Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл
2017-10-28
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны  ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 10 дугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болов.

Энэхүү хорооны хуралдаанаар  “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон өргөн нэвтрүүлэг, сувгийн зохицуулалтын талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Хорооны хуралдааны 2017 оны 10 дугаар тэмдэглэл); “Телевизийн өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зарчим” зөвлөмжийн төсөл;  Тоон контентийн зохицуулалтын орчинг судлан хууль эрх зүй, зохицуулалтын шийдэл, хувилбарын санал боловсруулах ажлын хэсгийн ажлын явцын тухай танилцуулга (Хорооны хуралдааны 2017 оны 12 дугаар тэмдэглэл);  Хорооны 2017 оны 43 тоот тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдаанаас нийт 5 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 3 тэмдэглэлийг гаргалаа.

Тус хорооны ЗБХГ-аас боловсруулсан өргөн нэвтрүүлгийн зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагад оруулах зарчмын гол өөрчлөлтийн санал; Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагаас хуулийн давхардсан болон зөвлөмжөөр тусгах шаардлагатай гэж үзсэн заалтуудыг хасч, тусад нь  “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах зөвлөмж” нэрээр гаргах; “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах зөвлөмж”-ийн төсөл, “Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зарчим” зөвлөмжийн төсөл танилцуулгыг тус тус авч хэлэлцээд, тус хуралдаанаас өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын баримт бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал болон холбогдох зөвлөмжүүдийг тусад нь гаргах нь зүйтэй гэж тогтов. Тус хуралдааны тэмдэглэээр өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага шинэчлэн батлагдахаас өмнө “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах зөвлөмж”, “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах зөвлөмж”-д хуралдааны үеэр гарсан санал зөвлөмжийг тусган эцэслэн боловсруулах, холбогдох холбогдох яам, байгууллага, оролцогч талуудад танилцуулж саналыг авч 2018 оны 1 дүгээр сард багтаан хорооны хуралдаанаар шийдвэрлүүлэх арга хэмжээг авахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов.

Зохицуулах хорооны 2017 оны ээлжит 7 дугаар хуралдааны 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон өргөн нэвтрүүлэг, ОСДҮ (олон сувгийн дамжуулах үйлчилгээ), сувгийн үндсэн зохицуулалтын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай танилцуулгыг тус тус авч хэлэлцэв. Хорооны хуралдаанаас өгсөн удирдамж, даалгаврыг тусган өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл шаардлага, зөвлөмж, бусад баримт бичгийн төслийг боловсруулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, тайлан үр дүнг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд танилцуулахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов.

Зохицуулах хорооны 2017 оны ээлжит 8 дугаар хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу (Хорооны хуралдааны 2017 оны 12 дугаар тэмдэглэл) хорооны даргын 2017 оны А/210 тоот тушаалаар  тоон контентийн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн шийдлийг тодорхойлох зорилготой ажлын хэсгийг байгуулсан болно. Ажлын хэсгийн хэсгээс “Онлайн контентийн зохицуулалтын хууль эрх зүйн шийдэл: олон улсын туршлага, өнөөгийн хууль эрх зүйн орчин” судалгааны ажлын явцын талаар танилцуулгыг тус хорооны хуралдаанд хэлэлцүүлсэн. Хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс гарсан санал, зөвлөмжийг боловсруулалтын шатанд байгаа тоон контентийн талаарх зохицуулалтын чиглэл; онлайн контент ба нийгмийн сүлжээний зохицуулалтын хууль эрх зүйн шийдлийн санал, зохицуулалтын арга замыг тодорхойлох зэрэг баримт бичигт тусгах, энэ чиглэлээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох тайлан болон зохицуулалтын дүрэм журам, нөхцөл шаардлагын төсөл, хуулийн өөрчлөлтийн талаар санал дүгнэлтийг эцэслэн хорооны хуралдаанд танилцуулах, нэгдсэн тайланг ХЗДХЯ-нд хүргүүлэх арга хэмжээ авч ажиллах зэрэг удирдамж, чиглэлийг ажлын хэсэг, газар хэлтсийн дарга нарт даалгав.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар дараах тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:

  • 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 47 тоот тогтоолын хавсралтаар нийт 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 48 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 тоот тогтоолын хавсралтаар нийт 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 43 дугар тогтоолоор батлагдсан “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ХЗДХЯ-д хүргүүлэхэд ...журмын 7.2 дах заалтаар “Энэхүү нөхцөл, шаардлага нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.” гэж заасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.” гэснийг зөрчсөн байна... гэж дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулах зөвлөмжийг тус хороонд албан тоотоор ирүүлсэн болно.  Иймээс уг тогтоолын холбогдох заалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх үүднээс 2017 оны 43 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах тухай” хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолыг баталснаар ХЗДХЯ-наас санал ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэв.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар  “Үнэ тариф батлах тухай” 2017 оны 34 дүгээр тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын хавсралтаар үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгайлагч  үйлчилгээ эрхлэгчийн “Үүрэн холбооны багцын үйлчилгээний тодорхойлолт, багцын үйлчилгээний үнэ тариф”-ыг  тогтоож баталсан юм. Тус хорооноос энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу ХЗДХЯ-аар хянуулж захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр албан тоотоор хүргүүлсэн боловч тус яамны сайдын  2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1-1/3780 тоотоор ирүүлсэн хариу албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 66.3.3-д  заасны дагуу Хорооны 2017 оны 34 тоот тогтоолыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).