Home / Articles / Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд...
Монгол улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд “МАЗААЛАЙ” хиймэл дагуулыг бүртгэлээ
2017-06-02

Монгол Улсын Их Сургууль нь Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын анхны хиймэл дагуулын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. “Joint Global Multi-Nation Birds” хэмээх олон улсын уг төсөл нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн хүний нөөцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн үндсэн зорилготой бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсууд тус бүрийн хиймэл дагуулыг бүтээн оролцож байгаа билээ. Монгол улсын залуу эрдэмтэд, инженерүүдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн анхны “Мазаалай” нэрт бага оврын хиймэл дагуулыг 2017 оны  06 дугаар сарын 04-ний өдөр АНУ-ын олон улсын сансар судлалын NASA-ийн станцаас хөөргөн Олон Улсын Сансрын Станцад хүргэх ба улмаар 7-р сард сансрын тойрог замд оруулахад бэлэн болоод байна.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Cансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” Олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “Мазаалай” хиймэл дагуулыг М2017-001 дугаар бүхий Монгол Улсын Сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (VHF/UHF) олголоо.

Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: Монгол Улсын Төрийн дууллыг сансраас радио долгионоор цацах, соронзон чиглүүлэгчийн тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд хосолсон камераар эх дэлхийнхээ зургийг их, бага  нарийвчлалтай авч илгээх, нисэж буй  орчныхоо агаарын нягт, сансрын цацрагийн тархцыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж, газрын станцын сүлжээ хэлбэрээр ажиллах юм.