Home / Articles / Баталгаажуулалт
Баталгаажуулалт
2021-03-15

Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмжийн техникийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлын баталгаажуулалтыг Харилцаа холбооны тухай хуулийг (9.1.3 Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих) үндэслэн 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол улсын зах зээлд нэвтэрсэн болон нийлүүлэгдэх мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг (харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмж) холбогдох хууль эрх зүй, баримт бичгийн хүрээнд баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Баталгаажуулалт нь:

  • Заавал баталгаажуулалт
  • Сайн дурын баталгаажуулалт

гэсэн 2 төрөл байх ба Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн,үйлчилгээний жагсаалт”-д орсон мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдана. (МУЗГ-ын 2018 оны 291 дүгээр тогтоол).                 

Тус жагсаалтад хамрагдаагүй үйлдвэрлэлийн болон гэр ахуйн зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно.

Баталгаажуулалт гэж юу вэ?

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нь зохицуулалтын болон техник аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж буйг хөндлөнгөөс бичгээр нотлох ажиллагааг баталгаажуулалт гэнэ.

Тухайн нэг улсад тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг худалдаалахаар оруулахад тоног төхөөрөмжийн баталгаажилтыг шаарддаг ба тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн бүрт тавигдах нөхцөл шаардлага нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг.

Баталгаажилт хийгдсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн баталгаажилтын тохирлын тэмдэгтэй байдаг. Жишээлбэл: Европын холбооны стандарт шаардлагыг хангасан тоног төхөөрөмж “CE”, Хятадынх “ССС” гэсэн тохирлын тэмдэгтэй байдаг байна.

Баталгаажуулалтын зорилго нь:

  • Тухайн бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох;
  • Хэрэглэгчид зөв сонголт хийх боломж олгох, зах зээлд хуурамч болон стандарт шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах;
  • Монгол улсын холбогдох хууль, тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

Баталгаагүй тоног төхөөрөмжүүд нь:

  • Сонсгол, зүрх, тархины ажиллагаа алдагдах;
  • Стандарт, техникийн болон аюулгүй  ажиллагааны шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нь шатаж дэлбэрэх;
  • Харилцаа холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэх мэт сөрөг нөлөөтэй.

Хууль эрх зүй

Харилцаа холбооны тухай хууль

9 дүгээр зүйл. Зохицуулах хорооны бүрэн эрх.

9.1.3. Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

Радио долгионы тухай хууль

8.2. ... иргэн, хуулийн этгээд тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно;

8.3. ...радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно;

20.3. Зохицуулах хороо нь олон улсын стандартын дагуу баталгаажуулалт хийх ба баталгаажуулалтын лабораторитой байж болно;

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль

13.2. Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна.

13.4. Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална. (2018 оны 291 дүгээр тогтоол Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт)

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хууль

4.1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална:

4.1.1. Зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх; 5.1. Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл,

барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоол

Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай (2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 291 дүгээр тогтоол);

Нэгдүгээр хавсралт:

Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт

Бүлэг Зүйл Барааны ерөнхий нэршил
85   85.17 Телефон аппарат (үүрэн сүлжээ, эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно); зүйл 84.43, 85.25, 85.27 буюу 85.28-ын дамжуулах, эсвэл хүлээн авах аппаратаас бусад, дуу, дүрс буюу бусад мэдээллийг дамжуулах, эсвэл хүлээн авах төхөөрөмж (утсан буюу утасгүй сүлжээ (жишээ нь: дотоод сүлжээ /LAN/, гадаад сүлжээ /WAN/- ний төхөөрөмж орно)) (зүйл 8517.62.10, 8517.62.20-д зааснаас бусад орно)
85.25 Радиогийн өргөн нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг дамжуулах аппарат (корпуст нь хүлээн авах, дуу бичих, сэргээх аппарат угсрагдсан, эсвэл угсрагдаагүй); телевизийн камер, дижитал камер болон видео бичлэгийн камер
85.26 Радиолокатор (радар)-ын аппарат, радионавигацийн тусламжийн аппарат болон радиогийн алсын удирдлагын аппарат
85.27 Радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь дуу бичих, сэргээх аппарат, эсхүл цаг угсрагдсан, эсвэл угсрагдаагүй) (зүйл 85.27-д заасан гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч орно)
85.28 Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппаратгүй монитор болон проектор; телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан, эсвэл угсрагдаагүй)

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 291 дүгээр тогтоол

Хоёрдугаар хавсралт:

Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам

3.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулсны дараа зах зээлд нийлүүлэх буюу улсын хилээр нэвтрүүлнэ.

3.3. Жагсаалтад заасан бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. Энэхүү журамд заасан шаардлага хангасан, баримт бичгийн зөрчилгүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх;

Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам (2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн батлагдсан);

Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам (2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан);

Холбогдох хууль эрх зүйн баримт бичигтэй энд (http://www.crc.gov.mn/k/j/C) дарж танилцана уу.

Хүсэлт гаргагч

1. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авахаар хүсэлт гаргагч нь ХХЗХ-ны “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-д заасны дагуу өргөдлийн маягтыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг хавсаргаж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь өргөдлийн маягтыг бүнэр гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ авах өргөдлийн маягтыг дараах хүснэгтээс авна уу.

Хүснэгт 1

Баталгаажуулалтын маягт Баталгаажуулалтын маягтыг бөглөх заавар
1 Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдлийн маягт Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын өргөдөл /Загвар маягт/
2

Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

3

Үйлдвэрлэгчийн мэдэгдлийн маягт

 

Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

4 Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ, гэрчилгээний маягт Тохирлын гэрээ, гэрчилгээний /Загвар маягт/

2. Заавар зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ Хүснэгт 1-д байршуулсан “Баталгаажуулалтын маягтыг бөглөх заавар”-ыг сайтар уншиж, дэлгэрэнгүй зааварчилгаа, тайлбар, жишээ загвартай танилцана уу.

(Холбоо барих хаяг, утас, имэйл хаяг)

3. Баталгаажуулалтын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, сорилт туршилтанд хамруулах бүтээгдэхүүний дээжийг гаргуулна.

4. Хүсэлтийг шийдвэрлэх

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ын дагуу өргөдлийн маягт, дагалдах материалын иж бүрдлийг шалган хүлээж авсаны дараа, холбогдох албад баримт бичигт дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүнийг сорилт туршилтанд хамруулж стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжид “Тохирлын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах, цуцлах журам”-ын дагуу дүгнэлт, зөвлөмж танилцуулгыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх орон тооны бус “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-ны хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулалтын тохирлын тэмдэг авах хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

5. Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулах

Та тохирлын гэрчилгээ олгох шийдвэр хүлээн авсан бол тухайн шийдвэрт заасан хугацаанд ХХЗХ-ны баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ байгуулна.

6. Баталгаажсан бүтээгдэхүүнд тохирлын тэмдэг тавих

Үйлдвэрлэгч, нийлүүлэгчид нь баталгаажуулалтад хамрагдан, холбогдох стандартын шаардлагыг хангаж баталгаажсан тохирлын гэрчилгээтэй тоног төхөөрөмждөө Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны баталгаажсан тоног төхөөрөмжид тохирлын тэмдэг олгох журам” -ын дагуу тус тохирлын тэмдэг хэрэглэнэ.

 

Тохирлын тэмдэг хэрэглэх хүсэлт гаргагч нь дараах маягтуудыг бөглөж ирүүлнэ

Хүснэгт 2

Тохирлын тэмдгийн маягт Тохирлын тэмдгийн маягтыг бөглөх заавар
1 Тохирлын тэмдэг хүсэх өргөдлийн маягт

Тохирлын тэмдэг хүсэх өргөдөл

/Загвар маягт/

2

Өргөдөл гаргах албан хүсэлтийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Аж ахуйн нэгж байгууллага

Б. Хувь хүн

Өргөдөл гаргах албан хүсэлт /Загвар маягт/

А. Аж ахуйн нэгж, байгууллага

Б. Хувь хүн

3

Үйлдвэрлэгчийн албан бичгийн маягт /аль нэгийг бөглөх/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Үйлдвэрлэгчийн мэдэгдэл /Загвар маягт/

А. Монгол Улсад үйлдвэрлэсэн

Б. Гадаад улсад үйлдвэрлэсэн

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ