Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих тухай
1. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө нам, улс төрд хамааралтай, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээлэл, нийтлэлүүд явуулж болох уу?
- Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиар радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх редакцад бэлтгэсэн мэдээ сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй, сурталчилгааны хугацаанд тооцохгүй гэж заасан тул мэдээний хувьд хязгаарлалт байхгүй.
- Харин нийтлэл, нэвтрүүлгийн хувьд нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сурталчлан таниулаагүй байх мөн амлалт өгөх, нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа зэргийг сурталчилгаа гэж ойлгогдохуйц байдлаар харуулах зэргээр сонгуулийн сурталчилгааны шинж агуулаагүй байх шаардлагатай.
- Хуулийн 48.5.2-т зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглосон буюу 6-р сарын 10-26-ны өдрүүдээс бусад өдөр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байхыг анхаарах шаардлагатай.
2. Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгааны шторкийг 1 хоногийн 60 минутад оруулж тооцох уу?
- Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны шторк сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр тул сонгуулийн сурталчилгааны 1 хоногийн 60 минутад оруулж тооцно.
- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.6-д радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг (60 минут)-аас илүүгүй байна.
3. Нэг нам, эвсэл, бие даан дэвшигчдэд оногдох 15 минутын сурталчилгааны хугацааг хэрхэн тооцох вэ?
- Радио, телевизийн хоногт нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны дээд хязгаар 60 минут, үүнд нэг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид оногдох хугацаа 15 минут хүртэл байна. Тухайлбал, А намын 15 минутын сурталчилгааны хугацаанд намын сурталчилгаа болон тухайн намаас нэр дэвшигчдийн сурталчилгаа бүгд хамаарна.
4. Мэдээний 5 минутыг хэрхэн тооцох вэ?
- Мэдээ нь тухайн радио, телевизийн редакцад бэлтгэгдсэн байх;
- Нам, эвсэл, нэр дэвшигч тус бүрээр хоногт 5 хүртэлх минутын мэдээ бэлтгэн нэвтрүүлж болно. Тухайлбал, А намын тухай мэдээг 5 минут гаргахаар бэлтгэлээ гэхэд, тухайн намаас нэр дэвшигчдийн мэдээг тус бүр 5 хүртэлх минутаар бэлтгэн нэвтрүүлэх нь нээлттэй. Гэвч хуулийн 46.13, 48.7-д заасны дагуу мэдээ, мэдээллийн тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлан, нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг дагнан гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.
- Мэдээний 5 минутын хугацааг тооцохдоо нэвтрүүлэгч тухайн мэдээг танилцуулж эхэлсэн хугацаанаас эхэлж тооцно.
- Эрхлэх ажлынхаа хүрээнд цаг үеийн үйл явдалтай холбоотойгоор (онцгой үйл явдал, үер усны гамшиг зэрэг) мэдээ, сурвалжилгаар нэр дэвшигч гарсан бол нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг сэдвээс үл хамааран тухайн нэр дэвшигчийн мэдээний 5 минутад оруулж тооцно гэдгийг анхаарна уу.
5. Сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ чуулганы хуралдаанд УИХ гишүүн үг хэлж байгаа дүрсийг юу гэж үзэх вэ?
- Сонгуулийн сурталчилгааны хугацаанд чуулган хуралдахгүй, түр завсарлана. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөр УИХ-ын гишүүний дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нэр дэвшигчийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбоотой мэдээ, сурвалжилга гарах тохиолдолд дээрх зарчмаар мөн тухайн нэр дэвшигчийн мэдээний 5 минутад оруулж тооцно гэдгийг анхаарна уу.
- Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон сонгуулийн сурталчилгааны бус бусад хэлбэрийн бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлага нэвтрүүлэхийг хориглох тул нэр дэвшигчийн чуулганы хуралдаанд үг хэлж байгаа дүрс бичлэгийг сурталчилгааны бус нэвтрүүлгээр гаргахгүй байхад анхаарах. (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.5.1, 48.9, 48.10 дахь хэсэгт хамаарна)
6. Санаатай, санаагүй алдаа гаргачихвал арга хэмжээг яаж авах вэ? Буруутай гэдгийг яаж тогтоох вэ?
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46.24-д энэ хуульд заасан журам зөрчсөн бол буюу “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”-ыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хорооны зүгээс эхний удаа сануулах, зөрчлийн дахин давтан гаргавал радио, телевизийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхийг санал авах өдөр хүртэл цуцлах шийдвэрийг гаргана гэж заасан.
Аль болох алдаа дутагдал гаргуулахгүй тулд Зохицуулах хорооны зүгээс хууль, журмаар сургалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ч, сурталчилгааны хугацаанд ч байнгын зөвлөгөө өгч, асуусан асуултад хууль, журмын хүрээнд хариулт өгч ажиллана.
7. Өөр намууд гэрээ хийхгүй бол 60 минутаа гүйцэд ашигламаар байна. Нийт 3 намтай гэрээ хийлээ гэж бодъё, цаана нь 15 минут үлдэнэ, үүндээ гэрээ хийсэн намуудын сурталчилгааг гаргаад 60 минутаа гүйцээж болох уу?
- Хуулийн 46.7-д Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно гэж заасан тул хоногт 1 намын нэвтрүүлэг 15 минутаас хэтрэхгүй байна. Тиймээс хэрвээ нийт 3 нам, эвсэл, нэр дэвшигчтэй гэрээ хийсэн бол хоногт 45 минут хүртэлх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх юм. Хэрэв нэг намтай гэрээ хийсэн бол хоногт 15 минутаас хэтрүүлэхгүй байна.
8. Тухайн нэг радио, телевиз нь намтай нь гэрээ хийсэн байхад уг намын нэр дэвшигчтэй мөн гэрээ хийж болох уу?
- Гэрээ хийхийг хязгаарлаагүй ч, тухайн радио, телевиз нь хоногт нэг намд ногдох сонгуулийн сурталчилгааны 15 минутаас хэтрэхгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай.
9. Мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл түүнчлэн нэр дэвшигч тус бүрийн мэдээг тус бүр 5 минут хүртэл хугацаагаар нэвтрүүлж болно гэж ойлголоо зөв үү?
- Зөв. Хуулийн 46.14-т ... нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасан нь нэр дэвшигч гэсэн байгаа тул нэр дэвшигч бүрийн талаар хоногт 5 хүртэлх минутын мэдээ бэлтгэн нэвтрүүлж болно. Мөн тухайн нам, эвслийн талаарх мэдээг нэвтрүүлж болно. Гэхдээ мэдээний хөтөлбөр өөрөө хязгаартай тул олон нэр дэвшигчийн мэдээ тус бүр 5 минутаар гарах боломжгүй байдаг.
10. Редакцын бэлтгэсэн сонгуулийн сурталчилгааны үйл явцын талаарх мэдээ сурталчилгаанд хамаарах уу?
- Тухайн радио, телевизийн редакцын зүгээс бэлтгэсэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээллийн хөтөлбөрийн үеэр нэвтрүүлсэн мэдээг сонгуулийн сурталчилгаанд хамааруулахгүй, харин хоног баримтлах хугацаагаа л баримтлах шаардлагатай.