЭСО групп “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр /2025.05.26/ гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хүүхэд, эцэг эхчүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын модуль хөгжүүлж, тэдгээрт мэдлэг олгох, чадавхыг бэхжүүлэх юм.
“Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийг Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан санаачилсан ба ТЭСО групп дэмжлэг үзүүлж 100,000 ам.долларын санхүүжилт олгосон.
ТЭСО групп нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдний ирээдүйд бодитой хувь нэмэр оруулж байгаад Монголын мянга мянган хүүхэд багачуудын өмнөөс талархал илэрхийлье.