Home / Articles / Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт,...
Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа
2015-05-19

Судалгааг боловсруулсан: А.Лувсан-Очир (ЗЗҮТА-ны дарга)

Н.Цэнд-Аюуш (ЗЗҮТА-ны мэргэжилтэн)

Судалгааны зорилго

Энэхүү судалгааг Харилцаа холбооны  зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах гэж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд уг үйлчилгээний зах зээлийн багтаамж болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаарх тойм мэдээллээр хангах, Улаанбаатар болон орон нутагт тухайн зах зээлд хичнээн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж байгаа талаар болон телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ажиллуулж эрхэлснээр цаашид хэрхэн ашигтай ажиллаж чадах эсэхэд дүн шинжилгээ хийхэд оршино.

Өнөөгийн байдал

Улаанбаатар хотын телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээл:

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 98 аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн байгаагаас 17 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.

Эдгээр телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Телевизийн өргөн нэвтрүүлгийн  үйлчилгээ эрхлэх Б ангилал”-ын болон “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-үүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан телевиз, радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын дагуу 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50-аас доошгүй хувьд нь Монгол Улсад бүтээгдсэн агуулга (контент) бэлтгэх нөхцөл шаардлага тавигддаг байна. Хэдийгээр 50 хүртэл хувьд Монгол агуулга (контент) бэлтгэж байгаа боловч дийлэнх агуулга нь арилжаа, худалдаа, зар сурталчилгаа, улс төрийн шинж чанартай нэвтрүүлгүүд байгаа ч телевизүүдийн үндсэн үүрэг, зорилго болох соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чиглэлээр нэвтрүүлгүүд түлхүү бэлтгэхээр зорин ажилладаг.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд дунджаар 2 буюу түүнээс дээш студитэй, студиуд нь 100 хувь тоон технологид шилжсэн байна.

Орон даяар нэвтрүүлгээ дахин дамжуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээл:

Монгол Улсын хувьд телевизийн өргөн нэвтрүүлгийг улс орон даяар 1991 оноос эхлэн 1 телевизийн хөтөлбөрийг (МҮОНТ), 2004 оноос 4 телевизийн хөтөлбөрийг,  2006 оноос 6 телевизийн хөтөлбөрийг  аймаг, сумдын төвүүдэд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын сүлжээгээр дахин дамжуулан хүргэж байна. Үүнд:

  1. МҮОНРТ
  2. Боловсрол суваг телевиз
  3. UBS
  4. ETV
  5. 25-р суваг ТВ
  6. ТВ9

РТС УТҮГ нь дээрх телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрүүдийг телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болох ДДэш ТВ ХХК-ийн хиймэл дагуулын сүлжээгээр хүлээн авч дахин дамжуулж байна.

Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээл:

Аймаг сумдын төвийн иргэд РТС УТҮГ-ын дахин дамжуулалтын тусламжтайгаар Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 6 сувгийн хөтөлбөрүүдийг хүлээн авч үзэхээс гадна тухайн орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийг хүлээн авч үздэг. Хөдөө орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нийт 81 үйлчилгээ эрхлэгч байна.

Эдгээр үйлчилгээ эрхлэгчид нь орон нутгийн шинж чанартай өөрсдийн бүтээсэн үндэсний бүтээл, нэвтрүүлгүүдийг бэлтгэхээс гадна мэдээ, мэдээлэл, уран сайхны болон захиалгат нэвтрүүлгүүдийг бэлтгэж бүтээхээс гадна соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн талын нэвтрүүлгүүдийг бэлтгэж, үзэгчиддээ хүргэхээр зорьж ажилладаг.

Орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлийн хэмжээ, багтаамж бага, олон тооны телевизийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулж  байгаа нь үйлчилгээ эрхлэгчдийг төлөвших, зах зээлд байр сууриа олох, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, чанартай нэтрүүлгүүдийг бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх түүнийг нөхөхөд хүндрэлтэй байдаг.

Түүнчлэн хөдөө орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аваад 2-3 жил болсон ч үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн сонгуулийн үеэр ажилладаг зэрэг дутагдал, зөрчлүүд илэрдэг.  Ийм байдал нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгчдийн орлого, үр ашгийг бууруулж, тэдгээрийн төлөвших үйл явцад сөргөөр нөлөөлж байна.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын байдал

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотод болон 21 аймагт үйл ажиллаагаа явуулдаг нийт 98 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдав.

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 17.35 хувийг студи байгуулахад, 4.69 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 3.04 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 24.92 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 50.00 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна. Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтын 18.95 хувийг студи байгуулахад, 12.73 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 3.17 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 49.71 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 15.44 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг аналоги системээс тоон технологид шилжүүлэх ажлын явцад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчид маань  2014 оны эхний хагас жилийн байдлаар 12.9 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Улаанбаатар хотод 1 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дунджаар анхны хөрөнгө оруулалтыг 2 тэрбум төгрөгөөр,  хамгийн ихдээ 9 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалт хийсэн байна. (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд байгуулагдсан, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу). Үйлчилгээ эрхлэгчид нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхдээ студийн тоног төхөөрөмжийг үндэсний болон олон улсын стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдаж авах, суурилуулалт хийх, тоноглох, өөрийн барилга байгууламж барих зэрэгт хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хийж байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

 

Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сүүлийн 2 жилийн орлогын бүтэц, төрлөөс дүгнэхэд нийт орлогын 60-аас дээш хувийг зар сурталчилгааны орлогоос, 26-29 орчим  хувийг захиалгат, ивээн тэтгэсэн нэвтрүүлгийн орлогоос, 3-4 хувийг өөрийн бүтээл борлуулалтаас олсон орлогоос, 3-5 хувийг бусад гэж тодорхойлогдсон үйлчилгээний орлогоос тус тус  бүрдүүлж байна.  Хэдийгээр Монголд бүтээгдсэн нэвтрүүлгийн хувь өндөр байгаа ч орлогын ихэнх хувийг арилжаа, худалдаа, зар суртачилгаа, улс төрийн шинж чанартай захиалгат нэвтрүүлгүүд эзэлж байна.

Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

 

Орон нутагт телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 21.91 хувийг студи байгуулахад, 19.94 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 10.56 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 33.36 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 14.23 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна.

Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтын 29.10 хувийг студи байгуулахад, 11.72 хувийг дамжуулах, нэвтрүүлэх станц байгуулахад, 3.90 хувийг антенн, фидерийн байгууламжийг байгуулахад, 32.11 хувийг нэвтрүүлэг бэлтгэх техник, тоног төхөөрөмж худалдаж авахад, 23.17 хувийг барилга байгууламж болон бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна.

Орон нутагт 1 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч дунджаар анхны хөрөнгө оруулалтыг 40 орчим сая төгрөгөөр,  хамгийн ихдээ 230 сая төгрөгөөр  хөрөнгө оруулалт хийсэн байна. (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд хийсэн, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу).

Орон нутагт үйл ажиллагаагаа эхлүүлсэн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

 

Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сүүлийн 2 жилийн орлогын бүтэц, төрлөөс дүгнэхэд нийт орлогын 55-73 хувийг зар сурталчилгааны орлогоос, 11-34 орчим  хувийг захиалгат, ивээн тэтгэсэн нэвтрүүлгийн орлогоос, 6-10 хувийг өөрийн бүтээл борлуулалтаас олсон орлогоос, 3-5 хувийг бусад гэж тодорхойлогдсон үйлчилгээний орлогоос тус тус  бүрдэж байна. 

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татварын хэмжээ  (мянган төгрөгөөр)

Төрөл

2012 он

2013 он

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

6,721,440.0

5,798,903.9

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид

353,760.0

312,879.0

Нийт төлсөн татварын хэмжээ

7,075,200.0

6,111,782.9

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид улсын төсөвт  2012 онд 7.0 тэрбум төгрөг төлсөн бол 2013 онд 6.1 тэрбум төгрөг төлсөн байна. Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын 4-6 хувийг эзэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй телевизийн үйлчилгээ эрхлэгчид 5.8-6.7 тэрбум төгрөг, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид ойролцоогоор 310-350 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хүний нөөцийн талаарх мэдээлэл (дунджаар)

Төрөл

2012 он

2013 он

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч

95

92

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч

8

6

Телевизийн өргөн нэвтрүүлгийн салбарт ойролцоогоор 1800 орчим ажилтан албан хаагчид ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотын телевизүүдэд дунджаар 92-95 орчим, хөдөө орон нутагт нэг телевизэд дунджаар 6-8 инженер техникийн ажилтан, сэтгүүлчид, радио холбоо, цахилгаан холбооны инженер зэрэг жинхэнэ болон цөөн тооны гэрээт албан хаагчид ажиллаж байна гэсэн судалгааг ирүүлээд байна.