Home / Articles / Салбарын үндэсний 1 стандартыг шинэчлэж, шинээр 5...
Салбарын үндэсний 1 стандартыг шинэчлэж, шинээр 5 стандартыг батлав
2016-05-05
Салбарын үндэсний 1 стандартыг шинэчлэж, шинээр 5 стандартыг батлав   Салбарын үндэсний 1 стандартыг шинэчлэж, шинээр 5 стандартыг батлав

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны  4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар мэдээлэл, харилцаа холбоо, авто тээвэр, авто зам, төмөр зам, иргэний нисэх, эрүүл мэнд зэрэг 9 салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан, шинэчилсэн 61 стандартын төслийг хэлэлцэн 60 төслийг Үндэсний стандартаар батлан шийдвэрлэжээ. Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбооны 5, авто тээврийн 21, газар тариалангийн 1, ХАА-н 2, автозамын 17, газрын тосны 1, барилгын 7, чанарын менежментийн тогтолцооны 3, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын 3 стандартыг тус тус баталжээ.

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр:

  • Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр шинээр боловсруулсан “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага (Requirements on age classification of broadcasting content and use of screen symbols)”; “Автозам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрэн байгууламжид холбооны кабель шугамыг суурилуулах ерөнхий шаардлага”;  “Радио холбооны антенн, фидерийн байгууламжинд ажиллах аюулгүй ажиллагааны шаардлага”; “Мэдээлэл холбооны суурин сүлжээний   сувагчлалын хоолойд уян нийлэг дэд сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага”; “Мэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн  бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага”; “Орон сууцны хотхон, хорооллын мэдээлэл , холбооны суурин  сүлжээний дэд бүтцийн төлөвлөлт.  Ерөнхий шаардлага” зэрэг шинэ үндэсний 5 стандартын төслүүд,  дахин хянаж өөрчлөлт оруулсан “Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” (Radio studio. Part 2: General requirements for equipment), MNS 5591-2:2016 стандартын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг тус тус боловсруулсан.
  • Тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд,  Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 1 үндэсний стандартыг шинэчилж, 5 үндэсний стандартыг шинээр тус тус батлав. Үүнд:

Нэг. Шинээр баталсан үндэсний стандартууд

  1. Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага (Requirements on age classification of broadcasting content and use of screen symbols)

Монгол улс өргөн нэвтрүүлгийн насны ангиллын тэмдэг тэмдэглэгээний нэгдсэн стандартай болж, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн бүх телевиз, сувгууд насны ангиллын тэмдэг тэмдэглэгээг ашиглаж, үзэгч олон нийт, эцэг эхчүүд энэ талаар нэгдсэн ойлголттой болж хэвших зайлшгүй шаардлага гарсан.

Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай” хууль, “Харилцаа холбооны тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 7.21-т “Нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг стандартад заасны дагуу зурагтын дэлгэц дээр үзүүлнэ. Олон нийтэд нэвтрүүлгийн насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг сурталчилж, таниулна” гэж заасан юм. Холбогдох хууль тогтоомж, дээрх журмын заалтыг хэрэгжүүлэх, өргөн нэвтрүүлгийн насны ангиллыг тогтоох, түүний таних тэмдэг, тэмдэглэгээг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэх зорилгоор “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг, тэмдэглэгээ ашиглах шаардлага” стандартын төслийг шинээр боловсруулсан.

Энэ стандартаар өргөн нэвтрүүлгийг түүний дуу, дүрс, агуулгаас нь хамааран үзэгчдийн настай уялдуулан ангилах, түүнд таних тэмдэг ашиглах шаардлагыг тогтоож өгчээ. Стандарт нь нэр томьёо, тодорхойлолт; насны ангилал тогтооход баримтлах шалгуур; өргөн нэвтрүүлгийн төрөл; таних тэмдэгний хэлбэр дүрслэл, зөвшөөрөх хэмжээ, өнгөний байдал, нягтрал байрлал, давтамжийн тоо зэргийг багтаасан байна. 

Бага болон өсвөр насны хүүхдүүд нь насанд хүрэгчдэд зориулсан болон ёс суртахууны төлөвшил, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болох агуулга бүхий кино, нэвтрүүлгийг үзэж байгаа эсэхэд санаа зовох асуудал эцэг эхчүүдэд үүсч байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдээ зохисгүй контент үзэхээс хамгаалах, насны ангилалд зохицсон кино, нэвтрүүлгийг үзүүлэх, хөндлөнгөөс хяналт тавихад телевизийн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн бүх телевиз, сувгууд насны ангиллын тодорхой ойлгомжтой таних тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, үзэгч олон нийт, эцэг эхчүүд энэ талаар нэгдсэн ойлголттой болж хэвшүүлэх үндэсний стандарттай болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаас үзэгчдийн хувьд хэдэн насныханд зориулсан кино, нэвтрүүлэг гарч байгаа нь тэмдэг, тэмдэглэгээнээс харахад ойлгомжтой байх нь тухайн нэвтрүүлгийг үзэх эсэхээ шийдэхэд хялбар болгох, цаг хугацаа хэмнэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэж захиалагч болох Харилцаа холбооны зохицуулах хорооноос үзэж байна.

  1. Автозам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрэн байгууламжид холбооны кабель шугамыг суурилуулах ерөнхий шаардлага

Энэ стандартаар холбооны кабель шугамын угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэхдээ автозам, төмөр зам болон гүүрэн байгууламжийг дайран гарахад тавигдах ерөнхий шаардлагыг тодорхой болгож, автозамын гүүр байгуулах зураг төсөв боловсруулах, мэдээлэл холбооны сүлжээний зураг төсөв боловсруулах, ашиглалт, суурилуулалт, техникийн засвар үйлчилгээ хийх аж ахуйн нэгж, иргэд мөрдөн ажиллахаар заасан болно.

Уг стандарт нь холбооны кабель шугамыг авто замаар хөндлөн суурилуулах аргууд; холбооны кабель шугамыг төмөр замаар хөндөн суурилуулах аргууд; холбооны кабель шугамыг гүүрээр суурилуулах аргууд; холбогдох суурилуулалтын аргыг гүйцэтгэх зураглалыг багтаажээ. Түүнчлэн холбооны кабель шугамын байгууламжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэхдээ автозам, төмөр зам болон авто гүүрийн байгууламжийг эзэмшигч, ашиглагч байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг албан ёсоор авч гүйцэтгэлийн ажлын зурагт тусгуулсан байх шаардлагатай талаар стандартад оруулжээ.

Уг стандартыг баталснаар автозам, төмөр зам хөндлөн гарах болон гүүрэн байгууламжид холбооны кабель шугамын суурилуулалт хийх ажлыг олон улсын стандарт, орчин үеийн технологи, зураглал  дагуу гүйцэтгэх, шалгах, хүлээн авахад чухал ач холбогдолтой алхам болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

        3. Радио холбооны антенн, фидерийн байгууламжинд ажиллах аюулгүй ажиллагааны шаардлага

Монгол Улсад радио холбооны сүлжээний технологи эрчимтэй хөгжиж хамрах хүрээгээ улам тэлж, сайжрахын зэрэгцээ хэрэглэгчийн  хэрэглээний хурд хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх  хэрэгцээ, шаардлага өнөөгийн амьдралаас урган гарч байгаа билээ. Үүнтэй уялдан үйлчилгээ үзүүлэгч оператор компаниуд үйлчилгээгээ хэрэглэгчид хүргэх үүднээс олон төрлийн радио холбооны антенн, фидерийн байгууламж бүхий цамхаг, байрны дээвэр дээр өөр өөрсдийн бааз станц/сайт ба сүлжээг байгуулан  ашиглаж байна.Энэ нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч компаниудад  Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу инженер, техникийн ажилчдын ажлын байр болон мэргэжлийн үндсэн үйл ажиллагааны онцлог ХАБЭА-ны нөхцөл, шаардлагыг тодорхой болгон өгч, тухайн шаардлага стандартыг хэвшүүлэн мөрдлөг болгож ИТА-ны болон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж ирсэн юм.

Иймээс уг стандартаар радио холбооны антенн, фидерийн байгууламж, цамхаг дээр суурилуулалт хийх, гэмтэл сааталд ажиллах, хэмжилт хийх үед эрх бүхий инженер, техникийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчим үе шат, ерөнхий болон тусгай нөхцөл шаардлагууд, техник ажиллагаа болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны тоноглол, төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага, ИТА-ны радио холбооны антенн, цамхагт ажиллах үйл ажиллагааг зөвшөөрөл авахаас эхлэн дуусах хүртэл процесс дарааллыг тодорхойлон зааж тогтоосон. Стандартыг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хөдөлмөр аюулгүй байдал, ажиллагааны MNS 5762:2007, MNS 5884:2016 зэрэг стандартын нэр томьёо, холбогдох бүлэг заалттай уялдуулсан болно. 

  1. Мэдээлэл холбооны суурин сүлжээнд шилэн кабелийн  бичил хоолойн сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

Энэ стандартыг боловсруулан баталснаар холбооны шилэн кабелийн хот хоорондын суурь сүлжээ, хотын доторх сүлжээнд шилэн кабелийн бичил хоолойн сувагчлалын  (бичил хоолойн сувагчлал нарийн шилэн кабелийн  хамт) угсралт, суурилуулалтын төрөл, бичил хоолойн сувагчлалын систем (microduct system)–ийн иж бүрдлүүд, холбогдох техникийн шаардлагыг тогтоож, бичил хоолойн сувагчлал, шилэн кабелийг суурилуулах ажлын технологийн мөрдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Манай орны  мэдээлэл холбооны суурин сүлжээнд  шилэн кабелийн суурилуулалтын үйл ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэж  байгаа нөхцөлд холбооны уламжлалт  сувагчлалаар сүлжээ байгуулах  нь  суурилуулалтын ажил нүсэр, зардал өндөр тул дэлхий нийтэд нэвтэрч ашиглагдаж байгаа бичил хоолойн сувагчлал (бичил хоолойн сувагчлал, бичил шилэн кабель -ийн хамт) суурилуулах шинэ технологийг нэвтрүүлэх  нь эдийн засгийн хувьд  үр ашигтай юм. Энэхүү  стандартыг  боловсруулахдаа ОУЦХБ-ын ITU-T.L.79 (Optical fiber cable elements for micro duct blowing-installation application- Шилэн кабелийг бичил хоолойн сувагчлалд үлээх технологиор суурилуулах), ITU-T.L.49 (Microtrench installation technique-Бичил шуудуунд бичил хоолойн сувагчлал суурилуулах аргачлал) зөвлөмжүүдийг тус тус үндэслэн  боловсруулжээ. 

  1. Мэдээлэл холбооны суурин сүлжээний сувагчлалын хоолойд уян нийлэг дэд сувагчлал суурилуулах ерөнхий шаардлага

Манай    оронд   холбооны суурин  сүлжээний  сувагчлалын хоолойн багтаамжийн ашиглалт тун хангалтгүй  нэн ялангуяа  салбар кабелийн сувагчлалд  дунджаар бага багтаамжийн 10-12  кабель суурилуулсан нь  хоолойн хөндлөн огтлолын талбайн  дүүргэлтийн  20-25 %-ийг  ашигладдаг  нь судалгаагаар тогтоогдсон байна. Сувагчлалд  дэд  сувагчлал ашиглахгүйгээр кабель суурилуулах нь ашиглалтын явцад шинээр кабель суурилуулахад кабель  гэмтээх магадлал өндөр, кабелийн бүртгэл тооцооны менежмент хийхэд бэрхшээлтэй талууд   байнга  дагалдаж байдаг. Сувагчлалын багтаамжийг дээшлүүлэхэд гадаад улсуудад уян нийлэг дэд сувагчлал ашиглах нь илүү  зохимжтой технологийг өргөн ашигладаг.

Энэ стандартаар холбооны худаг сувагчлалын /хоосон  ба кабельтай/ байгууламжид уян нийлэг дэд  сувагчлалыг суурилуулах техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлсон болно. Уян нийлэг дэд сувагчлалын техникийн ерөнхий бүтэц, иж бүрдэл, суурилуулалтын орчин, уян нийлэг дэд сувагчлалын суурилуулалтын  мөрдөх шаардлагыг багтаасан бөгөөд уян нийлэг дэд сувагчлалыг суурилуулахдаа “Холбооны кабелийн суурилуулалт. Ерөнхий шаардлага MNS 5276:2013” стандарт ба  холбооны худаг сувагчлалын байгууламжинд ажиллахад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны  дүрмийн шаардлагыг хангаж ажиллахаар заасан байна.

Стандартыг баталснаар шинээр байгуулж байгаа салбар кабелийн сувагчлалд  уян нийлэг дэд сувагчлалыг суурилуулах боломж бүрдэж, ашиглалтын давуу нөхцөл байдал бий болох, одоо ашиглалтанд байгаа сувагчлалын хоолойд  уян нийлэг дэд сувагчлал суурилуулах замаар сувагчлалын  ашиглалтын багтаамжийг  нэмэгдүүлэх, шинээр  кабель  татахад  хялбар байх  боломжтой болно. 

Хоёр. Шинэчлэн баталсан 1 үндэсний стандарт

“Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” (Radio studio.  Part 2: General requirements for equipment), MNS 5591-2:2016

Энэхүү стандартыг баталснаар нэр, томьёоны шинэ хэсгийг оруулан радиогийн тоон дууны студийн төхөөрөмжүүдийг мэргэжлийн болон ахуйн хэрэглээний (хагас мэргэжлийн) гэж ангилж, тоон дууны студийн тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт; радиогийн студи  хоорондын болон тоног төхөөрөмжүүдийн холболт; тоон студид хэрэглэгдэх тоон дууны зөөгчүүдийн үзүүлэлт; радиогийн студийн гаралт, дохио дамжуулалт; тоон студийн холбогчуудын төрөл; студийн тоног төхөөрөмжид дууны хэмжилт хийх аргачлалыг АНУ, Европын холбоо, олон улсын цахилгаан техникийн хорооны стандарт, зөвлөмжийн хүрээнд шинэчлэн тогтоож өгсөн байна. 

Дээрх стандартын төслийг боловсруулсан багийн бүрэлдэхүүнд судлаач, хуульч Л.Галбаатар; МХС ХХК-ийн хэлтсийн дарга Ц.Ганболд, инженер Ч.Золбаяр; Скайтел группийн Радио, дамжуулах сүлжээний хэлтсийн менежер, зөвлөх инженер Ф.Зоригоо; зөвлөх инженер Д.Доржсүрэн (Арбэл-Алтай  ХХК), Монкабел системс ХХК-ийн гүйцэтгэх захирал  Э.Пүрэвдорж, инженер С.Ууганбаяр нар ажиллажээ.

Шинээр батлагдсан болон шинэчлэн баталсан үндэсний стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СХЗГ-ын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын Техникийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ундраа, Авто замын стандартчиллын Техникийн хорооны нарийн бичгийн дарга Т.Энхтуул нарт тус тус талархлаа илэрхийлье.