Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
2019-05-31
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны  зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болов

Энэхүү хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны хууль эрхзүйн акт, баримт бичгийн талаар танилцуулга; “Радио давтамжийн төлбөрийн журам, төлбөрийг шинэчлэх санал боловсруулах” ажлын хэсгийн тайлангийн танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; бусад асуудал зэрэг 4 асуудлыг хэлэлцэв. Тус хуралдаан нь хэлэлцсэн дээрх  асуудлаар хорооны хуралдааны 1 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаварыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгон даалгав.

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 1 дугээр хуралдааны 01 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу “Харилцаа холбооны зохицуулах хорооны хууль эрхзүйн акт, баримт бичгийн талаар танилцуулга”-ыг хуралдаанаар хэлэлцээд, хорооны тогтоол шийдвэр, зохицуулалтын баримт бичгийг Захиргааны ерөнхий хууль, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээний хэрэгжилт, тайлан үр дүн болон зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн чиглэлээр шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлууд, хувилбар шийдлийн талаар удирдамж чиглэл өгч, асуудлыг дахин боловсруулах талаар холбогдох газар хэлтэст үүрэг болгов. Харилцаа холбооны зохицуулах хорооны хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, ХХЗХ-ны хуралдаанаар баталсан хүчин төгөлдөр мөрдөж буй тогтоол, шийдвэрийн нийтдээ 77 эрх зүйн зохицуулалтын баримт бичиг байгаа бөгөөд үүнээс, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн хорооны тогтоолоор шинэчлэн баталж ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн санд хянуулан бүртгүүлсэн 9 захиргааны хэм хэмжээний акт (ХХЗХ-ны 2017 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан 2 баримт бичиг болон 2017 оны 18, 31, 32, 58 дугаар тогтоол, 2018 оны 17, 23, 24 дүгээр тогтоол); Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн санд бүртгүүлэх шаардлагагүй 10 баримт бичиг (Тухайлбал, Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 дүгээр тушаал болон 216 дугаар тушаал болон ХХЗХ-ны 2012 оны 06 дугаар, 2014 оны 19 дүгээр, 44 дүгээр, 59 дүгээр, 2015 оны 41 дүгээр, 2016 оны 01 дүгээр, 43 дугаар, 2018 оны 04 дүгээр тогтоол) зэрэг болно.

Хорооны Даргын 2018 оны А/77 тоот тушаалаар “Радио давтамжийн төлбөрийн журам, төлбөрийг шинэчлэх санал боловсруулах” ажлын хэсгийг байгуулсан. Тус хуралдаанд ажлын хэсгээс олон улсын спектрийн зохицуулалт, зорилго; Монгол улсын радио спектрийн зохицуулалт, хуваарилалт, ашиглалт; олон улсын спектрийн төлбөрийн арга, аргачлал; Монгол улсын радио спектрийн төлбөрийн аргачлал, үнэлгээ болон дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулгыг хэлэлцүүлсэн.  Радио спектр нь хүний үйл ажиллагаанаас ангид оршдог байгалийн баялаг, түүний бодит тоо хэмжээ нь хязгаарлагдмал учраас ховор нөөц баялаг гэж мэргэжилтнүүд үздэг юм. Үүнд: нийт давтамжийн нөөц нь байгалийн ба физикийн үзүүлэлтээр тодорхойлогддог; ашиглах боломжтой баялгийн нөөц нь эдийн засгийн ба техникийн хүчин зүйлээр тодорхойлогддог (ялангуяа харьцангуй зардлын өсөлтөөс); ашиглагдаж буй баялгийн нөөц нь эдийн засаг ба техникийн нөхцөл байдлаар хэмжигддэг зэрэг болно. Хуралдаанаас ажлын хэсгийн санал, зөвлөмжийг зарчмын хувьд дэмжээд, олон улсын радио спектрийн зохицуулалт, хуваарилалт, ашиглалт; спектрийн төлбөрийн тооцооны аргачлалын загвар, жишиг болон тэргүүн туршлагыг судлан харьцуулах, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах талаар судлах, цаашид Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан санал зөвлөмжид тусгах талаар ажлын хэсэгт үүрэг чиглэл болгов.  

Тус хорооны хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай  (МЦХ ХК) танилцуулга, хорооны хуралдааны тэмдэглэлийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 300 дугаар тогтоол, ЗГХЭГ-аас ирүүлсэн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ХЭГ/ 311 тоот албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А-1/721 тоот албан бичиг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци ТББ-аас ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот албан бичиг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/294 тоот бодлогын чиглэлийг тус тус авч хэлэлцээд, МЦХ ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэх талаар удирдамж, чиглэл өгөх тухай Хорооны хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар тэмдэглэл гаргах нь зүйтэй гэж тогтов. Тэмдэглэлд, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар МЦХ ХК-д олгосон “Утасгүй интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулах, гэрчилгээ олгох асуудлыг зохион байгуулах; МЦХ ХК-тай уг тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулахдаа тус компаниас ирүүлсэн санал хүсэлт, компаний санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал, холбогдох байгууллагаас ирүүлсэн бодлогын чиглэлийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийн нэг удаа төлөх төлбөрийг 5 жилийн хугацаатай хойшлуулж, 2024 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хуваарийн дагуу бүрэн барагдуулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг удирдамж, чиглэлийг баримтлан ажиллахыг холбогдох бүтцийн нэгжид даалгалаа.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 1 тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 10 ААН, хуулийн этгээдэд 2019 оны  5 дугаар  сарын 24-ний өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар 10 тусгай зөвшөөрлийг шинээр олголоо.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)