Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндэсний 7 стандартыг...
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндэсний 7 стандартыг шинээр баталлаа
2016-06-10
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндэсний 7 стандартыг шинээр баталлаа Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндэсний 7 стандартыг шинээр баталлаа

Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, уул уурхай, ашигт малтмал, газрын тос, хөдөө аж ахуй, төмөр зам, авто зам, тохирлын үнэлгээ зэрэг чиглэлээр боловсруулж, Стандартчиллын Техникийн 8 салбар хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан болон шинэчилсэн нэр бүхий 74 стандартуудын төслийг хэлэлцэн 70 төслийг Үндэсний стандартаар баталсан болно. Үүнд: мэдээлэл, харилцаа холбооны 7, эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн 4, уул уурхай, ашигт малтмалын 11, газрын тосны 1, хөдөө аж ахуйн 1, төмөр замын 35, авто замын 4, тохирлын үнэлгээний 7 стандартууд байна.

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр:

  • Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр шинээр боловсруулсан 4 хэсэг стандартаас бүрдсэн “Таних карт. Интеграл схемтэй зайнаас унших карт-Богино зайнаас уншигддаг карт-MNS ISO/IEC 14443:1-4 бүлэг стандарт” (Интеграл схемтэй зайнаас унших карт. Богино зайнаас уншигддаг карт - 1-р хэсэг: Физик шинж чанар; Интеграл схемтэй зайнаас унших карт. Богино зайнаас уншигддаг карт - 2-р хэсэг: Радио давтамжийн чадал болон дохионы интерфейс; Интеграл схемтэй зайнаас унших карт. Богино зайнаас уншигддаг карт - 3-р хэсэг: Ажиллагааг эхлүүлэх болон давхцлаас сэргийлэх; Интеграл схемтэй зайнаас унших карт. Богино зайнаас уншигддаг карт - 4-р хэсэг: Дамжууллын протокол); “Үүрэн холбооны бааз станцуудын давтамж орон зайн тусгаарлалт, илүүдэл цацаргалтын хэмжээ, хэмжих арга”; “Мэдээлэл технологийн суурь мэдлэгийн шалгуур”; “Телевизийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага” зэрэг нийт 7 үндэсний шинэ стандартын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг тус тус боловсруулжээ.
  • Тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд, Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 7 үндэсний стандартыг батлан шийдвэрлэсэн.

Шинээр баталсан үндэсний стандартууд:

  1. “Таних карт. Интеграл схемтэй зайнаас унших карт-Богино зайнаас уншигддаг карт MNS ISO/IEC 14443:1-4” бүлэг стандарт.

Монгол Улсад зайнаас уншдаг, ойрын зайнаас уншдаг төрөл бүрийн цахим картын хэрэглээ хурдтай өсөн нэмэгдэж, түүний дотор зайнаас уншдаг картууд банк, нийгмийн олон салбарт нэвтэрч байна. Эдгээр картыг хэрэглэх, ашиглахад өнөөг хүртэл тавигдах нөхцөл, шаардлагууд болон стандартууд тодорхойгүй, хэрэгжүүлэгч байгууллага өөрийн үзэмжээр техник технологийн тоног төхөөрөмж, картуудаа сонгож байгаа нь үйл ажиллагаа, давтамжийн үл уялдаа, үл нийцэл, технологийн зөрчилдөөн үүсгэх магадлалтай байсан юм. Тухайлбал, банкны зарим карт, ажлын газрын картан үнэмлэх, нийтийн тээврийн U-Money карт г.м

Иймээс Монгол Улсад зайнаас уншдаг, тэр дундаа богино зайнаас уншдаг картын стандартыг олон улсын стандартыг үндэслэн хэрэглээнд ашиглах зайнаас уншдаг картын техникийн үзүүлэлт, шаардлагатай тоног төхөөрөмж, холболт, радио давтамж, дамжууллын протоколд тавигдах нэгдмэл шаардлагыг тогтоох, нэгдмэл стандартын дагуу картын технологи, хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор Олон улсын Стандартчиллын байгууллага, Олон улсын цахилгаан техникийн хорооноос баталсан ISO/IEC 14443:1-4 бүлэг стандартыг (ISO/IEC 14443-2:2016, Identification cards - Contactless integrated circuit cards - Proximity cards - Part 1: Physical characteristics; ISO/IEC 14443-2:2010, Identification cards. Contactless integrated circuits cards. Proximity cards. Part 2: Radio frequency power and signal interface; ISO/IEC 14443-3:2011, Identification cards. Contactless integrated circuit cards. Proximity cards. Part 3: Initialization and anti collision; ISO/IEC 14443-2:2008, Identification cards. Contactless integrated circuit cards. Proximity cards. Part 4: Transmission protocol) үндэслэн шууд нэг нэгийн харьцаатай орчуулан боловсруулж батлуулсан болно.  

Энэхүү бүлэг 4 стандартыг баталснаар  интеграл схемтэй зайнаас унших картыг олон улсын стандартын дагуу физик шинж чанар,  радио давтамжийн чадал болон дохионы интерфейс, ажиллагааг эхлүүлэх, давхцлаас сэргийлэх, дамжууллын ашиглах протокол зэргийг тодорхой зааж, энэ төрлийн картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах протокол, техник технологи, давтамжийн зохицуулалтыг бүрдүүлэх, аюулгүй ажиллагаа, нууцлалтыг найдвартай хангах, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг чанартай хүргэх боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд картын үйлчилгээнд ашиглах техник, протокол, давтамжийн талаар хяналт тавих боломжийг бүрдүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

  1. “Үүрэн холбооны бааз станцуудын давтамж, орон зайн тусгаарлалт, илүүдэл цацаргалтын хэмжээ, хэмжих арга” стандарт.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2015 онд хуралдсан Дэлхийн Радиогийн Их Хурлаар улс орнуудад үүрэн холбооны 4 дэх үеийн үүрэн холбооны өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасуудыг нэмэгдүүлэх шинэ давтамжийн зурвасуудыг хуваарилан баталсан юм. 

Олон тооны утасгүй холбооны шинэ техник, технологиуд харилцаа холбооны салбарт олноор болж нэвтэрч байгаа бөгөөд өргөн зурвасын өндөр хурдны үүрэн холбоо, тэдгээрийг ашиглах үйлчилгээний нэр төрөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа зэрэг нь олон төрлийн радио антенуудыг нэг цамхаг, үйлчилгээний нэг байрлалд олноор байршуулан суурилуулах, ашиглах, ажиллуулах шаардлага гарч байна. Энэ тохиолдолд олон улсад ашиглаж байгаа холбогдох ОУЦХБ-ын зөвлөмжүүд (ITU-R SM.329-12, Хажуугийн илүүдэл цацаргалт; ITU-R SM.337-6, Давтамж ба орон зайн тусгаарлалт; ITU-R SM.1541-6, Зурвасын-гаднах илүүдэл цацаргалт; ITU-R M.1580, IMT-2000 газрын сүлжээний радио интерфейст ашиглах бааз станцуудын илүүдэл цацаргалтын төрлүүдийн үзүүлэлт; ITU-R M.1581, IMT-2000 газрын сүлжээний радио интерфейст ашиглах хөдөлгөөнт станцуудын илүүдэл цацаргалтын төрлүүдийн үзүүлэлт; ITU-R M.1457, IMT-2000 газрын сүлжээний радио интерфейсуудын нарийвчилсан үзүүлэлт)-ийг судлан боловсруулж холбогдох нэр томьёо, үүрэн холбооны бааз станцуудын давтамж, орон зайн тусгаарлалт, хажуугийн ба зурвасын гаднах илүүдэл цацаргалтын хэмжээ, хэмжүүрийн тоног төхөөрөмжид тавигдах шаардлагууд, антены тусгаарлалт, хэмжилтийн хязгаарлалт, хэмжих аргачлал зэргийг тодорхойлон Монгол Улсад ашиглах, нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор гарсан болно.

Иймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын дагуу олгосон зөвшөөрлийн хүрээнд ОУЦХБ-ын зөвлөмж болон Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хуулийн холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үүрэн холбооны бааз станцуудын давтамж, орон зайн тусгаарлалтын зэрэг үзүүлэлтийг тодорхойлж, илүүдэл цацаргалтын хэмжээг тооцоолох загвар ба томьёо, хэмжих аргачлалыг тодорхойлж, харилцан нөлөөлөлгүй, чанартай үйлчилгээг үзүүлэх, хяналт тавих зорилгоор энэ стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулсан болно.

     3. “Мэдээллийн технологийн суурь мэдлэг” стандарт.

Дэлхий дахины хөгжлийн хандлага мэдээлэлжсэн нийгэмд шилжиж байгаа өнөө үед мэдээллийн технологи нь үйлдвэрлэлийн хөгжил, нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих хүчин зүйл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөө талаас мэдээллийн технологи зөвхөн үйлдвэрийн зардлыг бууруулах, үйлчилгээ дэмжих хэрэгсэл болохоос гадна боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт өргөн нэвтэрч, бүх нийтийн хэрэглээ болох хандлага байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлүүд ажлын байрны шаардлагыг тодорхойлохдоо мэдээллийн технологийн суурь мэдлэгийн ерөнхий шаардлагыг зааж өгөх болсон юм.

Байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийг дэмжихэд   мэдээллийн сүлжээ, технологид оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, дэвшилтэт мэдээллийн системийг бий болгох, ашиглахад мэдээллийн технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн, чадвартай мэдээлэл харилцаа холбооны мэргэжлийн бус ажилтан, албан хаагчдын хэрэгцээ шаардлага нэмэгдэн, тэдгээрийг сургаж хөгжүүлэх нь зайлшгүй чухал асуудал болж байна. Үүнтэй уялдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн суурь мэдлэг, чадварыг тодорхойлсон зөвлөмжийн стандарт буюу суурь мэдлэг, ур чадварын стандартыг нутагшуулах шаардлага зүй ёсоор гарч ирсэн юм.

Дэлхий олон улс орнууд бүхэн өөрийн гэсэн мэдээллийн технологийн суурь мэдлэгийн стандартыг гарган , үйл ажиллагаандаа жишиг болгон даган мөрдөж байна. Тухайлбал; Япон улс мэдээллийн технологийн суурь мэдлэгийн стандарт, Европын холбооны улсууд ECDL (European Computer Driving License), Австрали, Араб, Канад, Ази, Африкийн орнууд олон улсын стандартад ICDL (International Computer Driving License) дээр суурилсан өөр өөрийн орны стандартыг тус тус боловсруулан ашиглаж байна. Дээрх суурь мэдлэгийн үндсэн шаардлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, түүнийг үнэлэх шалгуур, нийтлэг үзүүлэлтийг тогтоосон, өөрийн орны онцлогт нийцсэн үндэсний стандартыг боловсруулсан.

Энэ стандартыг баталснаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх мэдээллийн технологийн суурь мэдлэгийн загварыг тодорхойлж, бүх шатны байгууллага, ААН-д нутагшуулах, стандартад тулгуурлан их, дээд сургууль болон бусад боловсролын байгууллага сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах боломжтой болно.  

Мэдээллийн технологийн суурь мэдлэгийн стандартыг нутагшуулах, хэрэглэх нь төр ба хувийн хэвшлийн байгууллагад мэдээллийн технологийн суурь мэдлэг бүхий практик чадамж, чадавхтай хүний нөөцийг ажиллуулах, чадавхийг бүрдүүлэх ач холбогдолтой.

    4. “Телевизийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага”.

Өнөө үед техник технологийн эрчимтэй хөгжил, дэвшилтэй уялдан Монгол Улсад өргөн нэвтрүүлгийг агаараар, хиймэл дагуулын сүлжээ, кабель зэрэг төрөл бүрийн хэлбэрээр ард иргэдэд дамжуулан хүргэж, дамжуулах технологи, үйлчилгээний цар хүрээ өргөжин тэлэхийн хирээр холбогдох хууль, тогтоомжийн дагуу өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд олноор тусгай зөвшөөрөл авч байна.

Айл өрхийн хүлээн авах, үзэх телевизийн өргөн нэвтрүүлэг, сувгийн тоо олширч, мэдээллийн урсгал нэмэгдэхийн хирээр төрөл бүрийн мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах хэрэгцээ шаардлага гарч ялангуяа мессеж зар, урсдаг хэлбэрийн мэдээ, мэдээллийг үзэгчдэд харагдах байдал, тухайн нэвтрүүлгийг үзэхэд саад болж байгаа эсэхийг үл харгалзан хэлбэр, хэмжээ, өнгө, форматын төрөл бүрийн хэлбэрээр бэлтгэн дамжуулж, өнгө дүрс, зураглалын шаардлага хангаагүй, хэт олон мэдээллийг дэлгэцийн талбайд замбараагүй байрлуулж нэгэн зэрэг үзүүлж байгаа нь үзэгчдийн хувьд өнгөний ялгарал муутай, үг үсгийн алдаатай, шууд уншихад хүндрэлтэй, хэт хурдан урсгах эсхүл олон мөрөөр гаргах зэргээр тухайн нэвтрүүлгийг үзэхэд хүндрэлтэй байдал үүсч, хэрэглэгчдээс гомдол олноор тус хороонд ирсэн болно.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчид олон мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах хэрэгцээ шаардлага гарч урсдаг хэлбэрийн мэдээ, мэдээллийг үзэгчдэд харагдах байдал, тухайн нэвтрүүлгийг үзэхэд саад болж байгаа эсэхийг үл харгалзан хэлбэр, хэмжээ, өнгө, форматын төрөл бүрийн хэлбэрээр бэлтгэн дамжуулж, өнгө дүрс, зураглалын шаардлага хангаагүй, хэт олон мэдээллийг дэлгэцийн талбайд замбараагүй байрлуулж нэгэн зэрэг нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүндрэл учруулж байна. Энэ нь  үзэгчдийн хувьд өнгөний ялгарал муутай, үг үсгийн алдаатай, шууд уншихад хүндрэлтэй, хэт хурдан урсгах эсхүл олон мөрөөр гаргах зэргээр тухайн нэвтрүүлгийг үзэхэд хүндрэлтэй байдлыг арилгах, хэрэглэгчийн эрхийг хангах, олон улсын түвшинд нийцүүлэх шаардлага гарч байна.

Телевизийн өргөн нэвтрүүлэг, сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас үгэн болон урсдаг мэдээлэл нэвтрүүлэх, мэдээллийн форматад тавих стандартыг тодорхой болгож, үйл ажиллагаандаа энэхүү стандартыг дагаж мөрдөнө.

Дээрх 7 стандартын төслийг боловсруулсан багийн бүрэлдэхүүнд Секьюрити Солюшн, Сервис, Консалтинг ХХК-ийн захирал, профессор Т.Халтар; Зөвлөх инженер М.Наранбаатар, зөвлөх инженер Ч.Энхболд, МҮОНРТ-ийн Техникийн төвийн ахлах инженер Т.Зандмаа, Юнител ХХК-ийн инженер Н.Дөлгөөн; ШУТИС-ийн профессор С.Байгалтөгс, дэд профессор Ч.Мөнхнасан, МУИС-ийн профессор Д.Болормаа, дэд профессор Б.Сувдаа, багш Б.Батням;  “МҮОНТ, Монголын мэдээ” суваг, редактор, сэтгүүлч, зохиолч С.Дашням, SBN телевизийн зөвлөх инженер Д.Болорхүү, МТШХХГ-ын ахлах мэргэжилтэн, зөвлөх инженер Н.Цэвээндарь,  докторант Д.Алтантуяа,  эдийн засагч Ж.Ням-Эрдэнэ зэрэг салбарын мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл нар ажиллажээ.

Шинээр батлагдсан үндэсний стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СХЗГ-ын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын Техникийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ундраа-д талархлаа илэрхийлье.