Home / Articles / Өндөр хурдны сүлжээнд холбогдсон сумдын иргэдтэй онлайнаар...
Өндөр хурдны сүлжээнд холбогдсон сумдын иргэдтэй онлайнаар ярилцлаа
2014-06-24
“Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байна. Үүний үр дүнд Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернэт болон бусад төр хувийн хэвшлийн цахим үйлчилгээг авах боломжтой болж байгаа билээ. 
 
Эдгээр шилэн кабелийн сүлжээнд холбогдсон 150 сумаас 129 сум нь нэгдсэн хяналтын системд орж, үйлчилгээ явуулахад бэлэн болсон ба үлдсэн 21 сумыг  8 дугаар сарын 15-ний дотор бүрэн ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнөөдөр эдгээр сумдыг өндөр хурдны сүлжээнд холбох нээлтийн ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг интернетийн сүлжээнд холбогдсон сумдын иргэдтэй ЛЭД дэлгэц ашиглан шууд ярилцлаа. 
 
Ерөнхий сайд Баянхонгораймгийн Жаргалан, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатараймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэд, сургуулийн багш, сурагчидтай холбогдож, интернетийн үйлчилгээг сумын иргэд хэрхэн ашиглаж байгаа талаар болон zasag.mn болон бусад сайтаас хэрэгтэй мэдээллээ авч байгаа талаар ярилцсан юм. Мөн иргэд 11-11.mn сайтруу орж санал хүсэлтээ илэрхийлж байгаатай танилцав.
 
Уг төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг байгуулж, хот хөдөөгийн тоон мэдээллийн ялгааг арилгахад оршиж байгаа бөгөөд Монгол Улсад өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулагдаж, үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжрах, Төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг онлайнаар хүргэх, зайн сургалт, интернэтийн үйлчилгээ нэвтрэх, алсын оношлогоо, видео хурлыг зохион байгуулах зэрэг бүх төрлийн онлайн үйлчилгээг цахим хэлбэрээр дамжуулах нөхцөл  боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
 
Энэхүү төслийн хүрээнд бий болсон өндөр хурдны сүлжээ нь тухайн сумын холбооны салбар хүртэл суурилуулсан ба орон нутгийн ЗДТГ, сургууль, эмнэлэг, Соёлын төвийг интернетийн сүлжээнд холбох, иргэдийг Wi-Fi утасгүй интернэтээр хангах ажлыг ашиглалтанд оруулах ажлыг Монголын цахилгаан холбоо ХХК, МТШХХГ болон тухайн орон нутаг хамтраад энэ оны 9 дүгээр сарын 1-ний дотор орон даяар дуусгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: www.ict.mn