Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
2017-04-05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болов.  Энэхүү хорооны хуралдаанаар “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”; “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж шийдвэрлэн хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн болно.

Тус хуралдаанаар “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”,  “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”,  баримт бичгийн төслийг тус тус авч хэлэлцэв. Эдгээр баримт бичгүүдийн үндсэн зорилго нь радио давтамжийн 2300-2400 МГц, 2500-2690 МГц-ийн зурваст өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын технологийг өргөнөөр ашиглах нэвтрүүлэх, шаардлагатай техникийн нөхцөл шаардлагыг тогтоож өгөх, түүнчлэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны радио давтамжийн зурвасыг хуваарилах, зурвасыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр ОУЦХБ, гадаадын 15 зохицуулалтын баримт бичиг (ITU-R M.1036), ялангуяа Европын холбооны CEPT стандартчиллын байгууллагын зохицуулалт, стандартыг (ECC-14:02, ECC-11:05, ЕСС-05:05) судалж боловсруулжээ. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дах заалт, "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2.1.4, 5.4.8 дах заалтыг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”; 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын хэмжээнд радио давтамжийн 2500-2690 МГц-ийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тус тус батлав. Энэхүү 2 радио зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлагыг шинээр баталснаар хуучин уг зурвасыг ашиглаж байсан телевиз, радиогийн олон сувгийг дамжуулан хүргэх (ММDS) үйлчилгээ ба утасгүй интернетийн (Wi-MAX) үйлчилгээнээс давтамжийг чөлөөлж, өндөр хурдны өргөн зурвасын утасгүй холболтын шинэ технологи ба интернэтийн үйлчилгээ (IMT/BWA)-нд ашиглах, үйлчилгээг өргөжүүлэх, Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд дахин хуваарилж, давтамжийн зурвасыг үр ашигтай ашиглах, хэрэглэгчийн төхөөрөмжийн роуминг хийх боломжийг хангах, хил орчмын радио холбооны үйлчилгээний харилцан зохицолдоог хангах, давтамжийн харилцан нөлөөллөөс хамгаалах боломжийг бүрдүүлж, холбогдох хуваарилалт техникийн нөхцлийг тогтоож шийдвэрлэв.  

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Даргын 2016 оны А/59 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан "Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн дагуу “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын төслийг боловсруулж, тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.10 дах заалт, "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"ийн 2.1.4, 5.4.8 дах  заалтыг тус тус үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын хэмжээнд харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг батлан шийдвэрлэсэн. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын нарийвчилсан хуваарилалт, ашиглалтын үеийн техникийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэх, радио давтамжийн харилцан нөлөөллийг арилгах, мэргэжил арга зүйн зөвлөмж, аргачлалаар хангахад энэхүү баримт бичгийг мөрдөнө.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 тоот “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай”  тогтоолыг батлан шийдвэрлэв. Үүнд:

  • Тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан 15 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох;
  • Тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах;
  • Тогтоолын гуравдугаар заалтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)