Home / Articles / Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг...
Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо
2022-10-19

Тус хороо нь “Шуудангийн тухай” хуулийн 9.1.6-д заасны дагуу шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийн хүрээнд 2022 оны хоёрдугаар улиралд “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлал”-ын дагуу Монгол Улсын алслагдсан 50 сум-Улаанбаатар хотын хооронд ердийн зэрэглэлийн илгээмжийн хүргэх хугацаанд хяналт хийж ажилалаа.

Мөн гуравдугаар улиралд АНУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, БНТУ, Швед улс зэрэг 6 улсыг сонгон авч Улаанбаатар хотоос дээрх улсын хооронд улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаанд хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ажлын үр дүнд:

-       Америкийн Нэгдсэн Улс-Монгол Улс чиглэлд 10 хоног

-       Бүгд Найрамдах Солонгос Улс-Монгол Улс чиглэлд 6 хоног

-       Холбооны Бүгд Найрамдах Герман Улс-Монгол Улс чиглэлд 8 хоног

-       Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол Улс чиглэлд 9 хоног

-       Бүгд Найрамдах Турк Улс-Монгол Улс чиглэлд 7 хоног

-       Швед Улс-Монгол Улс чиглэлд 10 хоногийн хугацаанд илгээмжүүд хүргэгдсэн байна.

Дундаж хугацаа буюу улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх хугацаа 8 хоног байна. Гарсан үр дүнд үндэслэн цаашид үйлчилгээ эрхлэгчид ХХМТГ-ын даргын 2020 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-ийн 3.5-т заасны дагуу “Шуудангаар үйлчлэгч өөрийн сүлжээний дамжуулах чадвар, үйлчилгээний хамрах хүрээнээс хамааруулан шуудангийн илгээмж хүргэх хугацааг Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасан хугацаанаас бага хугацаагаар тогтоож болно” заалтыг мөрдөн ажиллах боломжтой байна.

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэхдээ дараах асуудлуудыг анхааран ажиллах хэрэгтэй байна. Үүнд:

1.    Шуудангийн илгээмжийн баглаа, боодлын стандартыг баримтлах (Шаардлага хангаагүй баглаа, боодлоос үүдэн шуудангийн илгээмж гэмтэх магадлалтай);

2.    Улс хоорондын шуудангийн илгээмж илгээж байгаа үйлчлүүлэгчдэд хүлээн авагч улс орны хаягийн бичвэрийн талаар зөвлөгөө өгөх (Алдаатай хаягын бичвэрээс болж илгээмж алга болох, буцаагдах);

3.    Илгээмж хүргэлтийн хугацаа, нөхцөл байдлын мэдээллийг үнэн зөв өгөх (Илгээмжийн байршил, төлөв);

4.    Шуудангийн үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлах (Гадаад валютын ханшын зөрүү) зэрэг байна.

 

Шуудангийн Зохицуулалтын Газар