Home / Articles / ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ 27 ДУГААР ИХ ХУРАЛ...
ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ 27 ДУГААР ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2021-08-10

ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ 27 ДУГААР ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

     Дэлхийн шуудангийн холбооны (Universal Postal Union) 27 дугаар Их хурал өнөөдөр буюу 8 сарын 9-ний өдрөөс эхлэн 18 хоногийн турш зохион байгуулагдах юм. ДШХ-ны гишүүн 192 орны бүрэн эрхт төлөөлөгчид шуудангийн салбарын стратегийг тодорхойлохоор дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Энэхүү 27-р Их хурлаар гишүүн орнууд дэлхийн шуудангийн шинэ стратеги буюу 2022 оноос эхлэх ажлын шинэ мөчлөгийн замын зураглалыг батлах, олон улсын шуудангийн илгээмж солилцооны талаар бодлого зохицуулалтын шинэ дүрэм зэргийг хэлэлцэнэ.

    Тус Их хуралд манай улсаас Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Шуудан ХК байгууллагуудын төлөөлөл оролцож  байна.

    Дэлхий нийтийг хамарсан халдварт Ковид-19 цар тахлаас шалтгаалан энэ удаагийн Их хурал нь онлайн буюу дижитал хэлбэрээр болон уламжлалт хэлбэрээр хослон зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Зохион байгуулалтын хүрээнд Их хурлын үндсэн байршил нь Африк тивийн Кот-д'Ивуар (Зааны ясан эрэг) Улсын Абижан хотод биет хэлбэрээр буюу гишүүнчлэлтэй улсуудын төлөөлөл өөрийн биеэр хүрэлцэн ирж санал өгөх, хуралд хамрагдах ба хоёрдогч байршил буюу Швейцари Улсын Женев хотод халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу тусгай бэлтгэгдсэн танхимаас болон өөрийн улсаасаа онлайн хэлбэрээр шууд хүлээн авч, харилцан холбогдож оролцох юм. 

    Энэхүү зохион байгуулалтын хэлбэр нь хүмүүсийг нэг дор олноор цуглуулахгүй байх, хуралд ороцож байгаа төлөөлөгчид Их хуралд цаг алдалгүй оролцох боломжоор хангасан шийдэл юм. Их хуралд оролцож байгаа Франц Улсын Ла Посте шуудангийн компаний захирал Исак Гнамба-Яао өөрийн сэтгэгдэлээ хуваалцахдаа “Удаан хугацааны турш хүлээсэн 27 дугаар их хурлын үйл ажиллагаа, үр дүн нь олон орны зөвхөн шуудангийн салбар гэлтгүй нийт дэлхийн хэмжээнд түүхэн өөрчлөлт, шинэчлэлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.

    Их хурлын ихээхэн анхаарал татаж буй сэдвүүдийн нэг нь цар тахлыг даван туулах боломжийг эрэлхийлж, хурдацтай хөгжиж буй цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний өсөлт хөгжил, үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэж байгаа нь дэлхий нийтээрээ цахим хэлбэрт шилжиж буй энэ үед шуудангийн салбар ч гэсэн хөгжил дэвшилтэй үйлчилгээний хэлбэрээ хөл нийлүүлж буйн тод жишээ юм.