Home / Articles / КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН...
КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН
2013-02-18

МОНГОЛ УЛСЫН

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

Хэвлэлийн мэдээ 2013.01.17

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос 2011 оны 9 дүгээр сараас эхлэн телевиз, радио, кабелийн сувгуудын үйл ажиллагаанд байнгын шалгалт мониторинг хийж зөрчил илэрсэн газруудад тухай бүрт нь сануулга өгч тодорхой шаардлагуудыг тавьж ирсэн юм. ХХЗХ, Оюуны Өмчийн газар (ОӨГ) болон Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар (ШӨХТГ), Нийслэлийн Цагдаагийн газар (НЦГ), Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар (НМХГ)-тай хамтран төлөвлөгөөний дагуу 2012 оны 12 дугаар сарын 07-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй кабелийн сувгуудад хөтөлбөрийн бүтэц, нэвтрүүлгийн агуулга, олон нийтэд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн нэвтрүүлгийн хувь, бүтээмж үйлдвэрлэл, техникийн стандарт хангасан байдал, зохиогчийн эрх, Монгол Улсын Харилцаа Холбооны тухай болон бусад хууль тогтоомжийн биелэлт зэрэг үзүүлэлтүүдээр шалгалт хийж, үйл ажиллагаанд нь үнэлгээ өглөө. ХХЗХ-ны 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хорооны ээлжит 1 дүгээр хуралдаанаар энэ шалгалтын тайлан, үнэлгээ, байнгын мониторингийн дүнг авч хэлэлцээд 44 кабелийн сувагт дараахь арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

ХХЗХ-ны байнгын хяналт мониторинг, төлөвлөгөөт шалгалтаас гадна 2012 онд шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан иргэдийн санал хүлээн авах “1111 Төв”-д ч телевиз, кабелийн сувгуудын агуулга, хөтөлбөр, нэвтрүүлэг, үйл ажиллагаатай холбогдох санал гомдол, шүүмжлэл маш ихээр ирсээр байна. Хөтөлбөр нэвтрүүлгүүд нь иргэдийг залхаасан, нэг хэвийн мэдээ мэдээлэлтэй байгаагийн дээр хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуун, зан төлөвт сөрөг нөлөө үзүүлэхүйц, ёс зүйгүй, хэмжээ хязгаарлалтгүй байгаа, ялангуяа телевиз, кабелийн сувгуудын явуулдаг чат, мессеж ашигласан нэвтрүүлгүүд үндэсний хэл соёлыг алдагдуулж болзошгүй, түүнчлэн дэлгэц дүүрэн учир холбогдолгүй баннер, зар сурталчилгаа гарч байгаа гэсэн гомдол санал байнга ирж байгаа юм.

Дээрх шалтгалт болон мониторингийн үр дүн, үзэгчдийн санал гомдолд үндэслэн ХХЗХ-ны зүгээс цаашид телевиз, кабелийн сувгуудын хөтөлбөр нэвтрүүлгийг үзэгчдийн хүсэл таашаалд нийцүүлэх, телевизүүдийн бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор контентын чанарын асуудалд түлхүү анхаарах шаардлагатай болсон гэж үзэж байна. Ингээд 2013 оны эхний хуралдаанаараа “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-д зарим нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.

Юуны түрүүнд үндэсний хэл соёлыг гуйвуулж, бага насны хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлхүйц байгааг үндэслэн бүх төрлийн чат, мессежийг дэлгэцээр гаргахыг хориглож, кино сонгууль, тааварт тоглоом зэрэг уралдаант нэвтрүүлэгт мессеж тусгай дугаар ашиглахгүй харин зөвхөн санал асуулга, судалгаа авах зорилгоор урьдчилан заасан тоо, код, тэмдэгтийг дэлгэцэнд гаргасан хэлбэрээр ашиглаж болохоор болголоо. Мөн кино, бусад нэвтрүүлгийг сонгохдоо агуулгын хувьд холбогдох хуулийг зөрчихгүй байхад анхааралтай хандаж, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэхээр  хүчирхийлэл, садар самууныг илэрхий сурталчилсан, аллага, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, айдас төрүүлсэн дуу, дүрстэй кино, видео бичлэг гаргахгүй байх, зөвхөн насанд хүрэгчдэд хамаарах кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн цагаар гаргахгүй байхыг үүрэг болгож байна. Зарим сувгууд бага насны хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног шөнийн цагаар гаргаж байгаа талаар эцэг эхчүүдээс ирсэн санал гомдлыг харгалзан бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн киног орой 22.00 цагаас хойш гаргахгүй байхаар тогтоож байна.

Телевизийн дэлгэцийг “цэвэр” болгох нь үзэгчдийн эрх ашиг төдийгүй телевиз, кабелийн сувгуудын өөрсдийнх нь бизнесийн этик, соёлыг сайжруулах алхам гэж үзэж нэвтрүүлэг гарч байх үед баннер хэлбэрийн зар сурталчилгааг дэлгэц дээр давхар гаргахгүй байх, харин “урсдаг” болон “үгэн” хэлбэрийн албан ёсны мэдээ, мэдээлэл (цаг агаар, ханшийн мэдээ гэх мэт)-ийг олон улсын стандартын дагуу зөвхөн мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийн цагаар гаргах нь нээлттэй. Түүнчлэн үзэгч, хэрэглэгчдэд телевизийн хөтөлбөрөөр урьдчилан мэдэгдэж, тусгайлсан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлж буй зар мэдээллийг үгэн болон урсдаг хэлбэрээр гаргах нь бас нээлттэй байна.

Цаашид ХХЗХ-ноос хөтөлбөрийн чанар өгөөжийг сайжруулах, үндэсний бүтээл, агуулга үйлдвэрлэлийг дэмжих, оюуны өмчийг хүндэтгэх чиглэлээр судлаж, өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга механизмыг тодорхой болгох асуудлыг 2013 оны эхний улиралдаа багтаан боловсруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ КАБЕЛИЙН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Кабелийн сувгийн нэр Төрөлжсөн чиглэл Арга хэмжээ
1 Гэгээн далай ХХК ТВ-5-3 Спорт зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх
2 Ти Ди Би Медиа ХХК Bloomberg суваг Нийгэм, эдийн засаг зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх
3 Спорт бокс ХХК SportBox Спорт суваг зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх
4 Имержмедиа ХХК ETV2 entertainment Цэнгээнт зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх
5 Модерн Кастл Модифаер ХХК Соён гэгээрүүлэгч Шинжлэх ухаан, танин мэдэхүй зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх
6 Мэйжикжэт ХХК NBS-2 Шинжлэх ухаан, танин мэдэхүй сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
7 "АЭ энд ЖААГ" ХХК 25-2 суваг Мэдээ, мэдээлэл сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
8 Хос Цалиг ХХК Цалиг Шинжлэх ухаан, танин мэдэхүй сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
9 Улаанбаатар телевиз ХХК UBS-3 Хөгжмийн суваг сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
10 Эм Ви Эс ХХК МТМ Хөгжмийн суваг сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
11 Эс Си Эйч ХХК SCH суваг Түүх, соёл урлаг /Соёл урлаг/ сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
12 Медиахолдинг ХХК ТВ9-2 Шинжлэх ухаан танин мэдэхүй сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх
13 Эн Би Жи Кинг Монголиа ХХК Royal HD Нийгэм эдийн засаг түдгэлзүүлэхийг сануулах
14 Эвергрийн лайф ХХК 7 суваг Цэнгээнт түдгэлзүүлэхийг сануулах
15 "Мөрөөдлийн суваг" ТББ Dream channel Хүүхэд, боловсрол түдгэлзүүлэхийг сануулах
16 Улаанбаатар телевиз ХХК UBS-2 Түүх, соёл урлаг түдгэлзүүлэхийг сануулах
17 Натурхаан ХХК ТВ-1 Мэдээ, мэдээлэл түдгэлзүүлэхийг сануулах
18 Ти Ви Арав ХХК ТВ10 Нийгэм, эдийн засаг түдгэлзүүлэхийг сануулах
19 Мэйжикжэт ХХК NBS-1 Мэдээ, мэдээлэл түдгэлзүүлэх
20 Парламентийн суваг ХХК Парламент Мэдээ, мэдээлэл түдгэлзүүлэх
21 Нью Бест Медиа Групп ХХК Соёмбо Түүх, соёл урлаг түдгэлзүүлэх
22 Монголиан ньюс чаннел ХХК MNC Мэдээ, мэдээлэл түдгэлзүүлэх
23 Хурдан шонхор ХХК Шонхор суваг Нийгэм, эдийн засаг түдгэлзүүлэх
24 Эко Натур ХХК Fashion суваг Хувцас загвар түдгэлзүүлэх
25 Эм Ви Эс ХХК Монсинема Кино суваг түдгэлзүүлэх
26 Долгион Ангирмаа ХХК MusicBox Хөгжмийн суваг түдгэлзүүлэх
27 Файр фильм ХХК MBO Кино суваг түдгэлзүүлэх
28 Тэргэл Медиа ХХК Health Channel Нийгэм, эдийн засаг /Эрүүл мэнд/ түдгэлзүүлэх
29 Айст Монголиа ХХК Аист Шинжлэх ухаан, танин мэдэхүй түдгэлзүүлэх
30 Шууд Ти Ви ХХК Shuud TV Мэдээ, мэдээлэл түдгэлзүүлэх
31 Би Энд Би Пикчерс ХХК Оллоо Түүх, соёл урлаг /Соёл урлаг/ түдгэлзүүлэх
32 Ягаан сувд ХХК РР суваг Танин мэдэхүй түдгэлзүүлэх
33 Хатрек ХХК ЭКО channel Байгаль экологи түдгэлзүүлэх
34 Монгол Масс Медиа ХХК MovieBox Кино суваг түдгэлзүүлэх
35 Төгс эрдэм сан ТББ ЗА 1-р суваг Хүүхэд, боловсрол түдгэлзүүлэх
36 Зар мэдээ ХХК ZMS Нийгэм, эдийн засаг түдгэлзүүлэх
37 Билэгт дөлгөөн ХХК MDS Хөгжмийн суваг түдгэлзүүлэх
38 МҮОНРТВ MNB-2 Түүх, соёл урлаг дахин шалгах
Теле-худалдааны сувгийн дүн
39 Гэгээн далай ХХК ТВ-5-2 Теле-Худалдаа зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгөх. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас дахин шалгалт хийж үнэлгээ өгөх
40 Эйзуре ХХК City Channel Теле-Худалдаа сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас дахин шалгалт хийж үнэлгээ өгөх
41 Кэй Си Би Эн ХХК Hyundai I shopping Теле-Худалдаа сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас дахин шалгалт хийж үнэлгээ өгөх
42 Би Би Кью Ий Эн Си ХХК BBQ Теле-Худалдаа сануулга хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ШӨХТГ-аас дахин шалгалт хийж үнэлгээ өгөх
43 Ай Би Си Эс ХХК ITV Теле-Худалдаа түдгэлзүүлэх
44 Эм Ви Эс ХХК VIP Home shopping Теле-худалдаа түдгэлзүүлэх