Home / Articles / Барилгын дээврээр татагдсан кабелиудыг цэгцлэх тухай мэдэгдэл
Барилгын дээврээр татагдсан кабелиудыг цэгцлэх тухай мэдэгдэл
2014-06-24

Сүүлийн үед Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн шон болон орон сууц, барилгын дээгүүр татагдсан кабелиуд нь эмх цэгцгүй, тасарч унжин хотын өнгө үзэмж, явган хүн, авто замын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж стандартын шаардлага хангахгүй замбараагүй татагдаж барилга эзэмшигчдийг засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хэмжээний хүндрэл бэрхшээл учруулж байна.

Үүний дагуу тус хороо өөрийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд гэрэлтүүлгийн шонгийн болон барилга байгууламжийн дээгүүр татагдсан кабелиудыг цэгцэлж, багцлуулах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн болно. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийн шонгийн болон барилга байгууламжийн дээгүүр татагдсан шилэн кабелиуд нь ихэвчлэн зөвшөөрөлгүй өөрийн дотоод хэрэгцээнд зориулсан сүлжээний кабелиуд байдаг бол зарим хэсэг нь эзэмшигчгүй орхигдсон байх тохиолдол байдаг тул тус хороо хянах боломжгүй байдаг.

Иймд нийслэл хотын гэрэлтүүлгийн шон болон барилга байгууламж дээгүүр өөрийн эзэмшлийн кабельтай аж ахуйн нэгжүүд татагдсан кабелиудаа цэгцэлж, багцлах, хаягжуулах ажлыг яаралтай хийж, холбогдох стандарт, норм нормативыг мөрдлөг болгон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхгүй, бусдад хүндрэл учруулахгүй байхаар ашиглалт үйлчилгээ хийхийг мэдэгдэж байна.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО