Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит 11 дүгээр хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.  

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны энэхүү хуралдаанаар Радио, телевизийн хөтөлбөрийн байнгийн хяналт, мониторингийн үр дүн, тайлангийн танилцуулга (2021 оны 2, 3 дугаар улирлын байдлаар); Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгийн тухай; "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам"-ын танилцуулга; "Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ын хэрэгжилт, домэйн нэрийн нөөцийн тухай; Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, хүчингүй болгох тухай) зэрэг 7 асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 3 тогтоолыг баталж, 2 хуралдааны тэмдэглэлээр холбогдох бүтцийн нэгжийн газар, хэлтэст хугацаатай үүрэг, удирдамж чиглэл өгсөн болно.  

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, тогтоомж болон ХХЗХ-ноос баталсан өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын журам, хөтөлбөрт тавигдах нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний хүрээнд ӨНЗГ-аас нэгтгэн радио, телевизийн хөтөлбөрийн байнгийн хяналт, мониторингийн үр дүн, тайлангийн танилцуулга (2021 оны 2, 3 дугаар улирлын байдлаар)-ыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит  11 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв. Энэ танилцуулгын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевиз ба радио, орон нутгийн телевиз, радиогийн хөтөлбөрийн байнгйн хяналт мониторингийн тайлан, статистик мэдээлэл, баталсан хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлага, үзүүлэлтийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлыг хөндсөн болно. Хуралдаанаас хорооны хариуцсан бүтцийн нэгжийн удирдлага, ЗУХАГ-т радио, телевизийн хөтөлбөрийн байнгийн хяналт, мониторингийн үр дүн, тайланг улирал бүр байгууллагын цахим хуудаст байршуулж байгаа боловч мэдээ, мэдээллийн сайтуудад нэгдсэн хэлбэрээр болон зөрчлийн дүн мэдээг нэгтгэж олон нийтэд мэдээлэх, холбогдох хууль тогттомжид оруулах саналыг яам, байгууллагад хүргүүлэх, хамтран ажиллах, 2022 онд телевизүүдэд хяналт, шалгалт хийхээр төлөвлөгөөнд тусгах талаар анхаарч ажиллахыг удирдамж, чиглэл болгов.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-д заасны дагуу тус хорооноос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт”-ыг зарласан бөгөөд 2 хуулийн этгээдээс сонгон шалгаруулалтын баримт бичиг сонгон шалгаруулалтын заасан хугацаа, баримт бичгийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн. Тус хуралдаанд сонгон шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хороо 2 үе шаттайгаар үнэлгээг хийж, үнэлгээний санал дүгнэлт, холбогдох танилцуулга, “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” тогтоолын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.4.5 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”, 2020 оны 91 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “2021 онд олгох өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрлийн тоо”, тус хорооноос зарласан “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт АРР-орон нутаг 2021/01”-ын үнэлгээний ажлын хэсгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 68 тоот “Нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэв. Энэхүү тогтоолд, тус хорооноос 2021 оны 10 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт АРР-орон нутаг 2021/01”-нд Өндөр цэнгэлхайрхан ХХК, Ойрад телевиз ХХК-ийг тус тус шалгарсанд тооцож, 2 хуулийн этгээдэд “Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх” болон “Радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрлийг тогтоолын хавсралтад заасан хугацаа, хамрах хүрээнд олгосон болно.

ХХЗХ-ноос Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5 болон 9.1.9-д заасан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дугаарлалтын хязгаарлагдмал нөөцийг хуваарилах, олгох, ашиглах болон бүртгэхтэй холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор "Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам"-ын төслийг оролцогч талуудын санал, зөвлөмжийг тусган боловсруулаад байна. Зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит 11 дүгээр хуралдаанд энэхүү баримт бичгийн төслийн боловсруулалт, төслийн анхны хэлэлцүүлэг хийхээр танилцуулж, тус хуралдааны явцад хорооны дарга гишүүдээс журмын төслийн талаар гарсан санал зөвлөмж, удирдамж чиглэлийг тусгах, эрх ашгийг нь хөндөж байгаа хуулийн этгээд, ААН-ийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, албан тоотоор саналыг авч тусгах уг журмыг эцэслэн 2021 оны 12 сард багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг ЗБХГ, ажлын хэсэгт даалгав. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд холбогдох газар, хэлтсээс боловсруулсан тус хорооны 2020 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын хэрэгжилтийн тайлан, олон улсын тэргүүн туршлагын судалгааны үр дүн, хуралдааны тэмдэглэлийн төсөл, тэмдэглэлийн хавсралт болох Домэйн нэрийн нөөцийн жагсаалтын төсөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын төслийн талаар тус тус авч хэлэлцээд, хорооны 2021 оны 23 дугаар “Домэйн нэрийн нөөцийн жагсаалтыг батлах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэл батлахаар шийдвэрлэв. Тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар, “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын 6.1.8-д заасны дагуу “Монгол Улсын Домэйн нэрийн нөөцийн жагсаалт”-ыг энэхүү хуралдааны тэмдэглэлийн хавсралт ёсоор үүсгэн батлахаар тогтов.   Хоёрдугаар заалтаар, тус хуралдаанаас дор заасан арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэн ажиллахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т үүрэг болгов. Үүнд: Уг хавсралтаар баталсан домэйн нэрийн нөөцийн жагсаалтыг Бүртгэгч буюу Датаком ХХК-д албан ёсоор хүргүүлж, олон улсын домэйн нөөцийн жагсаалтад нэмэх арга хэмжээг 2021 оны 12 дугаар сард багтаан зохион байгуулах; Харилцаа холбооны хуульд заасан домэйн нэрийн талаарх бүрэн эрх чиг үүрэг, холбогдох журмыг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны төлөвлөгөөнд ICANN олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, *.MN домэйн нэрийн үндсэний бүртгэгч болоход шаардагдах бэлтгэл ажлыг хангаж, хууль эрх зүйн боломж, техникийн нөхцөлийг тодорхойлж танилцуулах талаар тусгаж хэрэгжүүлэх; Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын болон энэхүү тэмдэглэлийн хэрэгжилтийн тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын танилцуулгыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан тус хуралдаанд хэлэлцүүлэн удирдамж, чиглэл авах зэрэг болно.     

Энэхүү хуралдаанаар ШЗГ-аас боловсруулсан Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулгыг сонсов.

 

ХХЗХ-ны 2021 оны ээлжит 11 дүгээр хуралдаанд “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 2 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 2 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 69 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдэд 10 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт болон МДЛО ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 70 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

Бусад асуудлын хүрээнд, ХХЗХ-ны дарга Г.Чинзоригоос бүтцийн нэгжийн удирдлага нарт өгөх үүрэг, даалгаврын саналыг хэлэлцээд, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит 11 дүгээр хуралдааны 22 дугаар “Хорооны хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх тухай (ТЗ-ийн баримт бичгийн тухай)” хуралдааны тэмдэглэлийг батлав. Энэхүү тэмдэглэлд, Зохицуулах хорооны хуралдаанаар баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дүрэм журам, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, эрхийн төлбөрийн хэмжээ болон зохицуулалтын баримт бичгүүдэд туссан тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл зэрэг нэр томьёог нэг мөр болгон цэгцлэх, баримт бичгийн уялдаа холбоо, давхардлыг арилгах, нийцлийг хангуулах зорилгоор холбогдох судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, санал зөвлөмж, баримт бичгийн төсөл боловсруулах удирдамж, чиглэлийг Дэд дарга /Д.Сэрээдорж/-д даалгах нь зүйтэй гэж үзэв. Дээр заасан арга хэмжээг гүйцэтгэх ажлын хэсгийг байгууллагын бүтцийн нэгжийн удирдлага, Хуулийн хэлтэс, ДХАА-ны төлөөллийг оролцуулан байгуулж, гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнг нэгтгэн, холбогдох санал зөвлөмж, шийдвэрийн төслийг боловсруулан 2022 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэг /Д.Сэрээдорж/-т үүрэг болгов. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-12-04