Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-ын нэрийн өмнөөс, миний бие Монгол Улсад Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. ОУЦХБ нь тус хороотой үндэсний зохицуулах байгууллагын хувьд төдийгүй ОУЦХБ-ын хөгжлийн хэлтсийн салбарын гишүүн байгууллагын хувьд байнгын хамтын ажиллагаатай байдаг.
Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Улсын Засгийн газар болон тус улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарынханд үүрэн холбооны нэвтрэлтийг одоогийн өндөр түвшинд хүргэж (үүрэн холбооны нэвтрэлт 2014 онд 165,9 болсон), зах зээлд мэдрэгдэхүйц бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн салбарынхаа хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаад баяр хүргэхийг хүсч байна.
Мөн аливаа улс орны нийгэм-эдийн засгийн өсөлтөд ихээхэн чухал ач холбогдолтой Интернетийн өсөлтөд маш их ахиц дэвшил гарсан. Цахилгаан холбооны үйлчилгээнээс гадна Монгол улс нь телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулалтыг аналоги системээс тоон системд бүрэн шилжүүлсэн Ази тивийн улс орнуудын анхдагчуудын нэг болж байгааг онцлон тэмдэглэе. Үүнээс гадна Монгол улсын өөрийн хиймэл дагуулыг хөөргөх болон интернетийн зурвасыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь өндөр чанартай мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд бүтцийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ нь “тоон” эсвэл “цахим” эрин үеийн хувьд чухал асуудал юм.
Үр дүнтэй зохицуулалт нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг улс орнуудыг ухаалаг нийгэм рүү чиглүүлэгч гол түлхүүр, хүчин зүйл болгодог. Дэлхийн дахинд зохицуулагчид нийгэм-эдийн засгийн зорилтуудад тулгуурласан нэгдсэн зохицуулалтын зарчмыг нэвтрүүлэх буюу 4 дэх үеийн зохицуулалт руу тэмүүлсээр байсан. Олон улсын эдгээр зохицуулалтын зарчмууд нь Монгол Улсад ч чухал ач холбогдолтой гэдэгт би итгэлтэй байна.
ОУЦХБ болон Монгол улс нь IPv6 хувилбар, баталгаажуулалт, тохирол ба нийцэл, 4 дэх үеийн хөдөлгөөнт холбооны бодлого болон зохицуулалт, хиймэл дагуулын холбоотой асуудлууд зэрэг тоон хөгжлийн чухал үе шатуудад хамтран ажиллаж байна .
ОУЦХБ-ын 2014 оны Онц бөгөөд Бүрэн эрхэт төлөөлөгчдийн бага хурлаар гишүүн орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болон Алсын хараа -2020 хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаар бид цаашид шинэ загвар, шинэ систем рүү тэмүүлж тэдгээрт хүрэхэд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа билээ.
Ингэхдээ, ОЦУХБ тус байгууллагын гэр бүл буюу гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улс дахь бүхий л талуудтай гар гараа барилцан тууштай хамтран ажиллах болно.
Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэхийн ялдамд бидний хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хоулин Зоа