Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

“ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.11.23

НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил тус өдрийг “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” уриан дор тэмдэглэж, хүүхдийн эрх, дуу хоолой, оролцоог онцолж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилгаар “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, эрх, хамгааллын чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар сурталчлан таниулах зорилтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, төрийн албан хаагчид болон харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгууллаа.

Цуврал сургалтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Үүнд:

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Нийслэлийн ерөнхий боловсролын “Олонлог” сургуулийн ахлах ангийн 120 гаруй сурагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, цахим орчинд хүүхдэд тулгарч болзошгүй эрсдэл, цахим дээрэлхэлт, хувийн мэдээлэл хамгаалалт, аюулгүй, хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголт өглөө.

 

 

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 60 гаруй ажилтан, албан хаагчдад “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын асуудал, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдээлэл өгч төрийн албан хаагчид, эцэг эхчүүдийн цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүллээ.

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Харилцаа холбооны салбарын 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 50 гаруй төлөөллийг хамруулан “Өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчдийн хүүхэд хамгааллын үүрэг, оролцоо, хүүхдийн эрхэд ээлтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцууллаа. Уг сургалтаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өглөө.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран эрсдэл мэдээлэх системийг хөгжүүлж буй “Мөрч вижн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оргилболд “e-ersdel.mn” системийн үйл ажиллагаа, хэрэглээ, цахим орчинд тулгарсан эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдээлэх боломжийн талаар танилцуулсан юм.

Хүүхдийн эрхийг өргөн нэвтрүүлгийн болон цахим орчинд хамгаалахад төр, хувийн хэвшлийн байгууллага төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдын хамтын үүрэг, оролцоо чухал үүрэгтэй юм.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд, төрийн албан хаагчид, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрхэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлж байна.

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email