Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хамтран Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлгийг 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар, СБДүүргийн мэргэжлийн хяналтын газар, СБДүүргийн Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд болон тус хорооны мэргэжилтэн, албан хаагчид оролцож “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын тайлбар, ажлын байранд тавигдах стандарт, шаардлага, цахим тоглоомын хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, галын аюулгүй байдал, цахим тоглоомын газруудад үйлдэгдсэн гэмт хэрэг, эдгээрээс хэрхэн сэргийлэх болон цахим тоглоомын насны ангиллын талаар илтгэл тавьж холбогдох асуудлаар үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг сонсон, хариулт өглөө.
Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах стандарт шаардлагыг өндөр түвшинд тавьж, хангуулах тал дээр илүү анхаарч ажиллавал үйлчилгээний чанар, орчин сайжирч үүнийхээ хэрээр энэ төрлийн бизнесийн нэр хүнд, орлого өсөх боломжтой талаар ярьж байсантай бусад үйлчилгээ эрхлэгчид болон сургалтанд оролцсон мэргэжлийн байгууллагууд санал нэгтэй байлаа.
Түүнчлэн өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн сургалт, хэлэлцүүлгийн үеэр яригдсан журмаар орон сууцны 1-р давхарт үйлчилгээ эрхлэхийг хориглосон нь учир дутагдалтай, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа, зарим цахим тоглоомын газрууд нь холбогдох хууль, журмыг илэрхий зөрчиж байгаа зэрэг асуудлууд мөн адил яригдаж байв. Харилцаа холбооны зохицуулах хороо нь үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн сургалт, семинараас гарсан санал, хүсэлтийг нэгтгэн Хууль зүйн яаманд хүргүүлээд байгаа тухай үйлчилгээ эрхлэгчдэд мэдээллээ.
Сургалтын төгсгөлд үйлчилгээ эрхлэгчдээс авсан санал асуулгаас харахад энэхүү сургалт, семинар нь хэрэгтэй мэдээлэл өгч чадсан, үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэсэн байна.