Home / Articles / Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор...
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
2019-12-09
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)

Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunications-ITU, цаашид ОУЦХБ гэх)-аас өөрийн гишүүн 190 гаруй орны  “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтүүд (ICT Development Index-IDI, Дижитал хөгжлийн индекс)”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр нэгтгэн мэдээлсэн болно (Measuring Digital Development: ITU Facts and figures 2019) бөгөөд энэхүү мэдээлэл, тайланг тоймлон орчуулан та бүхэндээ хүргэж байна.

 

1.Удиртгал

Улс орныхоо тогтвортой хөгжлийг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн бодлого боловсруулагч, зохицуулагч, оролцогч бүх талуудаас хөгжлийн хүрсэн түвшин, үндсэн статистик үзүүлэлт, индикаторыг судлан дүн шинжилгээ хийж, техник технологийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан улс орныхоо цаашид баримтлах хөгжлийн бодлого, төлөвлөлт, зорилтоо шинэчлэн тодорхойлж байна. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил нь Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассемблейн чуулганаас 2000 онд баталсан “Тогтвортой хөгжлийн 2030 оны зорилтууд”-ын  (UN-Sustianable Development Goals-SDG) нийт 17 зорилтыг хэрэгжүүлэхэд шууд, шууд бус утгаар дэмжлэг үзүүлэх чухал хэрэгсэл болж, тогтвортой хөгжилд хүрэхэд жинтэй хувь нэмрээ оруулдаг гэж судлаачид, мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Эдгээр зорилтуудад хүрэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологи нь хөгжлийн үндсэн хурдасгагч, дэмжигч хэрэгсэл нэгэнт болж, нийгэм эдийн засгийн бүх салбарт эрчимтэй нэвтэрч байгаа бөгөөд ялангуяа Боловсролын чанар (Зорилт-4, SDG4),  Хүйсийн тэгш байдал (Зорилт-5, SDG5), Үйлдвэрлэл, инноваци ба дэд бүтэц   (Зорилт-9, SDG9), Түншлэл  (Зорилт-17, SDG17) зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.  

 

ОУЦХБ-аас 2017 оны 11 сард гаргасан харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн 2017 оны эцсийн индекс үзүүлэлтээр нийт 176 улс орноос эхний 10 байранд Айсланд, БНСУ, Швейцарь, Дани улс, Англи, БНХАУ-ын Хонг Конг, Голланд Норвеги, Люксембург, Япон улс тус тус эзэлсэн бөгөөд Монгол Улс эдгээр үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд 176 улсаас 91 дүгээр байр (2016 онд 89 дүгээр байр), Ази номхон бүсийн 34 улс орноос 14 дүгээр байр тус тус эзэлж байсан юм.

ОУЦХБ-аас 2018 оны харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн 2018 оны эцсийн индекс үзүүлэлтийг нэгтгэн гаргах асуудлыг тодорхой шалтгаан, гишүүн орнуудын зөвшилцлийн механизмыг ашиглан шинэчлэх, улмаар хойшлуулан 2019 оны харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтийн өөрчлөлт шинэчлэлтийг хийж, тайлан мэдээллийг 2019 оны 11 дүгээр сард нэгтгэн зарлахаар болжээ. 

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтийн өөрчлөлт, шинэчлэлт

ОУЦХБ-ын “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлт-2019” (Дижитал хөгжлийн индекс) тайлан, мэдээллийг нэгтгэж боловсруулан тус байгууллагаас гаргахдаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт шинэчлэлтийг гишүүн улс, мэргэжилтнүүд харилцан зөвшилцөн шийдвэрлэсэн нь чухал ач холбогдолтой юм.

ОУЦХБ, НҮБ-ын АНДОНЭЗК (UN-ESCAP), НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комисс (UNCTAD), Олон улсын стандартын байгууллага (ISO) зэрэг  байгууллагуудын түншлэлийн хүрээнд үндсэн 32, нэмэлт 9 үзүүлэлтүүд болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын гаргадаг тоон мэдээлэл, үзүүлэлтийг судлан үзсэний үндсэн дээр ОУЦХБ-аас 2009 оны 3 дугаар сард харилцаа холбоо, мэдээллийн  технологийн хөгжлийн индекс 11 шалгуур үзүүлэлтийг (ICT Development Index-IDI, 2009) баталсан байдаг. Энэхүү хөгжлийн индекс нь үйлчилгээний хүртээмж (ICT access), ашиглалтын үзүүлэлт (ICT use), мэдээлэл харилцаа холбооны чадавхи буюу боловсролын түвшин (ICT skills) зэрэг үндсэн 3 бүлэг бүхий 11 индекс-үзүүлэлтийг багтаажээ.  Тус байгууллагаас энэхүү харилцаа холбоо, мэдээллийн  технологийн хөгжлийн индексээр тодорхойлсон 11 шалгуур үзүүлэлтийг 2018 он хүртэл эдгээр үзүүлэлтийг тайлан мэдээлэлд ашиглаж байсан.

 

ОУЦХБ-ын гишүүн улс, орнууд болон хамтран ажилладаг олон улсын байгууллагуудаас 2016-2017 онд гаргасан индикатор үзүүлэлтийн мэдээлэл боловсруулалтын арга зүй, мэдээллийн чанар, тоон үзүүлэлтийн талаар гарч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар гаргасан санал хүсэлт, зөвлөмжийн дагуу харилцаа холбоо, мэдээллийн  технологийн хөгжлийн индекс, шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсронгуй болгох зорилгоор тусгай ажлын хэсэг, бие даасан экспертын групп байгуулан 2017 оны 3 дугаар сард Женев хотноо онц чухал хуралдаан (Extraordinary meeting), Дэлхийн МХХТ-ийн хөгжлийн индекс, шалгуур үзүүлэлтийн асуудлаархи 16 дугаар чуулган 2018 оны 12 дугаар сард болж (ITU WTIS-2018) гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтын үр дүн, тусгайлан байгуулсан ажлын хэсгүүд, эксперт группын (EGTI/EGH) боловсруулсан индикатор, үзүүлэлтийг өөрчлөх үндэслэл санал, тайлан мэдээллийг тус тус хэлэлцсэн байна. Түүнчлэн Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дах давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд харилцаа холбоо, мэдээллийн технологи, интернэтийн хурдтай хөгжлийн үе шат, цаашдын чиг хандлагууд зэргийг харгалзан 2018 оны 12 сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтэд шинэчлэлт хийх, 2018 оны хөгжлийн статистик үзүүлэлтийг хэвлэх, мэдээлэхээ хойшлуулахаар тогтсон байна.

Тус байгууллагын гишүүн улс орнууд удаа дараагийн уулзалт, ажлын хэсгийн санал зөвлөмжийн талаар нэгдсэн зөвшилцөлд 2018 оны 12 сард хүрснээр дараах шинэчлэлт өөрчлөлтийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтэд хийхээр шийдвэрлэжээ. Үүнд:

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтэд 2009 оноос хойш ашиглаж байсан 11 үзүүлэлтээс 3 үзүүлэлтийг хассан.

  • 100 хүнд ногдох суурин телефон цэгийн тоо (Fixed-telephone subscriptions-100 inhabitants);
  • 100 хүнд ногдох үүрэн телефон хэрэглэгчийн тоо (Mobile-cellular telephone subscriptions-100 inhabitants);
  • 100 хүнд ногдох суурин интернэтийн хэрэглэгчдийн тоо (Fixed-broadband subscriptions-100 inhabitants);

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтэд 2018 оноос эхлэн шинээр 5 үзүүлэлтийг нэмж оруулахаар шийдвэрлэсэн байна.

  • Үүрэн холбооны 3 дахь үеийн сүлжээнд хамрагдсан хүн амын эзлэх хувь (Population covered by 3G mobile networks);
  • Суурин өргөн зурвасын хэрэглэгчдийн шууд холбогдсон хурд (Fixed-broadband subscriptions by speed tiers);
  • Хөдөлгөөнт өргөн зурвасын нэг хэрэглэгчид ногдох интернэт урсгал (Mobile-broadband Internet traffic per mobile-broadband subscription);
  • Суурин өргөн зурвасын нэг хэрэглэгчид ногдох интернэт урсгал (Fixed-broadband Internet traffic per fixed-broadband subscription);
  • Хөдөлгөөнт гар утас эзэмшигчдийн эзлэх хувь (Mobile phone ownership, %);
  • Дижитал ур чадвар, чадамж бүхий хүн ам, хувь (Individuals with ICT skills, %)
 

Зураг 1.  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн индекс-2019, ОУЦХБ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн индекс-үзүүлэлт (ICT Development Index-IDI, 2019)

Хүснэгт 1

  Үзүүлэлтийн үндсэн ба дэд ангилал

/Indicator category/

Үндсэн үзүүлэл -

тийн эзлэх хувь (%)

  МХХТ-ийн хүртээмж, бэлэн байдал (ICT access):
  • Компьютер бүхий айл өрхийн тоо хэмжээ, хувь (Households with a computer, %)
  • Интернэтэд холбогдсон айл өрхийн тоо хэмжээ, хувь (Households with Internet access, %)
  • Интернэтийн нэг хэрэглэгчид ногдох олон улсын зурвасын өргөн, kbit/s (International Internet bandwidth (bit/s) per Internet user)
  • Үүрэн холбооны 3 дахь үеийн сүлжээнд хамрагдсан хүн амын эзлэх хувь (Population covered by 3G mobile networks)
  • Суурин өргөн зурвасын хэрэглэгчдийн шууд холбогдсон хурд (Fixed-broadband subscriptions by speed tiers)
40
  МХХТ-ийн хэрэглээний үзүүлэлт (ICT use):
  • Интернэт хэрэглэгчийн тоо хэмжээ, хувь (Individuals using the Internet,%)
  • Хөдөлгөөнт өргөн зурвасын 100 хүнд ногдох хэрэглэгчийн тоо (Active mobile-broadband subscriptions per 100 inhabitants)
  • Идэвхитэй хөдөлгөөнт өргөн зурвасын нэг хэрэглэгчид ногдох интернэт урсгал (Mobile-broadband Internet traffic per mobile-broadband subscription)
  • Суурин өргөн зурвасын нэг хэрэглэгчид ногдох интернэт урсгал (Fixed-broadband Internet traffic per fixed-broadband subscription)
  • Хөдөлгөөнт гар утас эзэмшигчдийн эзлэх хувь (Mobile phone ownership, %)
40
  МХХТ-ийн хэрэглээ үүсгэх чадамж (ICT skills):
  • Бичиг үсэг тайлагдалтын түвшин, хувь (Mean years of schooling)
  • Дунд боловсрол эзэмшигчдийн түвшин, хувь (Secondary gross enrollment ratio,%)
  • Дээд боловсрол эзэмшигчдийн түвшин, хувь (Tertiary gross enrollment ratio, %)
  • Дижитал ур чадвар, чадамж бүхий хүн ам, хувь (Individuals with ICT skills, %)
20
Бүгд 100
 

Эх сурвалж: ОУЦХБ (ITU), 2019 он

Ингэснээр 2019 оноос эхлэн ОУЦХБ-ын Харилцаа холбоо, мэдээллийн  технологийн хөгжлийн индекс үзүүлэлтийн 14 шалгуур үзүүлэлт бүхий (ICT Development Index-IDI, 2019) үйлчилгээний хүртээмж (ICT access), ашиглалтын үзүүлэлт (ICT use), мэдээлэл харилцаа холбооны чадавхи буюу боловсролын түвшин (ICT skills) зэрэг үндсэн 3 бүлэг хэвээрээ боловч нийтдээ 14 индекс-үзүүлэлттэй болжээ.  

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтийн тайлан-2019

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunications-ITU, цаашид ОУЦХБ гэх)-аас өөрийн гишүүн 193 улс, орны  “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн статистик үзүүлэлтүүд (Дижитал хөгжлийн индекс)-ийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр нэгтгэн олон нийтэд мэдээлсэн болно (Measuring Digital Development: ITU Facts and figures 2019). 

 

ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хоулин Жао дээрх мэдээлэл, тайланг танилцуулахдаа “......манай байгууллагын нэгтгэн гаргасан уг тайлан, дижитал хөгжлийн индексын статистик мэдээлэл нь ОУЦХБ-ын гишүүн орнууд болон дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөгжлийн хүрсэн түвшинг тоон ба чанарын үзүүлэлтээр тодорхойлох; төр засаг, бодлого боловсруулагч, зохицуулагч нар, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгч нарт сүлжээ, үйлчилгээнд холбогдоогүй байгаа хүмүүс, иргэдийг цаашид бүгдийг холбогдох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын зорилт төлөвлөгөө, шийдэл, арга хэрэгсэлээ томьёолох, бүх төрлийн нөөцөө хуваарилах, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно....” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн индекс-үзүүлэлт буюу Дижитал хөгжлийн индекс үзүүлэлт, мэдээллийг 2019 онд ОУЦХБ-аас нэгтгэн тооцоолж гаргахдаа дараах ерөнхий дүгнэлтийг хийжээ.

Дэлхийн хэмжээнд интернэтын хэрэглээ хурдтай өсч, үүрэн холбооны хамрах хүрээ сайжирч байгаа боловч хүйсийн дижитал тэгш бус байдал, тоон ялгаа буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн технологийн дэвшил үйлчилгээг хүртэх, хэрэглэх, ашиглах хүртээмж, тэнцвэргүй байдал улам бүр нэмэгдэж байгаа зэрэг санаа зовоож буй шинэ хандлагууд гарч ирж байна гэж үзжээ.

Уг тайлан мэдээлэлд, нэгд, хүйсийн дижитал тэгш бус байдал буюу хүйсийн дижитал хүртээмжийн ялгаа (Digital gender gap), хоёрт, дижитал ур чадвар, чадамж (digital skills) асуудлыг онцгойлон авч үзсэн; гуравт, хөгжиж буй ба буурай хөгжилтэй орнуудад өргөн зурвасын үнэ тариф өндөр (broadband price), үйлчилгээний хэрэглээ ба хамрах хүрээ, холбогдох хурдыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг онцгойлон авч үзэж, дөрөвт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, хүртээмж, хэрэглээний түвшин хөгжингүй, хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс, орнуудын хоорондын дижитал хуваагдал мэдэгдэхүйц буурахгүй байгаа тухай дүгнэлтийг гаргаад байна.

ОУЦХБ-ын энэхүү тайланд, 2019 оны эцэст гэхэд дэлхийн дунджаар 100 хүнд ногдох бүртгэлтэй үүрэн холбооны хэрэглэгчийн тоо (Mobile-cellular subscriptions per 100 inhabitants) 108.0; 100 хүнд ногдох идэвхитэй хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчийн тоо (Active mobile-broadband subscriptions per 100 inhabitants) 83.0; 100 хүнд ногдох суурин өргөн зурвасын хэрэглэгчийн тоо (Fixed broadband per 100 inhabitants) 14.9; 100 хүнд ногдох суурин телефон хэрэглэгчийн тоо (Fixed telephone per 100 inhabitants) 12.1-д тус тус хүрнэ гэж тооцоолсон бол дэлхийн нийт хүн амын 53,6 хувь нь интернэтийн хэрэглэгч болно гэж үзжээ.  

ОУЦХБ-ын тооцоолсноор 2019 оны эцэст, дэлхийн нийт хүн амын 97 хувь нь үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээнд багтаж байгаа бөгөөд дэлхийн нийт хүн амын 93 хувь нь үүрэн холбооны 3 дахь үе (11 хувь) ба түүнээс дээш 4 дэх үе, хөдөлгөөнт өргөн зурвас-интернэт, үүрэн холбооны (82 хувь) үйлчилгээг хүртэж байна. Үүрэн холбооны 3 дахь үеийн болон түүнээс дээшх хувилбарын сүлжээнд хүн амын 95 хувь холбогдсон Европ, Ази номхон далайн бүс нутаг байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Бүс нутгийн хэмжээнд 100 хүнд ногдох бүртгэлтэй үүрэн холбооны хэрэглэгчийн тоо статистик мэдээллээс үзэхэд, Европ тивд  хамгийн өндөр буюу дэлхийн дунджаас дээш 118.4; Америк тивд 110,1; Арабын улс орнуудад 106.0; Ази номхон далайн бүс нутагт 111.7; Африк тивд 80.1 хувь тус тус  байгаа судалгаа гасан байна. Хөгжингүй орнуудад 100 хүнд ногдох бүртгэлтэй үүрэн холбооны хэрэглэгчийн тоо дунджаар 128.9 хувь; хөгжиж буй орнуудын хувьд 103.8 хувь; буурай хөгжилтэй орнуудад 74.9 хувь болжээ. Дэлхийн нийт хүн амын 97 хувь нь үүрэн холбооны сүлжээ, үйлчилгээний хамрах хүрээнд орсон байгаа нь томоохон ахиц, хэрэглэгч нарт өргөн сонголт, шинэ боломжийг олгож байна.

Интернэт холболтын хувьд, дэлхийн нийт 4,1 тэрбум буюу нийт хүн амын 53 хувь он-лайн/байнгийн интернэтын холболттой болсон нь 2018 оны адил үзүүлэлтээс 5,3 хувийн өсөлтийг үзүүлсэн, одоогоор дэлхийн 3,6 тэрбум хүн интернэтийн ямар нэг холболтгүй хэвээр байсаар байна. Хөгжингүй орнуудад интернэтийн онлайн холболт дунджаар 86.9 хувь; хөгжиж буй орнуудын хувьд 47.0 хувь; буурай хөгжилтэй орнуудад 19.1 хувь тус тус байгаа юм.

Интернэт ашиглаж байгаа дээрх 4,1 тэрбум хэрэглэгчдийн 48 хувь нь эмэгтэй, 53 хувь нь эрэгтэй хүйсийн хэрэглэгчид тус тус байгаа тооцоо судалгаа гарсан байна. Дэлхийн дунджаар, интернэт ашиглаж байгаа хэрэглэгчдийг хүйсээр нь ангилан үзэхэд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 5 хувиар бага байна.  Энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад 86 хувь нь эмэгтэй, 87,6 хувь нь эрэгтэй хүйсийн хүмүүс; хөгжиж буй орнуудын хувьд үзүүлэлт нь харгалзан 40.7 ба 52,8 хувь; буурай хөгжилтэй орнуудад 13.9 ба 24,4 хувь тус тус байна.

ОУЦХБ-ын судалгаагаар 2019 оны эцэс гэхэд дэлхийн нийт айл өрхийн 57 хувь нь байнгийн интернэт холболттой болж, компьютертэй айл өрхийн тоо 2018 онтой харьцуулахад дөнгөж 1 хувь нэмэгдэж 49,7 хувь болно гэж тооцоолсон байна. Энэхүү статистик нь айл өрхийн гишүүн, хүмүүс гэрээсээ интернэтэд холбогдохдоо өөрийн ухаалаг гар утас, ай-пад, таблет зэргийг ашиглаж байгаатай холбон үзжээ. 

Судалгаанаас үзэхэд, олон улсын интернэтийн зурвасын хэмжээ (international internet bandwidth)  нь 2015 онтой харьцуулахад 2019 онд дэлхийн дунджаар 33,4 хувиар өсчээ. Нийт интернэтийн трафикийн 40 хувь нь Ази, номхон далайн орнууд; 25 хувь Европ тив; 21 хувь Америк тивийн улс, орнуудад ногдож байна. Нэг интернэтийн хэрэглэгчийн ашиглаж байгаа зурвасын дээд хурд дунджаар Европд 211 кбит/сек байгаа бол үлдсэн 4 бүс нутагт дунджаар 100-133 кбит/сек (Африк тивд дунджаар 31 кбит/сек) байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Дээрх статистик мэдээллээс үзэхэд, хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй, буурай хөгжилтэй улс, орнуудын дижитал хуваагдал (digital divide)/тоон ялгаа нь өнөө үед ч мэдэгдэхүйц буурахгүй байгаа бөгөөд хүйсийн дижитал тэгш бус байдал буюу техник технологийн дэвшил, үйлчилгээг хэрэглэх, ашиглах зэрэг дижитал хүртээмжийн тэнцвэргүй байдал (Digital gender gap); интернэтын хүртээмжийн хурд; үүрэн холбооны шинэ төрлийн үйлчилгээ ба хэрэглээний ялгаа; хүн амын дижитал ур чадвар, чадамжийн түвшин, хэлний мэдлэг (digital skills) зэрэг мэргэжилтэн, судлаачдын санаа зовоож буй шинэ хандлага, шинэ сорилт, хүндрэл бэрхшээлүүд гарч ирсэн байна.

2019 оны эцсийн байдлаар, дэлхийн нийтдээ 3,6 тэрбум хүн интернэтийн ямар нэг холболтгүй байх тооцоолол нь дэлхийн хамтын нийгэмлэг-НҮБ, ОУЦХБ болон улс орон бүрийн төр засаг,  үйлчилгээ эрхлэгч нарт харилцаа холбоо, мэдээлэл, үүрэн холбоо, интернэтын сүлжээ, үйлчилгээнд холбогдоогүй байгаа дээрх тооны хүмүүс, иргэдийг цаашид бүгдийг холбогдох боломж, нөхцлийг бүрдүүлэх, дижитал хуваагдал, ялгааг арилгахад чиглэсэн зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа юм.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 3 сард гаргасан салбарын 2018 оны жилийн эцсийн статистик мэдээллээр, манай улсад 100 хүнд ногдох үүрэн холбооны дундаж нягтралт 113,8 (дэлхийн дундаж 108.0); 100 хүнд ногдох суурин телефон хэрэглэгч 7,9 (дэлхийн дундаж 12.5) хувь байгаа бөгөөд интернэт хэрэглэгчдийн тоо 2008 онтой буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 102,2 дахин (4.29 сая, 2018); үүрэн холбооны хэрэглэгчдийн нийт тоо 2,3 дахин (4.2 сая, 2018); суурин телефон хэрэглэгчийн тоо 2,4 дахин (0,319 сая, 2018); шилэн кабелийн суурь сүлжээний урт 6,1 дахин (43 мянган км, 2018) нэмэгдсэн дүн мэдээ гарчээ (дэлгэрэнгүй мэдээллийг үзэх. http://www.crc.gov.mn/k/2Q7/4R).

Эх сурвалж: www.itu.int сайтаас Доктор (Ph.D.) Т.Наранмандах тоймлон авч орчуулав.