Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “ЦАХИМ ХУДАЛДААНД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“ЦАХИМ ХУДАЛДААНД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-06-07
“ЦАХИМ ХУДАЛДААНД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО “ЦАХИМ ХУДАЛДААНД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, цахим худалдаа болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, боломж, төрөөс үзүүлэх дэмжлэг зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, шийдэл боломжийн талаар хэлэлцэх зорилгоор “Цахим худалдаанд үзүүлэх дэмжлэг” хэлэлцүүлгийг 2024 оны 6-р сарын 4-ний өдөр Бишрэлт зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. 

 

Хэлэлцүүлэгт ЦХХХЯ, ГХЯ, ХХЗХ, Монгол банк, ГЕГ, ТЕГ, УХШИГГ, “И-Монголиа” УТҮГ, “Улс хоорондын шуудангийн холбоо” ТББ мөн “Монгол инфинити шуудан” ХХК, “Эс Эф Эм Эл” ХХК , “Пик пак ворлдвайд” ХХК, “Стора централ” ХХК, “Альфа лабс” ХХК зэрэг цахим худалдаа, цахим платформ, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компаниуд болон төрийн байгууллагын 100 орчим төлөөлөл оролцов. Мөн “Эс Эф Эм Эл” ХХК-ийн БНХАУ дахь хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж, илтгэл танилцууллаа.

 

Цахим худалдаанд үзүүлэх дэмжлэг сэдвийн хүрээнд боломж, асуудал, гарц шийдлүүдийг агуулсан дараах илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд:

 

·         ХХЗХ-ны ШЗГ-ын мэргэжилтэн Ц.Амгалан “Цахим худалдааны өнөөгийн байдал”;

·         ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн “Цахим худалдаанд тавих гаалийн хяналт”;   

·         Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан “Цахим худалдааны төлбөр тооцоо”;

·         БНХАУ-ын төлөөлөгч SF Express компанийн Олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээний мэргэжилтэн Юу Фен Ян “БНХАУ-ын цахим худалдааны туршлагууд”;

·         “Аспен Технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмэн “Цахим худалдаа ба технологи”;

·         “Монгол Инфинити Шуудан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар “Цахим худалдаа ба шуудангийн хамаарал”;   

·         “Альфа лабс” ХХК-ийн  Хамтран үүсгэн байгуулагч А.Амартөгс “Цахим худалдаа&шийдэл”;  

·         “Пик пак ворлдвайд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил “Цахим худалдааны хүргэлтийн шийдэл”   

·         “Стора централ” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Болор-Эрдэнэ “Цахим худалдаа ба тусгай зөвшөөрөл” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.  

 

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Цахим шилжилт нь дэлхий дахинд бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, ялангуяа цахим худалдааны хөгжлийг эрчимтэй хурдасгаж байна. Монгол Улсад хийгдэж буй цахим шилжилт нь цахим худалдааг дотоод болон хил дамнасан түвшинд хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд цахим шилжилтээс эдийн засгийн үр өгөөж хүртэх, бүтээмж нэмэгдэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бий болгоно. Хил дамнасан болон дотоодын цахим худалдааны үйл явцыг бүрэн цахимжуулах, худалдааг хөнгөвчлөх, хаягжилтыг боловсронгуй болгох, цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх, цахим эдийн засгийг бий болгоход төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хүчин чармайлт чухал үүрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн юм.  

 

 ХХЗХ-ны гишүүн бөгөөд Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хэлсэн үгэндээ “Цахим худалдаа бол мэдээллийн технологид суурилсан, тээвэрлэлт, хүргэлтийн үйлчилгээний цогц хэлбэр юм. Иймд бид энэ удаагийн хэлэлцүүлгийг цахим худалдааны илгээмжийн дотоодын болон улс хоорондын тээвэрлэлт, хүргэлтийн үйл ажиллагаа, цахим худалдааны орчны нөхцөл байдал, шуудангийн үйлчилгээний цахим шилжилт, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбооны талаар оролцогч талууд мэдээллээ солилцсон, хамтын ажиллагаа, цахим худалдааг шинэ шатанд гаргахыг зорин зохион байгуулж байна” гэж арга хэмжээний зорилтыг тодорхойллоо.

 

ХХЗХ-ны ШЗГ-ын мэргэжилтэн Ц.Амгалан: Цахим худалдаа /e-commerce/-ны хурдтай хөгжиж буй хэлбэр бол сошиал худалдаа /social commerce/ буюу нийгмийн сүлжээ, дижитал медиаг ашигладаг цахим худалдаа юм. Цахим худалдаа, сошиал худалдааны зааг ялгааг гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах шаардлага тулгарч байна. НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс, НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал, Төв Азийн Бүсийн Эдийн Засгийн Хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагаас Монгол Улсын цахим худалдааны хууль эрхзүйн орчинд “сайн” үнэлгээг өгсөн хэдий ч “цахим худалдааны хууль”-гүйн улмаас цахим орчны зарим зохицуулалтыг хийх боломжгүй байна.  

 

ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Цэндсүрэн:  

Гаалийн ерөнхий газар нь НҮБ-ын Худалдаа Хөгжлийн бага хурлаас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын гаалийн зарим үйлчилгээг цахимжуулах” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь дамжуулан өнгөрүүлэх, экспорт, импортын цахим мэдүүлэг гаргахад шаардагдах бичиг баримт, мэдээллийн тоог цөөрүүлж, хилийн боомтын үйл ажиллагааг хялбаршуулах, шуудангийн болон буухиа илгээмжийг ирэхээс өмнөх боловсруулалтыг цахимжуулах замаар хил дамнасан цахим худалдааг хөнгөвчлөх, бараа ирэх хугацааг түргэсгэх, тэр дундаа улс хоорондын шуудангийн болон буухиа шуудангийн илгээмжийг хурдасгахын тулд урьдчилан авах цахим мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх юм. 

 

Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан:  

Цахим худалдаа, олон улсын e-commerce эрхлэх сонирхолтой иргэн аж ахуйн нэгжийн талаар цогц судалгаа хийж, нэгдсэн мэдээллийн сан бий болгох, олон улсны цахим худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх хүрээнд банк санхүүгийн байгууллага, финтекийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж нь олон улсаас худалдан авалт хийхэд бэрхшээлгүй боловч олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн зарж борлуулсан орлогоо банкны дансанд хүлээн авах шуурхай, хялбар үйлчилгээ байхгүй. Үндэстэн дамнасан санхүүгийн технологийн компаниуд “Paypal”, “Stripe” зэрэгт хамтран ажиллах санал хүргүүлж, уулзалтууд зохион байгуулсан боловч зах зээл жижиг, холболт хөгжүүлэлт хийхэд ихээхэн цаг хугацаа шаардлагатай, өндөр зардал гарах тул бизнесийн хувьд ашиггүй байгаагаас хамтран ажиллахаас татгалзсан. Монголбанкны зүгээс жагсаалтын дараагийн “Amazon pay”, “Skrill”, “2checkout” холбоо тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлж байна. Үндэстэн дамнасан санхүүгийн технологийн компаниудтай хувиараа холбоо тогтоон, Монголд хамтран ажиллах боломж нээгдсэн тохиолдолд Монголбанкны зүгээс та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

 

“Монгол Инфинити Шуудан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ф.Ганбаатар:   

Олон улсад цахим худалдааны борлуулалт сүүлийн 5 жилд 2,6 дахин өссөн. Нэр төрлөөр нь авч үзвэл агаар, газар, төмөр замаар шуудан, илгээмжийн хэлбэрээр хүлээн авах нөхцөл бүрдсэн байна. Цахим худалдаа нь бараа агуулагдаж байгаа боловч шуудангийн үйлчилгээ, өөрөөр хэлбэл,  илгээгчээс хүлээн авагчид хүргэж байгаа шуудангийн технологи ажиллагааны процесс юм.  

 

SF Express компанийн Олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээний мэргэжилтэн, БНХАУ-ын төлөөлөгч Юу Фен Ян: 

Дотоодын болон олон улсын хэмжээнд шуудан, тээврийн нийлүүлэлтийн нэг цэгийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч SF Express нь шуудан, тээврийн үйлчилгээгээр Хятад, Азийн бүсэд нэгдүгээрт, дэлхийд дөрөвт эрэмбэлэгддэг том компани юм. Манай байгууллага нь 1993 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл дэлхийн 202 оронд цахим худалдааны захиалгыг хүргэх илгээмжийн үйлчилгээ, 97 оронд буухиа шуудан, нийлүүлэлтийн сүлжээг байгуулж, 258,4 тэрбум юань (2023 оны байдлаар)-ийн ашиг олж, 153 мянга 125 ажилтантай болж өргөжин тэлээд байна.   

Хятад улс 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Хятадын зах зээл олон улсын хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2005 онд Засгийн газраас цахим худалдааг хөгжүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх анхны бодлогыг гаргасан байдаг. Энэхүү бодлогын хүрээнд нийт 165 цахим худалдааны бүсийг байгуулж, хил дамнасан цахим худалдааны сүлжээ бүхэлдээ цахим эрин үе рүү шилжсэн. Үйл ажиллагааг хөнгөвчлөх бүх төрлийн цахим платформууд экспорт, импортын аль алинд нь бий болж байна. Үүний нэг жишээ нь ААН-үүд бараа бүтээгдэхүүн, тээвэр, төлбөрийн мэдээллийг гаальд байршуулж, хянаж, хүлээлгэн өгөхөд хялбарчлах 9610 маягт юм.  

Манай байгууллага нь цахим худалдаанд суурилсан 2 кг-аас бага жинтэй илгээмжийн хил дамнасан B2C цахим худалдааны худалдагчдын эрэлт хэрэгцээг хангах өндөр чанартай жижиг илгээмжийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгож байна. Энэхүү үйлчилгээ давуу тал нь мэдээлэл солилцоо хурдан, зардал бага, илгээмжийн байршлыг хянах функц үр дүнтэй, үйлчлүүлэгчээс хүлээн авах байдал болон батарей агуулсан бүтээгдэхүүний хүргэлтийг гүйцэтгэх юм. 

 

“Аспен Технологи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмэн:  

Цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчин хангалттай, төрийн байгууллагуудын үүрэг оролцоо сайн байгаа хэдий ч гаалийн мэдүүлгийг цахимжуулах, НӨАТ, төлбөр тооцооны шимтгэл зэрэг асуудлууд байсаар байна. Иймд  тулгамдаж буй асуудлыг төрийн байгууллагад уламжлах, өөрсдийн эрх ашгийг нэгтгэсэн холбоо байгуулах саналыг энэ хэлэлцүүлгээр дамжуулан цахим худалдаа эрхлэгчдэд уриалж байна. 

 

“Альфалабс” ХХК-ийн Хамтран үүсгэн байгуулагч А.Амартөгс:  

Сошиал цахим худалдаа /social commerce/ эрхлэгчдэдээ зориулаад “drop shipping” платформын шийдлийг санал болгож байна. Энэ нь cошиал цахим худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийг шууд “live”-аар танилцуулсны дараа бүтээгдэхүүн аппликэйшн эсвэл цахим хуудсанд байршсанаар үйлчлүүлэгчид барааг сонгон худалдан авах хялбар шийдэл юм. Түүнчлэн бусад улс орнуудын дэлгүүрээс цахимаар шууд худалдан авах боломжийг олгож байна.  

 

“Пик пак ворлдвайд “ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил:  

Манай компани шуудангийн салбарт 2021 оноос  эхлэн үйлчилгээ үзүүлж байна. “Пик пак ворлдвайд” ХХК нь Монгол Улсын цахим худалдааны хүргэлтийн 80 гаруй хувийг гүйцэтгэдэг. Бид 5 агуулах, 250 пик пак ухаалаг хайрцаг, 25 ялган боловсруулах төв, ачаа тээврийн 30 машин, 200 орчим ажилтан, 1000 гаруй гэрээт хүргэлтийн жолоочтой ажиллаж байна. Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд хандан хэлэхэд бид өрсөлдөгчид биш, харин хамтрагчид юм. Бид нэгнийхээ чадахгүй, боломжгүй байгааг чадах, болохгүй зүйлсийг бүтээхээр хамтран ажиллах нь чухал. Ингэснээр үйлчилгээний чанар дээшлэх, хүргэлтийн хугацааг богиносгох, гарах зардлыг бууруулах боломж нээгдэнэ. “Пик пак ворлдвайд” ХХК нь та бүхэнтэй хэзээд хамтран ажиллахад нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

 

“Стора централ” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Болор-Эрдэнэ:  

Манай байгууллага 2021 оны 7-р сард үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагаа хангаж ХХЗХ-нд хүсэлт гарган гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлөө хүлээн авсан. Тусгай зөвшөөрлийн дагуу улс хоорондын шуудангийн үйлчилгээний хүрээнд Америкийн нэгдсэн улсын цахим худалдааны платформыг холбож, татваргүй худалдан авалт хийх боломжийг олгоод байна. Өнгөрсөн 2023 оноос эхлэн Хятад улсаас худалдааны зуучлал үйлчилгээг гүйцэтгэх бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн. Мөн шуудангийн үйлчилгээ авахад Storepay санхүүгийн аппликейшнийг ашиглан хуваан төлөх боломжийг нэвтрүүлэн  ажиллаж байна.

 

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт,

-       Хэлэлцүүлгийн модератор: Ц.Цэнд /МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн ахлах редактор/, 

-       Панелистууд: П.Цэрэнням /ХХЗХ-ны ШЗГ-ын дарга/,

-       Д.Цэндсүрэн /ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга/,

-      А.Батсайхан /Монголбанкны Төлбөр тооцооны газрын Бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал/,

-       А.Долгион /”Эс Кэй Эс" ХХК-ийн Захирал/,

-       А.Баатарчулуун /”Альфа Лабс” ХХК-ийн үүсгэн байгуулагч/,

-       С.Болор-Эрдэнэ /”Стора централ” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал/ нар оролцлоо.

 

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмжийн төсөл боловсруулан, оролцогчид руу хүргүүлэхээр тогтов. Хэлэлцүүлгээс нийт оролцогч байгууллагуудын ажлын чиг үүрэг, уялдаа холбоонд чиглэсэн цахим худалдааны салбарт цаашид хийж хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц санал шийдлийг нэгтгэсэн зөвлөмж боловсруулж ажиллахаар боллоо.

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР