Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-с зохион байгуулсан улс төрийн намуудад хийсэн сургалтын үеэр сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин ашиглах талаарх хууль тогтоомж болон Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20-д заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, 47.9-д заасан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслүүдээр зохицуулах харилцааны талаар танилцуулга хийв.
Танилцуулгын дараа панель хэлэлцүүлэг хийсэн ба хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир, тус Хорооны Зохицуулалтын газрын Интернэт сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Чулуунбат оролцож, оролцогчдын асуултад хариулж, мэдээлэл өгч ажиллав.
Сургалт 2024 оны 1-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1-р сарын 26-ны өдөр Монгол ардын нам, Ардчилсан намын 42 төлөөлөл, 1-р сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэдийн оролцооны нэгдсэн нам, Иргэний зориг ногоон нам, Монголын ногоон нам, Шинэ нам, Либертари намын 48 төлөөлөл, улс төрийн нийт 8 намын 90 төлөөлөл оролцов.