Home / Articles / "Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт зохион...
"Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт зохион байгуулагдана
2013-10-17

Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар нь “Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг” инженерийн сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтын зорилго нь эфирийн, кабелийн, сансрын телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын инженер техникийн ажилчидад тоон өргөн нэвтрүүлэгийн талаар ерөнхий ойлголт өгөхөөс гадна Монгол Улсад баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалтын талаар мөн тоон станцад ашиглагдах тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, бүтэц зэрэг онолын болоод техникийн мэдэгдэхүүн олгоход оршино.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн Их Хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан. Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналог системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас нилээд олон улс орон 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт телевизийн өргөн нэвтрүүлгийг 2014 онд тоон технологид шилжүүлнэ” хэмээн заасан байдаг .

Одоогийн байдлаар дэлхий нийтээр газрын тоон телевизийн ISDB-T, DTMB, ATSC, DVB-T/T2 гэсэн үндсэн дөрвөн стандарт ашиглагдаж байгаагаас Монгол Улс DVB-T2 стандартыг сонгон хэрэгжүүлж байгаа ба орон даяар 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд бүрэн шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

“Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамгийн чухал боловсон хүчин болох инженер техникийн ажилчидыг сургах, мэдлэг мэдэгдэхүүн олгох нь хөтөлбөр амжилттай хэрэгжих бас нэг үндэс болох юм. Мөн энэхүү сургалт зохион байгуулагдсанаар тус салбарын инженер техникийн ажилчидад тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн системийн талаар туршлага судлах, өөр хоорондоо мэдээлэл солилцох чухал ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ болж байгаа юм.

Сургалтын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ, DDishTV ХХК, ШУТИС-ийн харьяа Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль, Univision TV, Сансар КАТВ байгууллагуудаас сансрын, кабелийн, эфирийн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн системийн талаар илтгэлүүд тавигдана. Сургалтанд арилжааны телевизүүд, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер техникийн ажилчид оролцоно.

Хэзээ: 2013 оны 10 дугаар сарын 18-нд 08:45 – 17:30 цагт
Хаана: Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-ийн хурлын танхим

Эх сурвалж: www.itpta.gov.mn