Home / Articles / Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган
2015-11-10
Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган

Програм хангамжийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшил үүсэн бий болсноос хойш даруй 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс үндэсний үйлдвэрлэгчид тодорхой хэмжээнд хөгжиж ирсэн.

Гэвч энэхүү хөгжлийн хажуугаар дутагдалтай талууд бий болсон. Үүний нэгэн жишээ нь

програм хангамжийн үндэсний үйлдвэрлэгчид дотоодын эдийн засгаас шууд хамааралтай

болсон. Зөвхөн дотоодын зах зээлд тулгуурласан үйлдвэрлэгчид, зах зээлийн хэлбэлзлээс

шалтгаалан үйл ажиллагаагаа хумих, чадварлаг программистууд өндөр хөгжилтэй орон руу ажиллахаар зорих зэрэг үзэгдэл ихээр ажиглагдах боллоо. Энэ нь програм хангамжийн үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг хязгаарлаад зогсохгүй, цаашдын боломжит нөхцөл байдлуудад хүндрэл учруулж буй. Энэхүү нөхцөл байдлаас гарч, цаашдын програм хангамжийн үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг урагшлуулах нэн шаардлага тулгарч байна. Бидэнд өнөөгийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан дэлхийд танигдсан програм хангамж үйлдвэрлэх бүрэн боломж байгаа. Энэ нь зөвхөн дотоодын зах зээлд тулгуурлах бус харин олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай танилцуулснаар эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж, оюуны бүтээлээр бий болсон экспортыг нэмэгдүүлж, улмаар валютын ихээхэн хэмжээний урсгалыг бий болгох боломжтой. Өнөөдөр олон Монгол залуус дэлхийд тэргүүний компаниудад ажиллаж, баялаг бүтээж байгааг бид мэднэ. Тэд бидэнд дэлхийд танигдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж байгааг илт нотлон харуулж байна. Энэхүү салбарын хөгжилд төр засгийн дэмжлэг, програм хангамжийн компаниудын нэгдсэн ойлголт, стартап бизнесийг дэлхийн зах зээлд гаргах туршлага, хөгжлийн бодлого дутагдаж байна. Олон улсын туршлага дээр тулгуурлан бид асуудлуудыг нээлттэй хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх нь нэн шаардлагатай.

Энэхүү үүднээс Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр  “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д  Дэлхийд танигдъя уриатайгаар Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар /МТШХХГ/ болон Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/,  Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/ нар хамтран зохион байгуулж байна.

Чуулганы эрхэм зорилго нь. Дэлхийд танигдсан стартап бизнесийг Монголдоо бий болгож хөгжүүлэх, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа стартап компаниудтай туршлага солилцох, АНУ-ын силикон валлейд ажилладаг мэргэжлийн экспертүүдээс онлайн зөвлөгөө авах, төр засгийн бодлого, дэмжлэгийг энэ салбар луу чиглүүлэхэд оршино.

Тус чуулган нь салбар хуралдаан, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 2 чиглэлээр зохион байгуулагдана.

Энэ жилийн чуулганаар програм хангамж үйлдвэрлэлийн салбарт хууль, эрх зүйн орчин, оюуны өмчийн үнэлгээг боловсронгуй болгох, стартап гэж юу болох, Монголын стартап бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, давуу болон сул талууд, стартап бизнесийн олон улсын туршлага, стартап бизнесийг дэмжих боломж,  зах зээл дэх програм хангамжийн өнөөгийн эрэлт хэрэгцээ болон мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, гадаадад нэвтрүүлэхэд дотоодын стартап байгуулж, хөрөнгө оруулалт татах,  оролцуулах, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэхэд бодлогын  дэмжлэг үзүүлэх шийдлүүдийг тодорхойлж, зөвлөмж гарган чуулганы төгсгөлд танилцуулах юм.  

Хамрах хүрээ:  Чуулганд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллага, үндэсний програм хангамжийн компаниуд, стартап компаниуд болон их дээд, мэргэжлийн сургуулиудын эрдэмтэн, багш, судлаачид, хүндэт зочид, бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгч, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцоно. 

Ерөнхий зохион байгуулагч: МОСА-Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 

Хамтран зохион байгуулагч: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel ХХК

Ивээн тэтгэгч: “Verytech ХХК, “Monott ХХК

Дэмжигч байгууллага: Towersoft ХХК,  Rock master ХХК, Alchemist Technologist ХХК, Mongolian Silicon Valley ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНРТ, Eagle, UBS, Монгол HD, ETV, TV5, TV9, MN25, 4К, С1, NTV, Монголын телевизүүдийн холбоо, Бизнес радио 98.9