Home / Articles / Мэдэгдэл: Гарсан зөрчлүүдийг зассан эсэхийг дахин шалгаж...
Мэдэгдэл: Гарсан зөрчлүүдийг зассан эсэхийг дахин шалгаж байна
2013-04-05

-ХХЗХ олон нийтийг төөрөгдүүлэх ташаа мэдээлэл гаргаж байгаа болчимгүй үйлдэлд харамсаж байна-

 

“Улс төрийн тойм” сонин, ipost.mn веб сайтад гарсан “Монголын төр иргэдээсээ интернетийн эрх чөлөөг дээрэмдлээ“ гэсэн нийтлэлд Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос албан ёсны хариу тайлбар өгөх ёстой гэж  үзэж, дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

Тус хороо нь хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, үйлчилгээний чанар, стандартыг хангуулах зорилгоор хэмжилт шалгалтыг мэргэжлийн түвшинд хийж, гарсан зөрчил дутагдлыг тухай бүр арилгах ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг.

Энэ ажлын хүрээнд 2012 оны 4-р улирлаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевиз, кабелийн суваг, интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах, техникийн стандартыг хангуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайлбал интернетийн үйлчилгээ үзүүлэгч 34 аж ахуйн нэгж байгууллагад хэмжилт шалгалт хийснээс нийт 15 үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг даалгавар, тодорхой шаардлагыг хүргүүлсэн. Эдгээрийн нэг болох “Номсис” ХХК нь интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд 8 зөрчил, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүрээнд 4 зөрчил тус тус гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм.

Уг компанийн үйл ажиллагаанд илэрсэн томоохон зөрчлүүдийг дурдвал:

  1. Хэрэглэгчдэд өгч байгаа интернетийн хурдыг найдвартай хангаж ажиллахын тулд гадаадаас авч буй урсгалын нийт багтаамж 10%-аас доошгүй нөөцтэй байх шаардлагыг хангаагүй, сүлжээний ачаа дүүрсэн, түүнчлэн сүлжээний техник төхөөрөмжүүдийн суурилуулалт стандарт хангаагүй байсан.  
  2. Дотоодын веб сайтууд руу 24 цагийн хязгаарлалтгүй хурдаар холбогдох боломжийг хэрэглэгчдэд олгох, түүнчлэн хэрэглэгчиддээ өөрийн өгч буй хурдыг шалгах боломж бүхий speedtest.mn программыг санал болгох ёстой гэсэн шаардлагыг хангаагүй байсан.
  3. Хэрэглэгчтэй хийх гэрээндээ шинээр хэрэглэгч холбох хугацаа, гэмтэл саатлыг засах хугацаа, хэрэв гэмтэл саатал гаргасан бол интернэт тасарсан хугацааны интернэтийн төлбөрийг төлбөрөөс хасаж тооцох талаар дэлгэрэнгүй тусгах шаардлагыг хангаагүй, түүнчлэн хэрэглэгчдэд хурдыг хувааж өгөх тохиолдолд энэ талаар тухайн хэрэглэгчдэд тодорхой, ойлгомжтой болгох үүрэгтэй ч хэрэглэгчтэй хийсэн гэрээнд мөн тусгадаггүй байсан зэрэг нь хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц, чанартай үйлчилгээ үзүүлэх баталгаа байхгүй байгааг харуулж байгаа юм.
  4. Айл өрх, хувь хүмүүс, интернэт кафе, төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад 18-аас дээш насны контент руу хандах шүүлтүүртэй үйлчилгээг санал болгох тухай шаардлагыг биелүүлээгүй байсан.
  5. 2422 МГц, 2447 МГц, 2472 МГц-ийн (3; 8; 13-р суваг) радио давтамжийг ашиглах зөвшөөрөлтэй байтал хэмжилт шалгалт хийж үзэхэд 2400-2462 МГц-ийн радио давтамжийн зурвасыг (1-11 дүгээр сувгууд) бүхэлд нь ашиглаж байсан,  шалгалтаар бааз станц хоорондын радио релейнд 5ГГц-ийн (5180 МГц; 5200 МГц; 5220 МГц; 5280 МГц; 5300 МГц; 5785 МГц) радио давтамж ямар ч зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан, нэвтрүүлэгчийн гаралтын чадал (EIRP) 100 мВт-аас хэтрэхгүй байх гэсэн  шаардлагыг хангаагүй байсан зэрэг үйлдлүүд нь Радио долгионы тухай Монгол Улсын хуулийг болон утасгүй интернетийн техникийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн төдийгүй Улаанбаатар хотод утасгүй интернетийн үйлчилгээг үзүүлж байгаа бусад үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийг дур мэдэн давхар ашиглаж, тэдний үйлчилгээг доголдуулахад хүргэж байсан.

Дээрх дурдсан зөрчлүүдийг тодорхой хугацааны дотор арилгахыг үүрэг болгож, сануулсан бөгөөд тус компаниас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн зөрчлүүдээ арилгасан тухай тайлбарыг ирүүлсэн болно. Одоогоор энэ мэтчилэн зөрчил гаргасан үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн тайлбарыг газар дээр нь дахин шалгаж, үр дүнг баталгаажуулах ажил үргэлжилж байна.

Харин Номсис ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаагүй байхад албан ёсны эх сурвалж тайлбаргүй, нэг талыг барьсан баримт нотолгоогүй ташаа мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх ажлыг санаатайгаар зохион байгуулан ХХЗХ-г гүтгэсэн мэдээлэл гаргаж байгаа зарим нэг хувь хүмүүсийн болчимгүй үйлдэлд харамсаж байна.

Иймд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо зах зээлийн шударга өрсөлдөөнд саад учруулсан аливаа үйлдлийг зохицуулах үндсэн чиг үүргийнхээ дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллахын зэрэгцээ мэдээлэл, харилцаа холбооны бизнесийн орчинг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах зарчмыг хатуу баримтлан ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.