Home / Articles / Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны журмын талаар ярилцлага өгөв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны журмын талаар ярилцлага өгөв.
2013-06-09
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны журмын талаар ярилцлага өгөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны журмын талаар ярилцлага өгөв.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны хамтарсан тогтоолоор "Радио телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам" батлагдсан. Тус журмын холбогдох асуудлаар www.aravt.mn сайтад Харилцаа холбооны зохицуулах хорооны хариуцсан мэргэжилтнээс өгсөн ярилцлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна 

2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа 3 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ноос эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн сурталчилгааг хэрхэн нэвтрүүлэх тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны, зохицуулалтын албаны мэргэжилтэн Н.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

  • Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгаатай холбоотой тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

Сурталчилгаатай холбоотой асуудал байнга гардаг л даа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд сурталчилгааны хуваарьт цагийг нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцно гэсэн заалт байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд ч мөн байсан. Тэнцүү хугацаа оногдоно гэдэг нь угаасаа арилжааны телевизүүдийн хувьд огт боломжгүй зүйл байхгүй юу. Мэдээж тухайн нэр дэвшигч, аливаа нэг телевизээр сурталчилгаагаа нэг нь 3 цаг явуулж болно. Нөгөө нь 8 цаг явуулж болно. Энэ нь тухайн нэр дэвшигчийн мөнгөний асуудалтай холбоотой. Тиймээс үүн дээр хэвлэл мэдээллийнхэн маань нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байна. Харилцаа  холбооны зохицуулах хорооны зүгээс ч нэр дэвшигчдийн сурталчилгааг тэнцүүлэх, улмаар үүнийг арилжааны телевизүүд дагаж мөрдөх боломжгүй гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ хуулиндаа ингэж тусгаж байгаа болохоор яах ч аргагүй байна.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчдийн төлбөртэй нэвтрүүлгийг ямаршуухан байдлаар нэвтрүүлэх вэ?

Сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт 1 цагаас илүүгүй байна гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиндаа заасан байгаа. Мөн Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрт ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа оногдохоор тооцож, сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө батална гэж заасан байгаа.

  • 10-аас доошгүй хоног гэлээ. Цаг хугацааны хувьд боломжгүй юм биш үү?

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радиогийн хуваарьт цагийг 10 хоногийн өмнө батална гэдэг нь амьдрал дээр хэцүү л дээ. Учир нь нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвших бүртгэлээ аваагүй, дээрээс нь нэр дэвшигчид цаг хугацааны хувьд шахагдмал байдалтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй сурталчилгаагаа цацуулах гэрээ байгуулдаг. Гэтэл бодит амьдрал дээр гэрээ байгуулаагүй байхад нь урьдчилаад хуваарь батална гэдэг хэцүү.

  • Нэвтрүүлгийн тухайд төлбөртэй нэвтрүүлэг гэдгээрээ хуваарьт цагт тооцогдоод явна. Харин мэдээ яах вэ?

Олон улсад нэгдсэн байдлаар сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар заавар зөвлөгөө гарсан байдаг л даа. Түүнд мэдээг оролцуулдаггүй. Гэхдээ мэдээ, мэдээлэл гэдэг нь зар сурталчилгааны хуулиар ч тэр, сэтгүүлчийн ёс зүйн зарчимд ч тэр мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой. Аль нэг нам, хувь хүн сонгуульд нэр дэвшиж байгаа болон тухайн нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзаж байгаа тухай мэдээ бэлтгэснийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт оролцуулж тооцохгүй. Гэхдээ тэр нь хэт эсрэг нам, эсрэг нэр дэвшигчийнхээ талаар сөрөг мэдээлэл цацахгүй байх ёстой. Мөн сонгогчдын боловсролд зориулсан мэдээ мэдээллийг сурталчилгаанд оруулж тооцохгүй.

  • Аль нэг намын сонгуулийн нээлт боллоо. Түүнийг нь олон нийтэд мэдээлэхэд энэ нь сурталчилгаанд тооцогдох уу?

Тооцогдохгүй. Хууль зөрчсөн асуудал болохгүй.

  • Кабелийн сувгууд сонгуулийн сурталчилгаа явуулж болох уу?

Кабелийн сувгуудаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг УИХ-аас зөвшөөрөөгүй байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ялгаагүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвхөн тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио л сонгуулийн сурталчилгаа явуулахыг зөвшөөрч байгаа. Ингэхээр кабелийн сувгууд сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй гэсэн үг л дээ. Нөгөө талаар кабелийн сувгууд төрөлжиж байгаа учраас сонгуулийн сурталчилгаа явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа.

 эх сурвалж: www.aravt.mn