Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын...
Харилцаа холбооны зохицуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар”-тай боллоо
2020-04-10

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг  Улсын Их Хурал 2019 оны  12 дугаар сарын 12 -ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн үндсэн зорилго нь өргөн нэвтрүүлгийн орчинд үндэсний болон нийтийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрхзүйн үндсийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн бүтээл үйлдвэрлэл, салбарыг дэмжихэд чиглэгдсэн болно.

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 5.1 дэх хэсэгт Хороо нь өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудал хариуцсан нэгжтэй байна гэж заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар байгуулагдлаа.

Тус газар нь Зохицуулалтын хэрэгжилт хариуцсан хэлтэс, 10 ажилтны бүрэлдэхүүнтэй. Бүтцийг танилцуулбал:

  • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын даргаар О.Лувсан-очир,
  • Зохицуулалтын нэгжийн хэлтсийн даргаар Н.Тогтохсүрэн,
  • Ахлах мэргэжилтэн бөгөөд өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр Ч.Оюунгэрэл,
  • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, судалгаа хариуцсан мэргэжилтнээр П.Золбоо,
  • Орон нутгийн телевизийн үйлчилгээний зохицуулалт хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр С.Машбат,
  • Өргөн нэвтрүүлгийн техникийн зохицуулалт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр С.Эрдэнэцэцэг,
  • Улаанбаатар хотын телевизийн үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр Б.Алтай,
  •  Радиогийн үйлчилгээний зохицуулалт хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр Д.Уранбилэг,
  • Өргөн нэвтрүүлгийн контент, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр Б.Ундрам нар тус тус ажиллаж байна.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 5.8 дах хэсэгт заасны дагуу

  • Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
  • Хуульд заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ (төлбөртэй радио, телевизийн үйлчилгээнээс бусад)-ний тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт, шалгалт хийх, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх баримт материалыг зохих нэгжид хүргүүлэх, баяжуулах;
  • Хуульд заасан дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт, шалгалттай холбоотойгоор хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг заавар, зөвлөмжөөр хангах;
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн зохицуулалтын арга хэмжээ авах, хяналт тавих, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийг ил тод болгох;
  • Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон тооны бус зөвлөл байгуулах, хуралдуулах, хурлаас гарсан зөвлөмжийг үйлчилгээ эрхлэгч, олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
  • Хуульд заасан чиг үүргийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, жил бүр үнэлгээ, дүгнэлт гаргах;
  • Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр шинэ технологи, үйлчилгээний талаар судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;
  • Стандарт, норматив баримт бичигт санал гаргах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулах;
  • Радио, телевизийн хөтөлбөрт болон дуу, дүрсийн стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм.