Home / Articles / ТЕЛЕВИЗҮҮДИЙН ИНЖЕНЕР, ЭВЛҮҮЛЭГЧ, ДУУНЫ БОЛОН ЭФИРИЙН НАЙРУУЛАГЧ...
ТЕЛЕВИЗҮҮДИЙН ИНЖЕНЕР, ЭВЛҮҮЛЭГЧ, ДУУНЫ БОЛОН ЭФИРИЙН НАЙРУУЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2023-12-07

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн нэвтрүүлгийн дууны гаралтын түвшин харилцан адилгүй байгаа асуудлыг жигдлэх, нэвтрүүлгийн дууны дохионы түвшиний тохируулга, техникийн стандарт шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос батлан гаргасан EBU R 128 (Loudness normalisation and permitted maximum level of audio signals) зөвлөмжийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийн эвлүүлгийн найруулагч, дууны болон эфирийн найруулагч, инженерүүдээс бүрдсэн 60 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

 

   Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт тус хорооноос цаашид телевизийн нэвтрүүлгийн дууны дохионы түвшиний тохируулга, техникийн стандарт шаардлагыг хэрхэн хангаж ажиллах талаарх зөвлөмж, зааварчилгааг өгч, дууны сонсогдолтын хүчийг төвшитгөх заавар бүхий норматив баримт бичгийн төслийг оролцогчдод танилцууллаа.   

   Телевизүүдийн зүгээс “Дууны дохионы зөвшөөрөгдөх хамгийн их түвшин ба сонсогдолтын хүчийг төвшитгөх” норматив баримт бичгийн төсөлд ирүүлсэн саналыг тус Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хүлээн авч баримт бичигт тусган илүү боловсронгуй болгоход хамтран ажиллах юм.

Сургалтанд “Дууны түвшиний тохируулга, техникийн стандарт шаардлага хангаж ажиллах” талаар Монгол улсын зөвлөх инженер Н.Болорхүү, “Дууны түвшиний хэмжилтийн мэдээ тайлан” сэдвээр ДДэшТВ ХХК-ийн чанар хяналтын менежер Б.Болортуяа нар илтгэгчээр оролцов.