Home / Articles / Мэдээлэл холбооны шилэн кабелийн дамжуулах сүлжээ
Мэдээлэл холбооны шилэн кабелийн дамжуулах сүлжээ
2015-12-21

Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээллийн технологийн шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг хөгжүүлэх зорилгоор харилцаа холбооны үндсэн сүлжээг хот, аймаг, сум, суурин газруудын түвшинд өндөр хурдны, өргөн зурвасын мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр одоогийн байгаа сүлжээгээ өргөтгөн шинэчлэх, түүнд түшиглэн мэдээллийн технологид тулгуурласан хэрэглээнүүдийг хөгжүүлэх тоон технологийн ялгааг хот, хөдөөд арилгах бодлогын чиглэлийг баримтлан мэдээлэл холбооны сүлжээнд зохицуулалт хийн ажиллаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтэц байгуулах, эзэмших, ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийт 332 сумдаас 285 суманд буюу 88 хувьд шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн, 47 суманд буюу нийт сумдын 12 хувьд шилэн кабелийн сүлжээ хүрээгүй байна. Сүлжээний үйлчилгээ эрхлэгчид Монгол Улсын хэмжээнд нийт 32099 км шилэн кабелийг байгуулан мэдээлэл холбооны үйлчилгээг дамжуулан хүргэж байна.

Монгол Улсын шилэн кабелийн сүлжээ нэвтрэлтийн байдал

Монгол Улсын шилэн кабелийн дамжуулах сүлжээний төгсгөлд нийт 461 мэдээлэл дамжуулах үүрэгтэй төгсгөлийн тоног төхөөрөмж суурилагдсан байна.

Эдгээр тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчүүдийн мэдээллийг дараах хүснэгтээр харуулж байна.

Хүснэгт 1. Шилэн кабелийн дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн үзүүлэлт

Үйлдвэрлэгч Нийт тоног төхөөрөмж
ZTE 376
SIEMENS 14
STARMUX 5
HUAWEI 24
ARMITEL 5
ALCATEL 17
ERICSSON 11
CISCO 9
Нийт төхөөрөмж 461
 

Нийт төхөөрөмжийн 82 хувийг ZTE, 5 хувийг HUAWEI, 4 хувийг ALCATEL, 3 хувийг SIEMENS, 2 хувийг CISCO, 2 хувийг ERICSSON, 2 хувийг STARMUX, ARMITEL компанийн бүтээгдэхүүнүүд тус тус эзэлж байна.

Ашиглагдаж буй тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч

Монгол Улсын хэмжээнд дамжуулах сүлжээний нийт багтаамж нь 4.3 Тбит/сек байгаа ба үүнээс 2 Тбит/сек буюу 46.4 хувь нь ашиглалттай байна.

Монгол Улсын 21 аймгийн дамжуулах сүлжээний ашиглалтын хувийг доорх хүснэгтэнд задлан харуулж байна. Аймаг бүрийн дамжуулах сүлжээний ашиглалтыг гаргахдаа сум бүрийн нийлбэрийг нэгтгэн гаргасан.

Хүснэгт 2. Аймаг бүрийн төхөөрөмжийн багтаамжийн ашиглалт (үйлчилгээ эрхлэгчдийн нийлбэр)

Аймаг Ашиглалтын хувь
Архангай 23.5
Баян-Өлгий 14.4
Баянхонгор 60.8
Булган 48
Говь-Алтай 45
Говьсүмбэр 44
Дархан-Уул 37.3
Дорноговь 48.8
Дорнод 39.8
Дундговь 2.5
Завхан 36.6
Орхон 67
Өвөрхангай 66.6
Өмнөговь 77
Сүхбаатар 52.4
Сэлэнгэ 56.8
Төв 35.7
Увс 54.2
Ховд 73.2
Хөвсгөл 51.3
Хэнтий 60.2

Монгол Улсын хэмжээнд 50 хувиас дээш ашиглалттай байгаа Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгууд байна.