Home / Articles / Интернетийн үйлчилгээний ижил үнэ тарифыг энэ сарын...
Интернетийн үйлчилгээний ижил үнэ тарифыг энэ сарын 11-нээс мөрдөнө
2016-04-07
Интернетийн үйлчилгээний ижил үнэ тарифыг энэ сарын 11-нээс мөрдөнө Интернетийн үйлчилгээний ижил үнэ тарифыг энэ сарын 11-нээс мөрдөнө

 

Сар бүрийн эхэнд аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд боллоо. Тус хурлаар улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх болон энэ онд хэрэгжүүлэх авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг орон нутгийн удирлагуудад өгч, тэдний асуултад хариуллаа.

Монгол Улсын Засгийн газар хөдөө, орон нутгийн иргэддээ чиглэсэн үе шаттай бодлогуудыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг зохион байгуулснаар баруун аймгуудад шатахууны үнийг 150-350 төгрөгөөр буулган Улаанбаатар хотынхтой ойролцоо үнэтэй болгосон. Мөн орон нутагт энэ оны дөрөвдүгээр сараас том онгоцоор нисгэхээр Засгийн газраас чиглэл өгч, ажиллаж байна. Малчны зээлийн хүүг бууруулсан, мах экспортолж эхэлсэн зэрэг хөдөөд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр бодлогын зангилаа нь орон нутгийн иргэдэд хүрч буй мэдээллийн түвшин адилхан байх юм. Тиймээс Ерөнхий сайд хөдөө, орон нутагт интернэт дамжуулах хурд, багтаамжийг нэмэгдүүлэх,  үйлчилгээний үнийг бууруулах үүрэг даалгаврыг өгсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, өрх 1Мbps интернэтийг 13 мянган төгрөгөөр ашиглаж байхад орон нутгийн иргэд 55 мянга, байгууллагууд 75 мянган төгрөгөөр худалдан авч байна. Орон нутгийн иргэд хотынхны хэрэглэж байгаагаас 4-5 дахин бага хурдтай интернэтийг 4-5 дахин илүү үнээр хэрэглэж байсан байна. 

Интернэтийн үйлчилгээний хурд, багтаамж хөдөө орон нутагт хоёр дахин нэмэгдсэн, энэ сарын 11-нээс нийслэл хотынхтой ижил үнэ тариф мөрдөж эхэлнэ гэж Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай хэллээ.

Мэдээллийн их сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба