2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, Чингисийн талбайд телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих нээлттэй өдөрлөгийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ болон харилцаа холбооны салбарын байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Нээлтийн тууз хайчилсны дараа МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тоон технологи нэвтэрсэн аймгуудын төлөөлөл болгож Дорнод, Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай лед дэлгэц ашиглан холбогдож, тоон телевизийн холболтын талаар санал солилцож, талархлыг хүлээн авлаа. Ийнхүү Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих ажил амжилттай үргэлжилж байна. 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд тоон системд бүрэн шилжсэнээр Монгол улс аналоги системийг зогсоож дэлхийтэй хөл нийлэн алхаж, айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломжтой болох юм. Мөн машин, гар утас гэх мэтчилэн хөдөлгөөнт үед DVB-T2 стандарттай хүлээн авагчаар үзэх боломжтой болох юм. Өдөрлөгийн үеэр Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын нарийн бичгийн орлогч дарга Хаулин Зао Монгол Улс тоон телевизэд шилжиж байгаатай холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэн байна.
Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх зөвлөмж (GE-06) гаргасан бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Австрали, Япон, БНСУ, Тайвань, Малайз, Шинэ зеланд, Филиппин, БНХАУ-ын Хонконг зэрэг улс 2013 он гэхэд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан билээ.
Манай улсын Засгийн газар 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхээр заасан. Мөн дэлхий дээр тоон телевизийн үндсэн 4 стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-T2-ийг телевизийн өргөн нэвтрүүлгийн газрын дамжуулах сүлжээндээ сонгон авч ашиглахаар шийдвэрлэсэн.
Тоон өргөн нэвтрүүлэгт шилжихээр манай орон төдийгүй дэлхийн улс орнууд томоохон ажлууд өрнүүлж, өнөөгийн байдлаар дэлхийн 50-иад орон аналоги системийн радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн байна.
Телевизийн өргөн нэвтрүүлэг нь улс орны нийгэм, эдийн засгийн олон зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд тоон технологид шилжсэнээр айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломж бүрдэхээс гадна телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой.
Шинэчлэлийн Засгийн газар нь үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт иргэнд хандсан олон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь үзэгч төвтэй өргөн нэвтрүүлэгийн бодлогын шинэчлэлийн асуудал билээ. Үүний хүрээнд Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагийн зэрэгцээ телевизийн өргөн нэвтүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулан асаахад бэлэн болоод байна. Цаашид энэ оны 8 сард багтаан 117 сум, сууринд тоон станцыг суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байна.
Эх сурвалж: www.ict.mn