Home / Articles / Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
2014-10-25

10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ. 10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна. Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгалаа. Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна. Ийм учраас иргэд та бүхэнд очих аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.zasag.mn