Home / Articles / Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн...
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулав (Үлэмж Мандала ХХК-д тохирлын гэрчилгээ олгов)
2014-10-13

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Үлэмж Мандала” ХХК-иас ирүүлсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2014 оны 122 дугаар тушаалаар батлагдсан “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам” болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандартын дагуу сорилт туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэлээ. 

Баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр “Үлэмж Мандала” ХХК -ийн DVB-3012 загварын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box) нь Монгол Улсын Засгийн газрын “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ашиглах боломжтой, MNS 6401:2013 стандарт шаардлагыг бүрэн хангасан тул тус хорооны дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн 2014 оны 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай № 004-2014 тоот тохирлын гэрчилгээ олгов.  

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийн борлуулалт болон ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Үлэмж Мандала” ХХК-тай 89185656 тоот утсаар холбогдож авах боломжтой юм.