Home / Articles / POSTEXPO 2014 Asia Pacific үзэсгэлэнд оролцов
POSTEXPO 2014 Asia Pacific үзэсгэлэнд оролцов
2014-06-10

Ази-номхон далайн орнуудад анх удаа зохион байгуулагдаж буй POSTEXPO 2014 Asia Pacific үзэсгэлэн, семинар  2014 оны 05 дугаар сарын 19-21-ний хооронд Бүгд найрамдах Хятад ард улсын Хонгконг хотноо 3 өдөр амжилттай болж өндөрлөлөө.

POSTEXPO 2014 Asia Pacific үзэсгэлэн, семинарын гол зорилго нь дэлхийн шуудангийн салбарын одоо болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох,  шинэ техник, технологитой танилцах болон олон улсын шуудангийн салбарт хэрэгжүүлж буй шинэ үйлчилгээ, түүнийг цаашид хэрхэн нийтийн хүртээл болгох  талаар санал, туршлага солилцох боломжоор хангахад чиглэгдсэн болно. Энэхүү үзэсгэлэн, семинарын үеээр дараах асуудлууд дээр гол анхаарлаа хандуулсан юм.

  1. Ази номхон далайн бүсийн орнуудын хөгжлийг даган эдгээр орнуудын иргэд дэлхийн өнцөг булан бүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах чиг хандлага өсөж байгаа нь ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор шуудангийн байгууллагууд өнөөгийн мэдээллийн техник технологийн хөгжлийг ашиглан E-commerce үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ажиллах
  2. E-commerce үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэхийн тулд Сингапур болон Хонг Конгийн шуудангийн байгууллагууд тус тус гаалийн байгууллагуудтай дээд хэмжээний уулзалт хийхээр зэхэж байна. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийн системийг бүрэн автоматжуулж бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх боломжтой болох юм.
  3. Ухаалаг шуудангийн  хайрцагны хэрэглээг дэлхийн улс орнууд өргөнөөр нэвтрүүлж байгаа бөгөөд уг үйлчилгээний давуу талыг хэрэглэгчдэд сурталчилж, хэрэглээг нэмэгдүүлсэнээр шуудангийн компаниуд хүргэлтийн тал дээр асар их хэмнэлт хийх боломжтой болж байна.
  4. Япон улсын шуудангийн байгууллагаас үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлж буй  Coolbox – ын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Энэхүү Coolbox нь  хүнсний ногоо болон загас загасан бүтээгдэхүүний худалдаанд зориулж бүтээсэн бөгөөд температураа 72 цаг хүртэл барих чадвартай юм.  Ингэснээр шуудангаар дамжих солилцоог өсгөх чухал ач холбогдолтой болох юм.
  5. Дэлхийн шуудан холбооноос шинээр гаргаж буй гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийн хяналтын системүүдийн ерөнхий танилцуулгыг хийлээ.

Энэхүү семинарын үеэр Дэлхийн шуудангийн байгууллагын /UPU/ удирдлагуудтай уулзан Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороог Дэлхийн шуудан холбооны албан ёсны гишүүн байгууллагаар бүртгүүлэх, мөн Монгол улсын зип кодыг олон улсын зип кодын бүртгэлийн системд шинэчлэн оруулах болон бусад асуудлаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар  санал солилцлоо.  

Мөн Хонгконгийн шуудангийн байгууллагатай Монгол улсаас гарах,  орох буухиа болон бусад шууданг  тус байгууллагын сүлжээг ашиглан  дамжуулан тээвэрлэх гарц болон ач холбогдлын талаар уулзалт зохион байгууллаа.