
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 22 дугаар Их хурал (PP-26)-ын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Катар Улсын Харилцаа холбооны зохицуулах газар (CRA)-ын Ерөнхийлөгч Ахмад бин Абдулла Аль-Муслеманитай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохицуулах байгууллагуудын харилцааг бэхжүүлэх, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага солилцох боломжийн талаар хэлэлцэв.
ХХЗХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурлыг амжилттай зохион байгуулж буй Катарын талд баяр хүргэж, тус хурал нь дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, стратегийн цаашдын чиглэлийг тодорхойлох, Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс цахим шилжилт, дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт, харилцаа холбооны зах зээл болон радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр туршлага солилцох, байгууллагын чадавхыг бэхжүүлж мэргэжилтэн солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах санал тавьсан юм.
Катар Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны ерөнхийлөгч уг саналыг хүлээн авч цаашид хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, зохицуулалтын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Монголын талаас Элчин сайд П.Сэргэлэн, Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга З.Даваажав, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Очирпүрэв, Катарын талаас Катар Улсын Харилцаа холбооны зохицуулах газар (CRA)-ын Ерөнхийлөгч Ахмад бин Абдулла Аль-Муслемани, Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Абдулрахман Аль-Саиари нар оролцлоо.
