Тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, радио давтамжийн хууль бус хэрэглээ сэдвээр сургалт зохион байгуулагдлаа
2024 оны 01 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд радио холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, радио давтамжийн хууль бус хэрэглээ сэдвээр сургалт зохион байгуулагдлаа. Тус 2 өдрийн сургалтад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0101, Хилийн цэргийн 0243-р ангийн алба хаагчид хамрагдлаа. Сургалтаар РДӨНХТ-ийн хөдөлгөөнт хяналтын ахлах инженер Б.Баттулга “Радио давтамжийн харилцан нөлөөлөл ба хууль бус хэрэглээ” сэдвээр, РДӨНХТ-ийн суурин хяналтын ахлах инженер М.Болдбат “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, сэдвийн хүрээнд оролцогч талуудтай санал солилцон, холбогдох мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.
Сургалтын үеэр иргэн, аж ахуй нэгж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглосон радио холбооны сүлжээ сарниулах төхөөрөмжийг бодитоор үзүүлэн танилцуулж хилээр нэвтрэх үед хэрхэн таних, түүний хор нөлөөний талаар танилцуулга хийв. Мөн тоног төхөөрөмжийн тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт болох барааг тодорхойлох, кодлох уялдуулах систем “БТКУС” 8517, 8525, 8526, 8527, 8528 бүлгийн тоног төхөөрөмжүүдийг дэлгэрэнгүй танилцуулав.
Сургалтын хүрээнд ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглосон болон заавал баталгаажуулалтад хамрагдах бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрэх үед хэрхэн таних талаар хамтарсан туршилтыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын байцаагч нартай хамтран хийж гүйцэтгэв. Энэ нь зах зээлд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хууль бус радио төхөөрөмжүүд нийлүүлэгдэх, радио давтамжийн харилцан нөлөөллөөс сэргийлэх ач холбогдолтой юм.