Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын (APT) Утасгүй Холбооны Ажлын Хэсгийн 21-р уулзалт (AWG-21) 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Ажлын хэсгүүдийн уулзалтын зорилго нь Ази номхон далайн бүс нутгийн утасгүй холбооны технологийн хөгжлийг дэмжих, техникийн шийдлийг боловсруулах, радио долгионы харилцан нөлөөллөөс зайлсхийхэд туслалцаа үзүүлэх зорилготойгоор байнгын бүтэцтэйгээр ажилладаг. Түүнчлэн Дэлхийн Радиогийн Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази Номхон Далайн бүсийн ажлын хэсэгт (APG) техник технологийн судалгааны тайлан ирүүлж, бүс нутгийн орнуудын ба бүсийн байгууллагын нэгдсэн санал бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Одоогийн AWG нь радио спектрийн, технологийн, утасгүй холбооны хэрэглээний асуудлуудад чиглэсэн үндсэн гурван ажлын хэсэгт хуваагдаж ажилладаг бөгөөд тэдгээр нь дэд ажлын хэсэг, зорилтот ажлын хэсгүүдээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг APT-ийн томоохон бүтэц юм.
Энэ удаагийн AWG-21 уулзалтад тус хорооноос технологийн асуудлуудад (WG-Tech) гол анхаарал хандуулан оролцлоо. Уг ажлын хэсэг нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны (ДҮХХ), богино зайн утасгүй холбооны систем, ухаалаг тээврийн холбооны систем, утасгүй цахилгаан дамжууллын гэсэн асуудлууд хариуцсан зорилтот ажлын хэсгүүдэд хуваагдаж судалгааны тайлангуудыг хэлэлцэж, бүс нутгийн орнуудын нэгдсэн дүгнэлт боловсруулдаг.
Тухайлбал энэ удаагийн хуралдааны үеэр AWG-19 уулзалтаар бүс нутгийн орнуудад асуулга байдлаар зарласан “ДРИХ-19-ийн хэлэлцэх асуудал 1.13-д заагдсан ДҮХХ-ны системд ашиглахаар дэвшигдэж байгаа радио давтамжийн шинэ зурвасуудын өнөөгийн хэрэглээ цаашдын төлөвлөлт” гэсэн асуулгад гишүүн орнуудаас ирүүлсэн баримт бичгүүдийг хэлэлцэж, хариулт ирүүлсэн гишүүн орнуудын тоо хангалтгүй байгаа тул AWG-23 уулзалт хүртэл асуулгын хариулт авах хугацааг 2018 оны нэгдүгээр улирал хүртэл сунгав. Мөн “5G ба ДҮХХ-2020” сэдвээр хийгдсэн илтгэлүүд APT/AWG (INP-30(CHN), INP-39 (KDDI), ба INF-13 (Qualcomm)) нь олон улсад хөдөлгөөнт холбооны хөгжлийн талаар хийгдэж байгаа судалгаануудын чиглэлийг товч тодорхойлж байлаа.