Home / Articles / Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын...
Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл
2014-02-24
Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл

Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд Гаалийн ерөнхий газраас  2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн  02/4418 тоот албан бичигтээ  Гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчин хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, гаалийн хяналтанд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж буй  Шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрөлтэй МКД ХХК,  Шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөлтэй Тэрхийн сувд ХХК, ВИП МК ХХК-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал ирүүлсэн.

Үүний дагуу дээрх нэр дурьдагдсан компаниудад Монгол Улсын Гаалийн тухай, Шуудангийн тухай, Харилцаа холбооны тухай хуулиуд болон холбогдох стандартуудын мөрдөлт, хэрэгжилтэнд  төлөвлөгөөт бус шалгалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 01 дүгээр сарын 16-17-ны  өдрүүдэд ажлын байран дээр нь хийж гүйцэтгэлээ.

Энэхүү шалгалтаар тус газрууд нь Монгол Улсын Гаалийн тухай хууль,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль,   Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай журмыг зөрчин үйл ажиллагаагаа явуулж байсан нь тогтоогдлоо.

Үүнд:

  • Гаалийн хяналтанд шаардагдах агаарын тээврийн биллийн дагалдах барааны жагсаалтыг хуурамчаар гаргасан.
  • Хуурамчаар гаргасан барааны жагсаалтаар  1403 ширхэг гар утсыг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Гаалийн хяналтын талбайгаас хулгайгаар ачиж байгаад баригдсан
  • Монгол улсын шуудангийн стандартуудыг бүрэн мөрдөж ажиллаагүй.
  • Харилцан холболтын гэрээнд заагдсан  заалтуудыг хангаж ажиллаагүй.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шуудангийн үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн ачааг өөрийн байгууллагын нэрийн дээр хууль бусаар DHL ХХК-ийн шуудангийн гаалийн хяналтын талбайгаар нэвтрүүлж байгаа нь шалгалтын явцад илэрсэн.  Энэ үйлдэл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-т заасан Шуудангийн зах зээлийн өрсөлдөөнд саад учруулах, олгогдсон эрхийг урвуу ашиглах, ялгаварлах үйлдэл хийхийг хориглоно гэснийг зөрчсөн.
  • Мөн “Б” ангилалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, мөн ангилалын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 5.1-д заасан үйлчилгээний салбар цэг байхгүй.
  • Батлагдсан үнэ тарифаа мөрдөж ажилладаггүй 
  • Тусгай зөвшөөрөлийн гэрээнд  заагаагүй үйлчилгээг үзүүлсэн.

Иймд  шалгалтын дүнг хорооны хурлаар авч хэлэлцээд     Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага  түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” , 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “Харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй”  ба 15.1.4-д “Хууль, гэрээнд заагаагүй  үйл ажиллагаа явуулсан” гэж заасныг тус тус  баримтлан “МКД ” ХХК-ийн шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” тусгай зөвшөөрөл, “Тэрхийн сувд  ” ХХК-ийн шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, “МКД” ХХК болон “ВИП МК ” ХХК-ийн шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” тусгай зөвшөөрлийг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО