Монгол улс болон БНХАУ-ын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчдийг БНХАУ-ын Мэдээлэл технологийн аж үйлдвэрийн яамны зөвлөх Рунтянь Кан, Монголын төлөөлөгчдийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарын тэргүүлсэн албаны хүмүүс уулзалтад оролцоо.
Уулзалтад БНХАУ болон Монгол Улсын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, технологи болон дэд бүтцийн хүрээнд байнга тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, улмаар Харилцаа холбооны салбарын хоёр талын уулзалтууд нь хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглээд, хил орчмын бүс нутагт радио давтамжийн зохицуулалт, ашиглалтын үр ашигтай механизмыг нэн даруй бий болгох шаардлагатай байгааг онцлов.
Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хийсэн анхны уулзалтын үр дүн болон радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, ашиглалтын үндэсний бодлого зохицуулалтын талаарх танилцуулгыг харилцан хийсэн ба үүрэн холбооны 2G, 3G, 4G системүүдийн радио давтамжийн ашиглалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх, мөн 2019 онд Дэлхийн Радиогийн их хурлаар хэлэлцэх асуудлуудаар санал солилцлоо.
Харилцан санал, мэдээлэл солилцсоны үр дүнд Өмнөд хөрштэй хилийн бүсэд радио давтамжийн ашиглалтыг зохицуулах протоколд гарын үсэг зурлаа. Протоколд тус хоёр орны хилийн бүсэд үүрэн холбооны зурвасаас эхлэн зохицуулалт хийх шаардлагатайг тодорхойлж нэн тэргүүнд GSM 900 МГц болон CDMA 850 МГц-ийн давтамжийн зурваст гэрээ байгуулах, 2018 оны эхний хагас жилд багтаан БНХАУ-аас CDMA 850 МГц-ийн гэрээний төслийг бэлтгэн ирүүлэх, хоёр талт богино долгионы (HF) хяналтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио спектрийн дүрмийг баримтлан хамтран ажиллах асуудлууд тусгагдсан юм.
Уулзалтад Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийг газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо болон үүрэн холбооны 4 оператор (Mobicom, Skytel, Unitel, G-Mobile), БНХАУ-ын талаас Мэдээлэл технологийн аж үйлдвэрийн яам, Өвөрмонгол, Шинжаан-Уйгарын өөртөө засах орон болон Саньсу мужын Радио долгион хяналтын улсын төв мөн Үүрэн холбооны China Mobile,China Telecom,China Unicom-ын төлөөлөгчид оролцлоо.