Home / Articles / Арвин их “сан хөмрөг” бүхий мэдлэгтэй боловсон...
Арвин их “сан хөмрөг” бүхий мэдлэгтэй боловсон хүчин “Виртуал инкубатор”-т бойжиж буйг онцлох хэрэгтэй
2015-12-02
Арвин их “сан хөмрөг” бүхий мэдлэгтэй боловсон хүчин “Виртуал инкубатор”-т бойжиж буйг онцлох хэрэгтэй Арвин их “сан хөмрөг” бүхий мэдлэгтэй боловсон хүчин “Виртуал инкубатор”-т бойжиж буйг  онцлох хэрэгтэй
 

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Старт Ап компаниудаараа дамжуулан техник технологийн хөгжлийг хурдавчилж, тэр чинээгээр “гайхамшиг”-ийг бүтээж, технологийн өрсөлдөөнийг бүхий л салбар руу хандуулж байна. Энэхүү олон улсад хөгжиж буй Старт Ап компаниудын олон мянган бизнес санааг бойжуулж, хөгжүүлж, зах зээлийн арилжаанд ороход чиглүүлж, цаашид бие даан хөгжихөд  дэмжлэг болдог үйлчилгээ бол “Виртуал инкубатор” юм. 

Тиймээс Мэдээллийн технологийн үндэсний парк үндсэн Инкубатораа өргөтгөн гадаад зах зээлд өргөн нэвтэрч байгаа “Виртуал инкубатор”-ыг Монголдоо нутагшуулахаар анхны элсэлтээ зарласан билээ.  Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр дотооддоо гарааны компаниудыг олноор төрүүлж, өсч бойжин хөл дээрээ зогсож, инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, “Виртуал инкубатор”-аар дамжуулан компани төдийгүй хувь хүнд бизнес санаагаа бүтээгдэхүүн болгон хувиргах өргөн боломжийг МТҮП  нээлттэй болгож өгсөн.

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзүүлэх онлайн таван багц виртуал үйлчилгээг өнөөдрийн байдлаар нэг компани, 2 иргэн авч байгаа ба анхны элсэгч Б.Нямзаяа захиралтай “Beyond security” ХХК “Мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал”, иргэн Д.Дэжидмаа “Газар зүйн мэдээллийн системийн нэгдсэн өгөгдөл бүхий ухаалаг технологи”, иргэн Х.Хүдэрболд “Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ, сургалт” төслөө тус тус хэрэгжүүлэхээр “Виртуал инкубатор”-ыг сонгосон залуусын амжилтыг МТҮП-ын Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэг ийнхүү онцоллоо.

“Beyond security”-ынхан дэлхийн  түвшинд мэргэжилтнээ

чадваржуулсан, удахгүй олон улсаас хөрөнгө татна

Манай “Виртуал инкубатор”-ын компани “Beyond security” Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах бизнес төлөвлөгөөтэй орж ирсэн юм. Тус компанийн хамт олон виртуалд элссэнээсээ хойш багагүй амжилт гаргажээ. Тухайлбал, “Beyond security”-ийн ажилтан Г.Жигжидсүрэн, А.Од нар олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын шинжээчдийн шалгалтыг амжилттай өгч, дэлхийн 100 улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Oualys Guard” сертификатыг хоёулаа гардан авсан сайхан мэдээтэй. Ийнхүү боловсон хүчнээ олон улсын түвшин хангахуйц чадваржуулж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна.

Түүнчлэн КOЙКА-гаас Азийн орнуудын дунд зарласан Мэдээллийн технологийн Аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх Far East University MNCERT-ийн төсөлд оролцсон боловч монгол мэргэжилтний тоо цөөн, төслийн үр дүн бага байх магадлалтай шалтгаанаар хасагдсан ч жил бүр зарлагдах уг төсөлд дахин “даагаа нэхнэ” хэмээн “Beyond security”-ийн захирал Б.Нямзаяа 2016 оныхоо ажилд төлөвлөжээ. Тус компани БНСУ-ын төслийн багц сургалтын хөрөнгө оруулалтыг татсанаар Монгол Улсын дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн чадавхийг бий болгох, төсвийн менежментийг сайжруулах, E-системийн төслийг хэрэгжүүлэх өмнөх зорилгодоо ч хүрэх гэнэ.

“Beyond security”-ийнхан ганц өөрийн компани дотроо бус салбарын хэмжээнд сэтгэж, салбарын хөгжилд хувь нэмэр болох дээрх төслийн 323 000 ам.долларын санхүүжилтийг  татсанаар мэдээллийн технологийн  мэргэжилтэнг чадваржуулж сардаа 20, нийт нэг жилийн хугацаанд 240 боловсон хүчинг мэргэшүүлж олон улсын сертификаттай мэргэжилтэнг зах зээлд бэлтгэн гаргах юм. Гадны өндөр мэргэжилтэй багш нар аюулгүй байдлын нарийн мэргэжлийн чиглэлээр хичээл заах ба энэхүү хөрөнгө оруулалтыг татах зорилго нь удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэж байна.

Мөн Б.Нямзаяа захирал “Виртуал инкубатор”-ын хугацаанд “Голомт” банкны мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд ISO27001 болон DLP (Data Loss Prevention) халдлагаас хамгаалах зөвлөгөө, сургалтыг амжилттай зохион байгуулж, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг нутагшуулах ажлынхаа эхлэлийг тавьжээ. Өнгөрсөн 9 дүгээр сард “МNSEC-2015-Мэдээллийн аюулгүй байдал” арга хэмжээнд оролцож “Цахим банкны сул тал, халдлага, зөрчил” сэдвээр илтгэл тавьсан ба мөн 2014 онд зохиогдсон анхны арга хэмжээнд “Улаанбаатар хотын утасгүй сүлжээний аюулгүй байдал” илтгэлийг тавьж байсан юм.

Монгол хөрсөнд буулгах  хүсэл, зорилго асар их байна

Манай  “Виртуал инкубатор”-ын хоёр дахь гишүүн иргэн Д.Дэжидмаа Япон, АНУ-д магистр хамгаалж, тэндээ ажиллаж туршлагажсан манай шилдэг боловсон хүчний нэг. Виртуалд элссэн даруйдаа 6 дугаар сард зохиогдсон НҮБ-ын дэргэдэх Орон зайн мэдээллийн менежментийн хорооны Ази, Номхон далайн бүсийн олон улсын хуралд оролцож, “Монгол орны одоогийн Газар зүйн мэдээллийн  систем хөгжүүлэлтийн хүний нөөцийн чадавхи” сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүнд үнэхээр мэдлэг, олон улсад ажиллаж байсан туршлага нь байна. Харин Монгол хөрсөнд буулгах туршлага дутагдаж байна гэж өөрийгөө товч тодорхойлсон Д.Дэжидмаа манай виртуалийг сонирхон,зорин ирж билээ. Виртуалынхаа хугацаанд компани байгуулах зорилготой байсан ч хараахан энэ зорилгоо амжуулах цаг гаргаж чадаагүй  нь учиртай. Түүний мэдлэгийг олон хамтрагч “ашиглаж”, толгой өндийх завгүй Захиалгат гэрээны ажлыг дуусгажээ. Ийнхүү Д.Дэжидмаа хэмээх оюунлаг эмэгтэй маань хувь хүний зүгээс компанийн хэмжээний томоохон ажлыг амжуулсаар явна.

“Чингис Ланд Девелопмент” ХХК-ийн хэрэгжүүлж буй хурдны замын трассын дагуух газар зүйн болон орон зайн мэдээллийн сан үүсгэх ажлыг Web GIS нээлттэй эх үүсвэрийн програм хангамж ашиглан гүйцэтгэж байна. Мөн Сэлэнгийн Алтанбулаг-Улаанбаатар-Дорноговийн Замын-Үүд чиглэлийн Олон улсын хурдны замын трасс, түүний орчмын газар зүйн мэдээлийн сан үүсгэх ажлын ард сууж буй ажээ.

Мөн гадаад орны туршлагыг нэвтрүүлэхээр Урд хөршийн Орон зайн мэдээллийн агентлагтай холбоо тогтоож, Хятадын анхны авто замын навигацийн төслийг хэрэгжүүлсэн томоохон компанитай бизнес уулзалт зохион байгуулах гэж байна. Түүнчлэн Монгол Улсынхаа хотуудын холбоотой хамтран эх орны Ногоон хөгжлийн бодлогыг хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу хамтран ажиллах төлөвлөгөөг ирэх оныхоо төлөвлөгөөнд тусгажээ.

Түүнд Монгол орны газар зүйн мэдээллийн нэгдсэн “архив” байгаа гэхэд хэлсдэхгүй. Ийнхүү салбар болгоны хэрэгцээг хангах мэдээллийн нэгдсэн арвин их “сан хөмрөг” бүхий  нөөцтэй, мэдлэгтэй боловсон хүчин манай “Виртуал инкубатор”-т бойжиж буйг  онцлоход таатай байна.

Энэхүү мэдээллийг уншигч Та бүхэнд дуулгахад, мэдээллийн технологи гэлтгүй бусад бүх чиглэлийн шинэ бүтээлч санаа, шийдэл бүхий мэргэжилтнүүдийн өмнө манай “Виртуал Инкубатор”-ын үүд хаалга нээлттэй байж, Таны шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргахад бид туслах болно гэдгийг хэлэхэд таатай байна. Хамтдаа хөгжлийг түүчээлье.

Эх сурвалж: www.itpark.mn