Home / Articles / Утасгүй суурин холбооны (wll) үйлчилгээг зогсоож байгаа...
Утасгүй суурин холбооны (wll) үйлчилгээг зогсоож байгаа тухай мэдээлэл
2014-02-18

Энэхүү үйлчилгээ нь суурин сүлжээ хөгжөөгүй буурай улс орнуудад анх хөгжиж эхэлсэн түүхтэй бөгөөд орчин үед хөдөлгөөнт үүрэн холбооны технологи, үйлчилгээ өргөн хөгжсөнөөр олон улсад зах зээлээс шахагдаж, үйлдвэрлэл нь ч зогсонги байдалд ороод байгаа юм. Монгол улсад аливаа цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтыг “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу тухайн үйлчилгээний төрлөөс нь хамааруулан хуваарилан олгодог.

Уг төлөвлөгөөний дагуу 5ххххххх дугаарлалт нь “Утасгүй суурин телефон үйлчилгээ”-нд хуваарилагдсан байгаад 2010 оны шинэчилсэн төлөвлөгөөний дагуу нөөцөнд авахаар төлөвлөгдсөн юм. Учир нь “Утасгүй суурин телефон үйлчилгээ” нь технологийн  хөгжлийн дагуу хэрэглээнээс хасагдаж, уг үйлчилгээнд ашиглаж байсан радио давтамжийг ирээдүйн шинэ төрлийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөгдөж байгаатай холбоотой болно. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын төлөвлөгөөнд утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж байгаа 800 МГц  болон 1900 МГц-ийн давтамжийн зурвасуудыг 2008 оноос эхлэн 3 болон 4 дэх үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглахаар тусгасан.

Радио давтамж болон сүлжээний дугаарлалтыг хязгаарлагдмал нөөц гэж үздэг бөгөөд олон улсын зөвлөмж, жишгийн дагуу үр ашигтай төлөвлөж, хуваарилан олгох зарчмыг баримтлан ажилладаг. Иймд дээр дурдсан үндэслэлээр Утасгүй суурин телефон үйлчилгээнд ашиглаж байсан 50хх хххх, 55xx xxxx дугаарлалтуудыг одоогийн шилжиж буй Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах боломжгүй болоод байгаа юм.

Шилжүүлэлт хэрхэн хийгдэж байна вэ?

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 47 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээнд утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж буй радио давтамжийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн чөлөөлөх, утасгүй суурин холбооны үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчдийг (50хх хххх, 55хх хххх) бусад (үүрэн холбооны болон суурин холбооны) үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосон. Гэвч МЦХ ХК, Скайтел ХХК-ны хувьд шилжүүлэлтийн явц удаашралтай байгааг харгалзан үзэж хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-нээр тогтоон утасгүй суурин үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэсэн болно.

Мобиком корпораци ХХК

Мобиком Корпораци ХХК нь Мобифон үйлчилгээний хэрэглэгчдийг үүрэн холбооны үйлчилгээ рүү 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сар 15-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу тус компанид бүртгэлтэй нийт 4000 хэрэглэгч бүгд шилжиж дууссан гэж мэдээлсэн байна.

МЦХ ХК, Скайтел ХХК

МЦХ ХК, Скайтел ХХК нь энэхүү шилжүүлэх ажлыг 2013 оны 02 дугаар сарын 01-ээс зохион байгуулж эхэлсэн. Шилжилтийг 2014 оны 2 дугаар сарын 15 хүртэл хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар нийт 5400 хэрэглэгчийг шилжүүлээд байгаа юм.

Хэрэглэгч та бүхэн үүрэн холбооны сүлжээний дугаарлалтыг ашиглан уг сүлжээнд шилжсэнээр сүлжээний хамрах хүрээ, олон төрлийн нэмэлт үйлчилгээнүүд нэмэгдэх давуу талтай юм.

55хх хххх дугаарлалттай байсан Мобикомын нийт хэрэглэгчдийн 80.1 хувь нь 94хх префиксийг,  14.4 хувь нь 95хх,  5.5 хувь нь  99хх префиксийг тус тус сонгосон байна

Скайтел ХХК-ийн хувьд шилжин ирж буй хэрэглэгчдэд зориулж мөн шинээр дугаарын сери задлан давуу эрх олгож, таны дугаарын сүүлийн 4-6 оронг хадгалж үлдэх боломжийг бий болгож байгаа тул танд энэхүү боломжийг шалган үзэхийг зөвлөж байна.

Мөн нэмэлт урамшуулалт үйлчилгээ үзүүлэх, дүйцэхүйц дугаараар солих, IVR буюу таны 50-тай дугаар руу залгахад шинэ дугаарыг тань хэрэглэгчид мэдэгдэх, дуудлага шилжүүлэх, зар сурталчилгаанд ашиглагдах шинэ дугаараа харилцагчиддаа мэдэгдэх, таниулах хангалттай хугацаа олгох гэх мэтээр хэрэглэгчдэд аль болох хүндрэл, хохиролгүй шилжүүлэх арга хэлбэрийг эрэлхийлэн ажиллаж байгаа гэж мэдээллээ.