Эрх зүйн үндэслэл:
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэж, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно.” гэж заасан.
Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно.” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Тохирлын үнэлгээний байгууллагад лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллага хамаарна.” гэж, 15.2 дахь хэсэгт “Тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна.” гэж тус тус заасны дагуу MNS ISO/IEC 17065:2013 “Тохирлын үнэлгээ — Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” үндэсний стандартын шаардлагыг ханган ажилладаг, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага болно.
Журмын төсөл боловсруулах үйл ажиллагаа:
2025 онд Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагааг өргөжүүлэн баталгаажуулалтын хэлтэс байгуулж, стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарын мэргэжилийн мэргэшсэн, туршлагатай багаас зөвлөх үйлчилгээ авч, ажлын хэсэг байгуулан баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 29 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэдээлэл, Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам” нь 15 зүйл, 70 хэсэг, 11 хавсралттай бөгөөд шинэчлэн боловсруулсан журмын төсөл нь 9 зүйл, 48 хэсэг, 26 заалт, 1 хавсралттай болж, 88[1] хувь нь өөрчлөгдсөн тул уг журмыг шинэчлэн найруулсанд тооцов.
[1] Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. 25.1.1.өмнө нь тухайн хуулийн нийт заалтын 50-аас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон бол шинэчилсэн найруулгын төсөл боловсруулна.
Журмын бүтэц:
Журмын төсөл нь 9 зүйл, 48 хэсэг, 26 заалт, 1 хавсралтаас бүрдэх бөгөөд мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж, тохирлын үнэлгээ хийх, хэрэгжилтэд хяналт тавих харилцааг зохицуулна.
Нэгдүгээр зүйл: Зорилго - Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийх зорилго болон журмын хэрэгжих хамрах хүрээг тодорхойлсон.
Хоёрдугаар зүйл: Баримтлах зарчим - баталгаажуулалтын үйл ажиллагаанд баримтлан ажилладаг зарчимыг дурдав.
Гуравдугаар зүйл: Ерөнхий нөхцөл – баталгаажуулалтын төрөл, хэрэглээ, нийтлэг ойлголтыг тодорхойлсон.
Дөрөвдүгээр зүйл: Хүсэлт гаргах – Тоног төхөөрөмж баталгаажуулах хүсэлт гаргах этгээд болон бүрдүүлэх материалыг тодорхойлсон, тохирлын үнэлгээ хийх хүсэлт гаргагчийн анхаарах зүйлс, бүрдүүлэх материал, шалгуурыг тодорхойлсон.
Тавдугаар зүйл: Тохирлын үнэлгээ хийх, шийдвэр гаргах – баталгаажуулалтын тохирлын үнэлгээг хийх эрх бүхий этгээд болон хийгдэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон бөгөөд тохирлын үнэлгээг хэдий хугацаанд хийх, түүнд хяналт тавих болон шийдвэрийг албажуулах үйл явц, тохирлын гэрчилгээнд бичигдэх мэдээллийг тодорхойлж өгсөн.
Зургаадугаар зүйл: Шийдвэрийг мэдэгдэх, гэрээ байгуулах – энэхүү хэсэгт шийдвэр гарснаас хойш хийгдэх үйл явцыг тодорхойлсон.
Долоодугаар зүйл: Магадлан хяналт – тохирлын гэрчилгээ эзэмшигчдэд хяналт хийх харилцааг энэ хэсэгт тодорхойлсон.
Наймдугаар зүйл: Тохирлын гэрчилгээг хүчингүй болгох – хүчингүй болгох тохиолдлуудыг дурдсан.
Есдүгээр зүйл: Бусад – Тохирлын тэмдэг хэрэглэх болон Зохицуулах хороо мэдээллийг ил тод хүргэх, түгээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон. байдлыг дурдсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу журмын төсөлд санал авах ажиллагааг эхлүүлж байна.
Та бүхэн саналаа 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор bolortuya@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО