1.Танилцуулга
Олон улсад цахим орчны зохицуулалт, хяналтын чиглэлээр зарим арга хэмжээ авч буй ч, нэгдсэн нэг стандарт загварт хараахан ороогүй байгаа боловч цахим орчинд хууль журмын хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй гэсэн бодлого давамгайлж боломжит зохицуулалтыг хийсээр байна.
Олон нийтийн эрх ашиг, хүүхдэд сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай онлайн контентыг хүний үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөг хөндөлгүйгээр зохицуулдаг тогтолцоо бий болсон.
Цахим орчин дах нийгмийн сүлжээний компаниуд нь технологийн зохицуулалт хийх, энэ талаар улс орнуудтай хамтран ажиллах боломжтой гэж мэдэгдсэн. Гэвч эдгээр арга хэмжээнүүд нь цахим орчин дахь нийгмийн сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг улс орнууд хийсээр байна.
БНСУ, Герман, Их Британи, Австрали гэх мэт улс орнууд нь хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу цахим орчны сөрөг агуулгатай контентоос хүүхдийг хамгаалах, сөрөг нөлөөтэй контентын хандалтыг хязгаарлах, арилгах зэрэг технологийн зохицуулалт хийх чиглэлээр ихэвчлэн тухайн орны харилцаа холбооны газруудад үүрэг болгодог. Харин аливаа онлайн контентын агуулгыг хүүхдэд сөрөг нөлөөтэй мөн эсэхийг ихэвчлэн тусгайлан байгуулсан хороо, хууль зүйн яам эсвэл түүнтэй холбоотой эрх бүхий байгууллагууд шийддэг.
Энэхүү шинэ тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх, цахим орчин, цахим орчин дах нийгмийн сүлжээнд зохицуулалт хэрхэн хийх вэ гэдэг асуудал тулгарч байна. Цахим орчин дахь зохицуулалтыг хэрэгжүүлэхэд нийгмийн сүлжээгээр тархаж буй хар бараан мэдээний эсрэг хуулийн хүрээнд хийх тэмцэл, хэвлэлийн эрх чөлөөнд халдах халдлага хоёрын зүй зохистой заагийг тогтоох нь маш чухал асуудал юм.
Европын холбооноос гаргасан “Интернэт дэх аюултай контент” (European Commission, 2004) судалгааны тайланд төрийн зүгээс интернэтэд зохицуулалт хийх гол шалтгаануудыг тоймлон дурдсан байдаг. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдлыг сахих. Галт зэвсгийн наймаа, хар тамхины сурталчилгаа, терроризмын суртал ухуулгыг интернэт ашиглан зохион байгуулах боломжтой тул сэрэмжлэх.
- Хүүхэд, цөөнхийн эрх ашгийг хамгаалах. Зүй зохисгүй зар сурталчилгаа, мэдээ мэдээлэл, хүчирхийлэл, бэлгийн зан үйлийг талаар мэдээ их тул хязгаарлах.
- Хүний ёсноос гажууд үйлдлээс сэргийлэх. Яс үндсээр ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэл суртлыг дэмжих үзлийг сурталчлахыг зогсоох.
- Эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих. Кредит картын хуурамч гүйлгээ, хакердах мөн санхүүгийн залилангийн үйлдлүүдээс сэргийлэх.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Нууц мэдээлэл алдагдах, хуурамч мэдээлэл түгээх үйлдлээс сэргийлэх, таслан зогсоох.
- Иргэний аюулгүй байдлыг хангах. Хувь хүний мэдээлэлд халдах, хувь этгээдийг интернэт ашиглан дарамтлахаас урьдчилан сэргийлэх.
- Нэр хүндэд халдахаас хамгаалах. Гүтгэлгийн шинж чанартай, эсвэл бусадтай харьцуулсан сурталчилгаа хийхийг хориглох.
- Оюуны өмчийг хамгаалах. Оюуны өмчийн хууль, гэрээгээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар түгээхийг таслан зогсоох.
Дээрх хүчин зүйлс онлайн орчны зохицуулалтыг тогтооход хэр хэмжээний хөшүүрэг болдог ба хөгжингүй улс орнууд эдгээр хөшүүргүүдийг ашиглаж зохицуулалт хийдэг байна. Ингэхдээ аль нэг байгууллагад онлайн орчны контентын агуулгыг тодорхойлох эрх мэдлийг төвлөрүүлэхгүйгээр аль болох олон байгууллагад эрх мэдлийн хуваарилалтыг хийдэг байна. Энэ нь нэг талаас хүний үндсэн эрх болох үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан хэрэг юм
2.Хууль эрх зүйн орчин
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан хуулиудын хүрээнд цахим орчны зохицуулалтыг хэрэгжүүлдэг болно. Үүнд:
- Харилцаа холбооны тухай хууль 1995, 2002, 2019
- Хүүхэд хамгааллын тухай хууль, 8-р зүйл, 2016
- Зар сурталчилгааны тухай хууль, 2002
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, 2006
- УИХ-ын сонгуулийн тухай хууль, 2019
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, 2020
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 2021
- Аж ахуйн ү/а-ны тусгай зөвшөөрлийн тухай хууль, 2001, 2010
Монгол Улсын холбогдох хууль эрх зүйн тогтолцооны дагуу тус хороо нь аливаа онлайн контентын агуулгыг хууль зөрчсөн эсэхийг тогтоохгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх, тогтоол шийдвэрийн дагуу технологийн зохицуулалт хийх хууль зүйн боломжтой болно. (Хүснэгт 1).
Иймд тус хороо нь дээр дурдсан тогтолцооны дагуу холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зураг 1-т заасан процедурын дагуу Монгол Улсын холбогдох хуулиудаар хориглосон агуулгатай контентыг хязгаарлах технологийн арга хэмжээг хэрэгжүүлж байна. (Хүснэгт 2).
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8.2-р заалтаар тус хороонд хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар заавар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Энэхүү хуулийн заалтын хүрээнд тус хороо нь 2013 оноос хойш www.ekids.mn веб сайтыг ажиллуулж, цахим орчны ёс зүйтэй хэрэглээ, цахим орчинд хэрхэн аюулгүй оролцох талаарх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг олон нийт, хүүхэд залуучуудад зориулан хийсээр ирсэн.
Хүснэгт 2: Холбогдох хуулийн заалтууд (хавсралт 1)
Хууль эрх зүй | Заалт, зүйл анги |
---|---|
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал | 3.3.3.2, 3.3.4.3, 3.3.4.4, 3.6.1.2 |
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль | 5.1, 5.2, 8.1.3, 9.1-9.3 |
Эрүүгийн хууль | 16.9.2.1, 19.9.1, 20.2.1, 14.4.2, 13.14 |
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль | 8.1.1, 8.1.2, 8.1.3 |
Зар сурталчилгааны тухай хууль | 6.5.5, 6.5.7, 6.5.8, 13.4, 13.6, 13.8 |
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль | 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 |
Хүүхэд хамгааллын тухай хууль | 8-р зүйл-8,2 |
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль | 9.2.1 |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай | 32-р зүйл |
Зөрчлийн тухай хууль | 6.22.1 |
Харин дор дурдсан бусад фэйсбүүк нийгмийн сүлжээтэй холбоотой хүсэлтүүдийг тус хороо нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Үүнд:
Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.
- Фэйсбүүк хаяг болон хуудасны нууц үг сэргээх болон түүнтэй холбоотой
- Фэйсбүүк хаяг болон хуудасны boost болон share хийхтэй холбоотой
- Фэйсбүүк хаяг болон хуудасны төлбөр болон түүнтэй холбоотой
- Фэйсбүүк хаяг болон хуудас баталгаажуулалтай холбоотой
- Нас барсан хүний фэйсбүүк хаяг хаах болон түүнтэй холбоотой
- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.
Иймээс та бүхэнд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг хэрэглэгчдэд зориулсан зөвлөмжийн хэсгээс авна уу.
3.Цахим орчин дахь контентэд тавигдах шаардлага
Монгол Улсад Интернетээр дамжуулан контентын үйлчилгээ үзүүлэхэд Монгол улсын холбогдох хуулиуд болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдлөг болгон Монгол Улсын хуулиар хориглоогүй контентийг хэрэглэгчдэд хүргэж ажиллах шаардлагатай бөгөөд хууль зөрчсөн контентуудыг 2 ангилдаг (Зураг1). Хүүхэд хамгаалах тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд залуучуудын хүмүүжилд сөрөг нөлөөтэй контентийн талаарх технологийн арга хэмжээг тус хороо нь яаралтайгаар авч хэрэгжүүлэх боломжтой.
-
Хүүхдэд сөрөг нөлөөтэй контент: яаралтай арга хэмжээ авна.
- Хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл, нүцгэн байдлаар дүрслэcэн контент
- Амиа хорлох, өөрийгөө гэмтээх зэрэг аюултай зан үйлийг өдөөн, турхирсан контент
- Хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц контент
- Аюул занал, дарамт, дээрэлхэх агуулга бүхий контент
- Садар самуун бүхий контент
- Хүчирхийллийг агуулсан, уриалан дуудсан агуулга бүхий контент
-
Бусад контент: хуулийн байгууллагын албан ёсны шийдвэр, дүгнэлтийн дагуу арга хэмжээ авна.
- Бусдын нэрийг ашиглах, хуурамч мэдээлэл өгөх, залилангийн контент
- Оюуны өмчийн зөрчилтэй контент
- Хувь хүний нууцлалтай холбоотой контент
- Үзэн ядсан агуулга бүхий контент
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн контент
- Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн контент гэх мэт.
Зураг 1: Хууль бус контентын ангилал
4.Цахим орчны контенттой холбоотой гомдлыг шийдвэрлэх процедур
Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хууль тогтоомж зөрчсөн тухай дүгнэлт, шийдвэр, эрх бүхий албан тушаалтны шийдвэр бүхий албан бичигт үндэслэн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зураг 1: Цахим гомдол шийдвэрлэх процедур
-
Иргэн, аж ахуйн нэгж нь цахим орчин дахь хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргана. Харилцаа холбооны зохицуулах хороо нь аливаа төрлийн контентын хууль зөрчсөн эсэхийг тогтоох хууль эрх зүйн чиг үүрэг байхгүй.
-
Хууль, тогтоомж зөрчсөн тухай албан бичиг, дүгнэлт, шийдвэрийг үндэслэн дараах арга хэмжээ авахыг цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд даруй мэдэгдэнэ.
1.1.мэдэгдэлд дурдсан хууль зөрчсөн контентыг устгах эсвэл хандалтыг хязгаарлах;
1.2.мэдэгдэлд дурдсан хууль зөрчсөн цахим хаяг, цахим хуудсыг зөрчил арилгах хугацаанд хандалтыг хязгаарлах;
- Хэрэв мэдэгдэлд дурдсан хугацаанд зөрчлийг арилгаагүй эсхүл цахим үйлчилгээ эрхлэгчтэй холбоо тогтоох боломжгүй бол Үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан зөрчил арилтал хугацаанд Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээг авна.
-
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээр дурдсан мэдэгдлийг тухайн Цахим үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно.
-
Тухайн Цахим үйлчилгээ эрхлэгч нь гаргасан зөрчлийг арилгасан тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр “black-list.mn” жагсаалтаас хасаж хандалтыг нээх боломжтой.
-
Харилцаа холбооны зохицуулах хороо нь цахим орчны зохицуулалтын тайланг тухайн жил бүрийн 4-р улиралд багтаан өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
5.Хамтын ажиллагаа - арга хэмжээ
“black-list.mn” систем - Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээр дурдсан хуулиудын дагуу хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй, хууль бус контентийн зохицуулалтын талаар Үүрэн холбооны болон Интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй 2013 оноос хойш хамтран ажиллаж, арга хэмжээ авч эхлээд байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн утга агуулгатай контентийг нийтэлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтээр хууль зөрчсөн веб сайтыг хар жагсаалтанд оруулж DNS системийн бүртгэлээр Монгол улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авдаг. 2021 оны байдлаар гадаад, дотоодын 1120 орчим веб сайтын хандалтыг хязгаарласан байна. Ихэвчлэн оюуны өмчийн эрхийн зөрчилтэй, садар самуун, порнографыг сурталчилсан асуудалтай веб сайтууд байна.
Фэйсбүүк “Government Case Work Channel” – 2016 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн удаа дараагийн уулзалтаар Монгол Улсад аюулгүй, ёс зүйтэй нийгмийн сүлжээний орчныг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн ба Фэйсбүүк компани нь өөрийн платформ дахь хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгах, хууль бус контентийг хязгаарлах чиглэлээр тус хороотой хамтран ажиллахаар болсон. Үүний үр дүнд аливаа хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах ногоон сувгийг 2019 оны 10 сард Монгол Улсад анх удаа албан ёсоор тогтоосон.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус хороо нь 2020 оны Улсын Их Хурал, Орон нутаг болон 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан болно. “Government Case Work Channel” нь зөвхөн хууль бус, фэйсбүүкийн хэрэглэгчийн дагаж мөрдөх хэм хэмжээ “Community Standards”-г зөрчсөн контентийг фэйсбүүк платформоос устгах чиглэлээр зөвхөн ажиллах бөгөөд дор дурдсан фэйсбүүк нийгмийн сүлжээтэй холбоотой хүсэлтүүдийг тус хороо нь хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Үүнд:
- Фэйсбүүк хаяг болон хуудасны нууц үг сэргээх болон түүнтэй холбоотой
- Фэйсбүүк хаяг болон хуудасны boost болон share хийхтэй холбоотой
- Фэйсбүүк хаяг болон хуудасны төлбөр болон түүнтэй холбоотой
- Хувь хүний фэйсбүүк хаяг болон хуудас баталгаажуулалтай холбоотой
- Нас барсан хүний фэйсбүүк хаяг хаах болон түүнтэй холбоотой
- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл гэх мэт.
“Youtube trusted partner” – 2021 оны 5-р сараас эхлэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Youtube” платформ-той хамтран ажиллаж хууль бус контентийг “trusted partner” горимоор мэдээлэлж эхэлсэн.
6.Хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж, танилцуулга
- "Facebook community standards“-ийн танилцуулга
- Фэйсбүүк платформийн талаарх хэрэглэгчийн зөвлөмж
- Юутүүб платформийн талаарх хэрэглэгчийн зөвлөмж
- www.ekids.mn веб сайтын талаарх танилцуулга
- Хүүхдийг бэлгийн мөлжөгөд ашигласан видео, зургийг хэрхэн мэдээлэх талаарх зөвлөмж /IWF reporting system/
- 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны цахим орчны тайлан
- 2020 оны орон нутгийн сонгуулийн сурталчилгааны цахим орчны тайлан
- 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны цахим орчны тайлан
- “black-list.mn” системийн танилцуулга
- Эцэг эхийн хяналтын програм хангамж /Parental control program/