Home / Articles / “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт”...
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа
2015-06-22
“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологид шилжих хуваарийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас батлаад байгаа билээ.

Иймд тоон технологийн шилжилттэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутгийн телевиз, радио, ОСДҮЭ (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч) (ММDS) үйлчилгээ эрхлэгчдийн  удирдах ажилтнуудад зориулан “Тоон технологийн шилжилт,  өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинарыг 2015 оны 4 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд уг семинарын үеэр орон нутгийн телевизийн холбоо болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн саналыг харгалзан тус хорооноос хийхээр төлөвлөгдсөн зүүн бүсийн семинарыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

2015 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг унтраах ажил эхэлж, өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай уялдан бодлого, зохицуулалтын хүрээнд төдийгүй үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Тэр ч утгаараа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр аймагт радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан 2 өдрийн сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус семинарт орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид идэвхтэй оролцож нийт 6 аймгийн 40 гаруй төлөөлөл оролцсон .

Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх, түүний зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд хийгдэж байгаагийн нэг нь радио долгионы хуваарилалттай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах, тоон технологийн шилжилттэй уялдсан зохицуулалтын баримт бичиг боловсруулж гаргах, тэдгээрийг холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигчиддээ мэдээлэн таниулах, ойлгуулах, тэдний санал шүүмжлэлийг сонсох зорилгоор сургалт, семинарыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү 2 өдрийн семинараар өргөн хүрээтэй олон асуудлыг хамарсан илтгэл, танилцуулга тавьж, асуудал тус бүрээр хэлэлцсэн ба оролцогчдоос өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын чиглэлээр санал зөвлөмж хүргүүлсэн үр дүнтэй, ажил хэрэгч семинар болсон гэж зохион байгуулагчдын хувьд үзлээ.

Семинарт илтгэл тавьж оролцсон газрууд:

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын холбогдох албаны мэргэжилтэн, ШУТИС, МХТС-ийн багш Б.Пүрэвцэрэн, КаТВ-үүдийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд захирал Ж.Нямлхагва, Орон нутгийн телевизүүдийн холбооноос оролцож холбогдох сэдвээр илтгэл тавилаа.

Семинараар хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэвэл:

  1. Тоон технологийн шилжилттэй холбоотой бодлого, зохицуулалтын асуудлууд тухайлбал тоон технологийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Зохицуулах хорооноос тоон телевизийн радио, давтамжийн зохицуулалт, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын асуудлуудаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд хийж, өргөн хүрээтэй танилцуулга тавьж, асуулт хариулт өрнүүллээ.
  2. Тоон технологийн орчинд тоон телевизийн студи, тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага, тоног төхөөрөмжийн шийдлийн талаар ШУТИС, МХТС-ийн багш Б.Пүрэвцэрэн сонирхолтой илтгэл тавьж оролцогчид Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчийн телевизийн студитэй танилцаж, заавар зөвлөмж авлаа.
  3. Зохицуулах хорооны дотоод үйл ажиллагааны зохион байгуулалтын өөрчлөлт, тусгай зөвшөөрөл олголт, сунгалтанд анхаарах асуудлууд
  4. Телевизийн өргөн нэвтрүүлгийн бүх үйлчилгээ эрхлэгчдээс хүлээн авсан статистик тайлан мэдээнд үндэслэн гаргасан судалгаа, Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлийн багтаамж, статистик тайлан (ХХЗХ)
  5. Зохицуулах хорооноос Ази Номхон Далайн бүсийн Өргөн нэвтрүүлгийн байгууллагаас өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүй, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ авсны дагуу боловсруулж гаргасан Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийн талаар танилцуулж, санал бодлыг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өглөө.
  6. Түүнчлэн  шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” болон 2015 оны 6-р сарын 12-ны өдрийн Зохицуулах хорооны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага” “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын талаар тус тус танилцууллаа.
  7. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 05-р сарын 28-ны өдрийн А/142 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг болон зарим сумдад үйл ажиллгаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн (телевиз, радио, ОСДҮЭ (ММDS) тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжилт хийх, өргөн нэвтрүүлгийн телевизийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлт, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 06–р сарын 15-ны хооронд хяналт шалгалт хийсний дагуу шалгалтын багаас радио давтамж ашиглалтын байдал, техник стандарт, хөтөлбөрт тавигдах шаардлага хангах талаар анхаарах асуудал, зөвлөмжүүдийг танилцууллаа.
  8. Орон нутгийн телевиз, радиогийн холбооноос орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт, тоон технологийн шилжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Түүнчлэн семинарын төгсгөлд Орон нутгийн телевиз, радиогийн холбоо өөрийн үйл ажиллагааг танилцуулж, орон нутгийн телевиз, радио, ОСДҮ эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар болон орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг сумдад хүргэх асуудлын талаар хэлэлцэж, ярилцав.

Семинарын үр дүнд дээрх асуудлуудаар өргөн хүрээтэй мэдээлэл авсан бөгөөд ялангуяа орон нутгийн телевизүүд өөрийн бүтээл үйлдвэрлэлдээ анхаарч,  орон нутгийн мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг байх, хөтөлбөртөө анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа талаар нэгсэн ойлголт мэдээллийг авлаа. Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд хамрах хүрээгээ Монгол улсын нутаг дэвсгэрт болгон өргөжүүлэхэд ямар шаардлага хангах, тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулж орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилчилгээ эрхлэхэд тавигдах үндсэн шаардлагын талаар мэдээлэл авч, нэгдсэн ойлголттой боллоо.