Home / Articles / Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал...
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
2021-09-03

Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар  
амжилттай болж өндөрлөлөө 

 

 


   Дэлхийн шуудан холбооны (Universal Postal Union) 27 дугаар Их хурал Африк тивийн Кот-д'Ивуар (Зааны ясан эрэг) Улсын Абижан хотод гишүүн орнуудын 1000 гаруй  төлөөлөгчид биечлэн, 900 орчим төлөөлөгчид цахимаар оролцон 08 дугаар сарын 09-27-ний өдөр хүртэл 18 хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа.   

   Их хурлаар олон улсын шуудангийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх мөн ДШХ (Дэлхийн шуудан холбоо)-ны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн гишүүн орнуудаас ирүүлсэн 200 гаруй саналуудыг үндэслэн нэгтгэж, салбар хуралдаануудыг зохион байгуулан хуралдав. 

   Тус Их хурлын нэгэн онцлох үйл явдал нь ДШХ-г 2022-2025 онд удирдах Ерөнхий захирал болон түүний Орлогчийг сонгох сонгууль байв. 

 

 

  Зүүн гар талаас; ДШХ-ын шинэ Ерөнхий захирал Масахико Метоки,  
одоогийн Ерөнхий захирал Бишар А.Хуссейны хамт 

   Одоогийн ДШХ-ны Ерөнхий захирал Бишар А.Хусейн болон Ерөнхий захирлын Орлогч Паскаль Кливаз 2012 оны Дохагийн Их хурлаар анх удаа албан тушаалд сонгогдож, 2016 онд Истанбул хотын Их хурлаас хоёр дахь удаагаа дахин сонгогдож байсан юм. 

   Абижаны Их хурлын Ерөнхий захирлын сонгууль ДШХ-ны дүрмийн дагуу болж Япон Улсын иргэн Масахико Метоки 102 санал, Швейцарь Улсын иргэн Паскаль Кливаз 40 санал, Бельги Улсын иргэн Жек Хаманде 14 санал авч, Масахико Метоки үнэмлэхүй ялалтыг байгуулан Ерөнхий захирлаар сонгогдлоо. 

   Мөн Ерөнхий захирлын орлогчын албан тушаалд нийт гишүүдийн 86 саналаар Словени Улсын иргэн Маржан Освалд сонголоо. 

   Масахико Метоки ДШХ-ны гишүүд өөрт нь итгэл хүлээлгэж хүндтэй албан тушаалд сонгосонд нь баяртай байгаагаа илэрхийлээд "Би өөрт ирсэн санал бүрийг анхааралтай сонсож, гишүүн орнуудын хоорондын ялгааг харгалзан үзэж ДШХ-ны бүх гишүүн орнуудын төлөө ажиллах болно гэдгээ дахин амлаж байна" гэж мэдэгдсэн бол орлогч захирал Маржан Освалд "Хариуцлага, ил тод байдал, бизнесийн ёс зүйн төлөө тэмцэнэ" гэсэн байна. 

   Их хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа ДШХ-ны Ерөнхий захирал Бишар А.Хуссейн : "ДШХ-ны дараагийн Ерөнхий захирал ноён Масахико Метоки танд чин сэтгэлийн баяр хүргэж байгаагаа илэрхийлье. Энэ удаагийн сонгууль амжилттай болж дууслаа. Манай холбооны гишүүн орнууд ноён Масахико Метокигоор ДШХ-г цаашид удирдан чиглүүлэхийг хүсэж, дэмжлээ” гэж мэдэгдсэн байна.  

   Дашрамд дурдхад ДШХ 28 дугаар Их хурал 2025 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдах тов зарлагдлаа.