Home / Articles / Улаанбаатар хотод харилцааны богино долгионы радио станц...
Улаанбаатар хотод харилцааны богино долгионы радио станц ашиглалтын байдалд хийсэн хэмжилт шалгалтын тайлан
2014-12-10
Улаанбаатар хотод харилцааны богино долгионы радио станц ашиглалтын байдалд хийсэн хэмжилт шалгалтын тайлан Улаанбаатар хотод  харилцааны богино долгионы радио станц ашиглалтын байдалд хийсэн хэмжилт шалгалтын тайлан

Шалгалтын зорилго:                               

Хорооны даргын  2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/155 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хотод  барилга угсралт,  худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд тэдгээрийн харуул хамгаалалтын албанд ашигладаг радио төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах

Шалгалт гүйцэтгэх хугацаа, албан тушаалтан:          

Хэмжилт шалгалтыг 2014 оны 9 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэв. Шалгалтыг ХХЗХ-ны РДЗХА-ны хяналтын инженерүүд ажлын 2 хэсэгт хуваагдан хийж гүйцэтгэв.

Ажлын 1-р хэсгийн гишүүд:

Н.Амарзаяа /Радио долгион хяналтын станцын инженер, ХХХУлсын байцаагч/

Б.Үүрцайх /Радио долгион хяналтын станцын инженер/

Л.Одсүрэн /Радио долгион хяналтын станцын инженер/

Б.Баттулга /Радио долгион хяналтын станцын инженер/

С.Буянжаргал /Радио долгион хяналтын станцын жолооч/

Ажлын 2-р хэсгийн гишүүд:

Ц.Батхүү /Радио долгион хяналтын станцын инженер/

Ц.Өсөхбаяр /Радио долгион хяналтын станцын инженер/

П.Ганболд  /Радио долгион хяналтын станцын жолооч/

Шалгалтын хамрах хүрээ:

Улаанбаатар хотын хэмжээнд барилга угсралт болон худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд тэдгээрийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгчид хамрагдав. 

Шалгалтын явцад дараах арга хэмжээг авч ажиллаа. Үүнд:

  1. Радио давтамжийн зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан бусдын үйл ажиллагаанд саад учруулж радио давтамжийн харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн харилцааны радио станцуудыг илрүүлж холбогдох арга хэмжээг авах.
  2. Радио давтамж ашиглах зөвшөөрөлгүй (Эрхийн бичиггүй) харилцааны радио станц ашиглан үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй, нэгж байгууллагын хууль бус радио давтамж ашиглах үйл ажиллагааг зогсоон хуулийн дагуу арга хэмжээ авсан.
  3. Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл (Эрхийн бичиг) авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Хэмжилт шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар санал:

Нийт 205 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас барилга угсралтын 84, харуул хамгаалалтын 47 , худалдаа үйлчилгээний 73 нэгж байгууллага тус тус хамрагдав. Үүнд:

  • Радио давтамж ашиглах зөвшөөрөлтэй          - 49
  • Радио давтамж ашиглах зөвшөөрөлгүй          - 102
  • Харилцааны радио станц ашигладаггүй        - 54

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүд нь доорх давтамжийн зурваст ажиллаж, харилцан нөлөөлөл үзүүлж байлаа. Үүнд:

  1. Тусгай хэрэглээний зурваст:                            -           22
  2. Нийтийн хэрэглээний зурваст:                         -           69
  3. Радио сонирхогчдын давтамжийн зурваст          -           15
  4. Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны зурваст:  -           7
  5. Суллаж буй зурваст /450-470MГц/                    -           38   

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргав.

Уг хэмжилт, шалгалтын явцад Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг зөрчсөн тохиолдлууд ихэвчлэн гарч байлаа.

Иймээс радио долгионы тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад авах арга хэмжээний талаар дараах саналуудыг оруулж байна. Үүнд:

  1. Хууль тогтоомжийг таниулах арга хэмжээг төлөвлөгөөт ажил үүргийн хүрээнд тогтмол авч байх;
    1. Станцын нөхцөл шаардлагыг хангуулахад радио станцын стандартыг баталж, мөрдүүлэх;
    2. Хууль бусаар радио төхөөрөмжийг худалдан борлуулахад хязгаарлалт тавих, зохицуулалт хийх;
    3. Хил, гаалийн байгууллагатай хамтарч ажиллах -  Монгол улсад зөвшөөрөгдөх стандарт, техник тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах, батлуулах ;
    4. Баталгаажуулалт хийх нөхцөл шаардлагыг хангах;
    5. Тоон богино долгионы радио станцийг нэвтрүүлэх