Харилцан холбооны зохицуулах хороо

Мэдээ мэдээлэл

ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЖЕНЕВ ХОТНОО «МЭДЭЭЛЛИЙН НИЙГМИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ 2026» АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.07.23

 

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) болон НҮБ-ын 50 гаруй байгууллагын хамтран зохион байгуулдаг «Мэдээллийн нийгмийн дээд хэмжээний уулзалт 2026» (WSIS Forum 2026) нь 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо ITU-ийн төв байр болон Palexpo үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтад Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун албан томилолтоор ажиллалаа.

 

 

WSIS форум нь мэдээллийн нийгмийг хөгжүүлэх чиглэлээр засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, техникийн болон олон улсын байгууллагын төлөөллийг нэгтгэдэг олон талт оролцогчдын жил тутмын арга хэмжээ бөгөөд WSIS-ийн үйл ажиллагааны 11 чиглэлийн (C1–C11) хэрэгжилтийг хянах, олон талт оролцогчдын саналыг нэгтгэх, жил тутмын төлөвлөгөөг тодорхойлдог. Энэ удаагийн форум нь НҮБ-ын Хиймэл оюуны засаглалын дэлхийн анхдугаар яриа хэлэлцээ (Global Dialogue on AI Governance), ITU-ийн «AI for Good» дэлхийн дээд хэмжээний уулзалттай хамт «Женевийн цахим долоо хоног» (Geneva Digital Week) хэлбэрээр зохион байгуулагдсан.

 

 

Форумын нээлтийн үеэр даргалагчийн үүргийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Египетийн Араб Бүгд Найрамдах Улсад шилжүүлж, Египетийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Раафат Хенди WSIS Forum 2026-ийн даргаар томилогдов.

 

 

1.1.  WSIS+20, түүний ач холбогдол

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн WSIS үйл явцын 20 жилийн тоймын (WSIS+20) Дээд түвшний уулзалт 2025 оны 12 дугаар сарын 16–17-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж, WSIS+20 үр дүнгийн баримт бичгийг баталсан. Энэ удаагийн форум нь уг уулзалтын дараах анхны форум болсон тул хэлэлцүүлгийн гол агуулга WSIS+20 үр дүнгийн баримт бичгийн хэрэгжилтэд чиглэв. Баримт бичгийн гол заалтуудыг товч дурдвал:

 

 

  • Хүн төвтэй, хүртээмжтэй, хөгжилд чиглэсэн мэдээллийн нийгмийг цогцлоох амлалт, түүнчлэн хүний бодит орчинд эдлэх эрх цахим орчинд нэгэн адил хамгаалагдах зарчмыг дахин баталгаажуулав;
  • Интернэтийн засаглалын форумыг (Internet Governance Forum, IGF) НҮБ-ын байнгын форум болгож, түүний нарийн бичгийн дарга нарын газрыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийн саналыг Ерөнхий нарийн бичгийн даргаас Ерөнхий Ассамблейд өргөн барихыг даалгав;
  • WSIS форумыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэж, үйл ажиллагааны чиглэл хариуцсан байгууллагуудад чиглэл тус бүрийг Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDG), Цахим дэлхийн эв нэгдлийн баримт бичгийн (Global Digital Compact, GDC) амлалтуудтай уялдуулсан хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгов;
  • WSIS болон GDC-ийн уялдааг хангах хамтарсан хэрэгжилтийн төлөвлөгөөг Мэдээллийн нийгмийн асуудлаарх НҮБ-ын бүлгээс (UNGIS) боловсруулж, 2026 онд Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хороонд (CSTD) танилцуулахаар товлов;
  • Ерөнхий нарийн бичгийн дарга WSIS-ийн хэрэгжилтийн явцын тайланг хоёр жил тутам CSTD, ECOSOC-т танилцуулж, дараагийн дээд түвшний уулзалтыг 2035 онд хийхээр тогтов;
  • Үйл ажиллагааны бүх чиглэлд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын чадавхыг бэхжүүлэх асуудлыг гол сэдэв болгон тусгах, цахим хөгжлийн санхүүжилтийн асуудлаар ITU (UNGIS-ийн нарийн бичгийн дарга нарын газрын хувиар) байгууллага хоорондын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

 

 

 

Хоёр. Хиймэл оюуны засаглалын дэлхийн анхдугаар яриа хэлэлцээ (Global Dialogue on AI Governance)

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/79/325 тогтоолоор байгуулагдсан Хиймэл оюуны засаглалын дэлхийн яриа хэлэлцээний анхдугаар чуулган Женев хотноо болж, НҮБ-ын нийт 193 гишүүн орон хиймэл оюуны засаглалын асуудлаар анх удаа нэг ширээний ард суув. Чуулганыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бэрбок нар нээж, Эль Сальвадор Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Эгрисельда Лопес, Эстони Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Рейн Таммсаар нар хамтран даргалав.

Чуулганы гол агуулгыг товч дурдвал:

  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хиймэл оюуны засаглалын дөрвөн тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэв. Үүнд: аюулгүй байдлын нэгдсэн стандарт тогтоох, хүний эрхийн «улаан шугам» тодорхойлох, хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх, байгаль орчны ил тод байдлыг хангах;
  • Хиймэл оюуны асуудлаарх Олон улсын бие даасан шинжлэх ухааны зөвлөлийн анхны тайланг танилцуулж, хиймэл оюуны чадвар засгийн газруудын зохицуулах чадвараас түрүүлж хөгжиж буйг тэмдэглэв. Нобелийн энх тайвны шагналт сэтгүүлч Мариа Ресса мэдээллийн бүрэн бүтэн байдал (information integrity) ардчилсан нийгмийн үндэс болохыг онцлов;
  • Хэлэлцүүлэг дөрвөн үндсэн багц сэдвийн хүрээнд явагдав. Үүнд: хиймэл оюуны боломж, үр нөлөө; хиймэл оюуны ялгааг (AI divide) арилгах; аюулгүй, найдвартай, итгэлтэй хиймэл оюун; хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, дэмжих;
  • Яриа хэлэлцээний дараагийн буюу хоёрдугаар чуулган 2027 оны 5 дугаар сард Нью-Йорк хотноо болж, цаашид Женев, Нью-Йорк хотод ээлжлэн жил орчмын давтамжтай хуралдахаар товлогдов.

Яриа хэлэлцээ нь хууль эрх зүйн шийдвэр гаргах эрхгүй боловч хиймэл оюуны засаглалын асуудлаар бүх улс орон тэгш эрхтэй оролцох НҮБ-ын байнгын индэр болж байгаа нь хөгжиж буй орны хувьд бодлогын байр сууриа илэрхийлэх, чадавх бэхжүүлэх дэмжлэг авах чухал боломж юм.

 

 

Гурав. Форумын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ

 

 

3.1. Дээд түвшний хөтөлбөр (High-Level Track)

Форумын нээлтийн чуулган «The Future We Choose: Leadership for an Inclusive Digital World» сэдвийн хүрээнд болов. Нээлтийн чуулганыг ITU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Дорин Богдан-Мартин удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Анналена Бэрбок, Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд Жаслан Мадиев болон НҮБ-ын агентлагуудын тэргүүнүүд, сайд нар, зохицуулах байгууллагуудын удирдлагууд үг хэлэв. Хэлэлцүүлгийн гол агуулга нь шинэ зарчим боловсруулахаас илүүтэй холболт, цахим хүртээмж, хиймэл оюуны засаглалын талаар өмнө нь өгсөн амлалтуудыг хэрэгжүүлэхэд чиглэх ёстойг онцолсон бөгөөд Ерөнхий Ассамблейн дарга «сая сая хүн холбогдоогүй хэвээр байгаа нөхцөлд дэлхийн хамгийн сайн хиймэл оюуны засаглалын тогтолцоо ч ач холбогдолгүй» болохыг онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн форумын Дээд түвшний хөтөлбөр урьд өмнөхөөс өргөжиж, сайд нарын оролцоо нэмэгдсэн нь WSIS+20 тогтоолын хэрэгжилт улс орнуудын түвшинд эхэлж буйг илэрхийлэв. Тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын дугуй ширээний уулзалтаар гишүүн орнууд үндэсний цахим бодлогын тэргүүлэх чиглэлээ танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлов. Түүнчлэн засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, техникийн болон олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөл оролцсон «Leaders TalkX» цуврал хуралдаанаар WSIS-ийн үр дүнгийн тойм, үндэсний болон байгууллагын туршлага, шинэ технологийн бодлогын асуудлыг хэлэлцэв.

 

 

Форумын хаалтын ёслолын үеэр даргалагч Египетийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Раафат Хенди Даргын дүгнэлтийг (Chair’s Summary) ITU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон сайд нар, элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд танилцуулав. Дүгнэлтэд засгийн газрууд болон оролцогч талууд дэлхийн цахим амлалтуудыг цахим хүртээмжийг өргөжүүлэх, хариуцлагатай хиймэл оюуныг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа.

 

3.2. WSIS хэлэлцүүлэг

Форумын хөтөлбөрийн дагуу WSIS-ийн үйл ажиллагааны 11 чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцсэн дараах сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалтад оролцож, мэдээлэл, туршлага судлав. Үүнд:

  • Хиймэл оюуны засаглал - «Applying Responsible AI Governance Under WSIS+20», «From Principles to Practice: Operationalizing Global AI and ICT Governance within the WSIS Framework» зэрэг хэлэлцүүлгээр WSIS+20 тогтоолын хүрээнд хариуцлагатай хиймэл оюуны засаглалыг хэрэгжүүлэх, чадавх, ёс зүй, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэв;
  • Хэлний хүртээмж, олон хэлт хиймэл оюун - «Teaching AI to Speak our Language» хэлэлцүүлгээр цөөн хэрэглээтэй хэлийг хиймэл оюуны загварт нэвтрүүлэх, хиймэл оюуны хүртээмжийн «сүүлчийн миль»-ийн асуудлыг шийдвэрлэх дэлхийн туршлагыг танилцуулав;
  • Малайзын Харилцаа холбоо, мультимедиа хорооны (MCMC) танилцуулга - форумын Платинум стратегийн түншийн хувиар зохион байгуулсан тусгай хуралдаанаар цахим засаглалын 2026–2030 оны таван жилийн төлөвлөгөө (MCMC FYP 2030), АСЕАН-ы 5G чадавх бэхжүүлэх санаачилга зэрэг гол хөтөлбөрөө танилцуулав;
  • Кибер аюулгүй байдал ба итгэлцэл - жижиг, дунд үйлдвэрлэлийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх чиг хандлага, шилдэг туршлага; цахим үйлчилгээний аюулгүй байдал («Building Trust and Protection for Essential Digital Services: From Standards to Deployment»); квант технологийн дараах криптографид DNS-ийг бэлтгэх («Post-Quantum: Preparing the DNS for Post-Quantum Cryptography») зэрэг сэдвийн хүрээнд олон улсын төлөөлөгчид танилцуулга хийв;
  • Холболтын хүртээмж (connectivity) - дэлхий дахинд холбогдоогүй хэвээр байгаа 2.2 тэрбум хүнийг холбоход тулгарч буй хөрөнгө оруулалтын зөрүү, бодлого, зохицуулалтын саад бэрхшээл, техникийн стандартаар дамжуулан утга учиртай холболтыг (meaningful connectivity) хангах асуудлаар хэлэлцүүлэг өрнөв;
  • Цахим засаглал, цахим боловсрол - төрийн цахим үйлчилгээг хүрэхэд хамгийн хэцүү бүлэгт олон сувгаар хүргэх шилдэг туршлагын талаарх «Inclusive e-government services: Reaching the hardest to reach through multi-channel service delivery», боловсролын салбарын цахим шилжилтийн асуудлаарх «Connected and coherent: the Yin and Yang of digital education» хуралдаанууд;
  • Ногоон цахим хөгжил - «Green Digital Action: The road between COP30 to COP31», эргэлтэт эдийн засаг дахь мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим хог хаягдлын менежментийн бодлого, зохицуулалтын хэлэлцүүлгүүд.

 

 

3.3. WSIS Prizes 2026 шагнал гардуулах ёслол, бусад тусгай арга хэмжээ

Цахим хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлсэн шилдэг төсөл, санаачилга, платформыг WSIS-ийн үйл ажиллагааны 18 ангиллаар шалгаруулдаг WSIS Prizes-ийн 15 дахь удаагийн шалгаруулалтад энэ жил 122 орноос 1595 төсөл ирж, дэлхийн хэмжээнд 2.2 сая гаруй санал хураалт явагдав. Олон нийтийн саналаар шалгарсан 90 төслөөс шинжээчдийн бүлэг ангилал тус бүрд нэг буюу нийт 18 ялагч төслийг сонгож, 7 дугаар сарын 9-ний өдөр ёслолын үеэр ITU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Дорин Богдан-Мартин шагнал гардуулав. Үлдсэн 72 төсөлд шилдэг санаачилгын (Champion) батламж олгов.

 

 

 Мөн форумын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Үүнд:

  • WSIS Stocktaking - үйл ажиллагааны чиглэлүүдэд нийцүүлэн улс орнуудын хэрэгжүүлж буй төсөл, санаачилгыг бүртгэж, түгээн дэлгэрүүлэх нэгдсэн мэдээллийн сангийн танилцуулга;
  • Залуучуудын тусгай хөтөлбөр (Youth Special Track) - 7 дугаар сарын 6-ны өдөр ITU-ийн төв байранд бүтэн өдрийн арга хэмжээгээр эхэлж, форумын турш үргэлжилсэн залуучуудын оролцооны хөтөлбөр;
  • iSAFE Hackathon 2026 - онлайн орчны аюулыг шийдвэрлэх, цахим иргэдийг чадавхжуулах, цахим системд итгэх итгэлийг бэхжүүлэхэд технологи, үүсгэгч хиймэл оюуныг ашиглах дэлхийн инновацын тэмцээн;
  • WSIS гэрэл зургийн уралдаан 2026 - мэдээлэл, харилцаа холбооны технологийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийг харуулсан шилдэг бүтээлүүдийн шалгаруулалт;
  • Сэдэвчилсэн үзэсгэлэн - улс орнууд болон олон улсын байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын шилдэг цахим санаачилга, төсөл, платформын үзэсгэлэн.

 

 

3.4. «AI for Good» дэлхийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд оролцсон хуралдаанууд

WSIS форумтай зэрэгцэн Palexpo-д ITU-ээс Швейцарын Холбооны Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан «AI for Good» дэлхийн дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрөөс зохицуулах байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай дараах хуралдаануудыг ач холбогдлын дарааллаар сонгон оролцов. Үүнд:

 

 

  • «AI foundation: Digital trust and AI infrastructure for all» дээд түвшний дугуй ширээний уулзалт - Энэтхэгийн TRAI-ийн дарга Анил Кумар Лахоти, Бразилийн ANATEL-ийн дарга Карлос Байгорри, Португалийн ANACOM-ын дэд дарга, АНУ-ын NTIA-ийн захирал, GSMA-ийн Зохицуулалт хариуцсан захирал Жон Жиусти болон Сингапур, БНСУ, Казахстан, Нигери, Бахрейн, Того зэрэг орны сайд нарын түвшний төлөөлөл оролцож, хиймэл оюуны эрин дэх цахим итгэлцэл, хиймэл оюуны дэд бүтцийн тэгш хүртээмжийн асуудлыг хэлэлцэв.
  • «AI for Good and for all» хэлэлцүүлэг - хиймэл оюуны үр өгөөжийг хөгжиж буй орнуудад тэгш хүртээх талаар БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны сайд, Пакистаны Мэдээллийн технологи, цахилгаан холбооны сайд, НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга, Цахим болон шинэ технологийн асуудлаарх тусгай элч Амандийп Сингх Гилл, ITU-ийн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Ламанаускас нар гишүүн орнуудын төлөөлөлтэй хэлэлцэв;
  • «The future of AI native communication networks» семинар - хиймэл оюунд суурилсан харилцаа холбооны сүлжээний (AI Native Networks) ирээдүй, агент хиймэл оюун, утасгүй холбооны том загварууд зэрэг дэвшилтэт технологийн асуудлаар GSMA, Huawei, ZTE, AWS, VEON, NIST, ITU-ийн Стандартчиллын товчооны төлөөлөл хэлэлцсэн нь харилцаа холбооны сүлжээний зохицуулалтын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хуралдаан болов;
  • «Trustworthy AI through AI security: The AI security nexus» семинар - хиймэл оюуны аюулгүй байдал өдөр тутмын үйл ажиллагааны тэсвэрт чанарт үзүүлэх нөлөөллийн талаар ITU-ийн Хөгжлийн товчооны захирал Космас Завазава, ETSI, Cisco, АНУ-ын Олон улсын бизнесийн зөвлөлийн төлөөлөл хэлэлцэв;
  • «Testing and verification of frontier AI systems» семинар - тэргүүлэх хиймэл оюуны системийг нэвтрүүлэхийн өмнө турших, баталгаажуулах арга зүйн асуудлаар БНСУ, Японы хиймэл оюуны аюулгүй байдлын институт (AISI), Frontier Model Forum, ITU-ийн Стандартчиллын товчооны төлөөлөл хэлэлцсэн нь хиймэл оюуны аудит, баталгаажуулалтын зохицуулалтын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов;
  • «An oversight body for AI: Lessons in global content moderation» хэлэлцүүлэг - хиймэл оюунаар үүсгэсэн контентыг таних, үнэн бодит байдлыг тогтоох, контентын хяналтын асуудлаар Meta-гийн Хяналтын зөвлөлийн (Oversight Board) гишүүн Паоло Кароцца, Global Network Initiative, ITU-ийн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэлэлцсэн нь Хорооноос Meta-тай хэрэгжүүлж буй контентын аюулгүй байдал, сонгуулийн шударга байдлын хамтын ажиллагаанд шууд хамааралтай байв;
  • Хиймэл оюуны стандарт, бодлогын олон талт хэлэлцүүлэг - агент хиймэл оюуны аюулгүй байдал, хиймэл оюуны туршилт, жишиг үнэлгээ (testing and benchmarking), худал мэдээлэл ба гүн хуурамч контент (deepfakes), квант технологийн хэрэглээ, хиймэл оюуны дэд бүтэц, эрчим хүчний хэрэгцээ зэрэг зохицуулалтын шинэ сорилтуудыг хэлэлцэв.

 

 

Дөрөв. Хоёр талт уулзалтууд

4.1. Женев дэх олон улсын байгууллагуудтай хийсэн уулзалт

"Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) нь 193 гишүүн орноос бүрддэг бөгөөд гишүүн орнууд хооронд байгуулсан 23 төрлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар форумын үеэр хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт  гишүүн орнуудаас гадна олон улсын 200 гаруй төрийн бус байгууллага, үндэсний 120 байгууллага ажиглагчаар оролцлоо.

Жил бүрийн 7-р сард зохион байгуулагддаг энэхүү их хурлаар оюуны өмчийн гэрээ хэлэлцээр, түүнтэй холбоотой асуудлуудаас гадна оюуны өмчийн байгууллагуудын захирлуудын томилгооны асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр ХХЗХ-ны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Б.Ганзоригтой уулзаж, Монгол Улсад Технологи, инновацийг дэмжих төв (Technology and Innovation Support Center, TISC) байгуулах, TISC-ийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар санал солилцон TISC байгуулснаар улс орны зохион бүтээгч, судлаач, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих, чадавхыг нэмэгдүүлэх боломжтойг талууд онцлон тэмдэглэж, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Тав. Дүгнэлт

WSIS Forum 2026 нь WSIS+20 тоймын дараах анхны форум болохын хувьд дэлхийн цахим хөгжлийн бодлогын дараагийн үе шатны буюу 2035 он хүртэлх чиг баримжааг тодорхойлсон, мөн НҮБ-ын хиймэл оюуны засаглалын байнгын механизм үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болов. Форумын хэлэлцүүлгээс дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

  • WSIS+20 үр дүнгийн баримт бичгээр WSIS форумыг жил бүр зохион байгуулах, үйл ажиллагааны чиглэлүүдийг SDG, GDC-тэй уялдуулсан замын зурагтай болгох, хэрэгжилтийг хоёр жил тутам тайлагнах, дараагийн тоймыг 2035 онд хийхээр тогтсон нь цаашид арван жилийн хугацаанд WSIS үйл явц дэлхийн цахим бодлогын гол тулгуур байхыг баталгаажуулав;
  • Хиймэл оюуны засаглал, кибер аюулгүй байдал, онлайн аюулгүй байдал, өгөгдлийн засаглал, чухал дэд бүтцийн тэсвэрт чанар зэрэг сэдэв зохицуулах байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж буй нь Хорооны Олон улсын хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөө (2026–2030), ITU-ийн G5 зохицуулалтын төлөвшлийн зорилттой бүрэн нийцэж байна;
  • Хиймэл оюуны засаглалын дэлхийн яриа хэлэлцээ нь бүх улс орон тэгш оролцох НҮБ-ын байнгын индэр болж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудын чадавх бэхжүүлэх асуудлыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон нь Монгол Улсын хувьд хиймэл оюуны бодлого, зохицуулалтын чадавхаа бэхжүүлэх олон улсын дэмжлэг авах боломжийг нээж байна;
  • Олон хэлт хиймэл оюуны хүртээмжийн асуудал олон улсын хэмжээнд хүчтэй дэмжлэг авч буй нь монгол хэлийг хиймэл оюуны загварт нэвтрүүлэх ажлыг олон улсын түвшинд сурталчлах, түншлэл өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна;
  • «AI for Good» уулзалтын хэлэлцүүлгээс хиймэл оюунд суурилсан харилцаа холбооны сүлжээ, агент хиймэл оюуны аюулгүй байдал, хуурамч контент, хиймэл оюуны дэд бүтэц, эрчим хүчний хэрэгцээ зэрэг асуудал ойрын жилүүдэд харилцаа холбооны зохицуулалтын шинэ сорилт болохоор байна;
  • Форумын хүрээнд хийсэн хоёр талт уулзалтууд нь Хорооны хоёр талт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, шинэ түншлэл тогтооход бодит хувь нэмэр оруулав.

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email