Home / Articles /  Монгол Улсад Анхны телевиз байгуулагдсан өдөр /Түүхэн...
 Монгол Улсад Анхны телевиз байгуулагдсан өдөр /Түүхэн баримтаас.../
2021-09-27
 Монгол Улсад Анхны телевиз байгуулагдсан өдөр /Түүхэн баримтаас.../  Монгол Улсад Анхны телевиз байгуулагдсан өдөр /Түүхэн баримтаас.../

Түүхэн баримтаас.........

Монгол телевизийг байгуулах асуудал 1957 онд боловсруулсан харилцаа холбоог хөгжүүлэх анхны ерөнхий схемд тусгагдсан байна.Үүний дагуу 1964 онд Зурагт радиоийн төслийн хийхээр Москвагийн зураг төслийн институтээс А.И.Местечкин нарын мэргэжилтнүүд ирж газар дээр нь танилцсан байна. 1965 оны дөрөвдүгээр сарын 19-нд Зөвлөлт Монголын Засгийн газрын хоорондох хэлэлцээрээр манай Улсын ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд ЗХУ-аас үзүүлэх тусламжийн дотор БНМАУ-д телевизийн төвийн байгуулах асуудал тусч зурагт радио байгуулах ажлыг Зөвлөлтийн барилгын II трест гүйцэтгэхээр болжээ. Мөн оны аравдугаар сарын 27-ны өдөр Зурагт, радиогийн шав тавих ёслол болов.

 

Зураг 1. Телевизийн төвийн Якорь станцын тохиргоо хийж байгаа нь /1967он/

Телевизийн төвийн барилгыг 1966 оны гуравдугаар сараас барьж эхлэн Октябрийн баярын 50 жилийн ойн босгон дээр дуусгажээ. Зөвлөлтийн инженер, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр 1967 оны тавдугаар сард Монгол телевизийн техникийн туршилт эхлэв. Анхны туршилтын нэвтрүүлгээр Ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан баярын хурлыг Улсын дуурь бүжгийн театраас 1967 оны долдугаар сарын 11-ны өглөө, Сүхбаатарын талбайгаас баярын жагсаал, өдрийн 14 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын үйл ажиллагааг дамжуулжээ. 1967 оны есдүгээр сарын 27-нд зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж, хар цагаан дүрсийн явуулын "ПТС-3" станцаар дамжуулан Монголын Зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт болж , нээлтийн цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Намын Төв Хорооны Нарийн Бичгийн дарга Ц.Дүгэрсүрэн үг хэлж, Удирдагч Юмжаагийн Цэдэнбал нээлтийн туузыг хайчлаж байжээ.

 

 

Мөн оны есдүгээр сард "Хагас зууны он дарааллын бичиг" олон ангит баримтат кино, аравдугаар сараас Монголын Зурагт радиогийн хүүхэд залуучуудад зориулсан анхны "Бидний шинэ танил", "Шинэ номын тойм" зэрэг нэвтрүүлэг цацагдсан юм. Цаашлаад гадаад, дотоодын "Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын эрдэнэсийн сан", Англи хэлний хичээл зэрэг нэвтрүүлэгүүд гарах болсон байна.

 

Эх сурвалж: ХХЗХ-ны Мэдээ сэтгүүлийн 2021 оны 2 дугаар улиралын №28 (34)  тусгай дугаар