Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2025 оны 5-р сарын 09-ний өдөр “Өргөн нэвтрүүлгийн хөгжил–2025” форумыг амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, контент бүтээл үйлдвэрлэл, дамжуулах орчны өөрчлөлт болон технологийн шинэчлэл болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ.
Форумд гадаад болон дотоодын телевизүүд, контент бүтээгчид мэргэжлийн холбоод, бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагын төлөөллөөс бүрдсэн 90 гаруй зочид төлөөлөгч оролцов.
Тухайлбал, БНСУ-ын Arirang, MBC Plus, KBC телевиз, контент бүтээл ба түгээлтийн Busan Content Market компани, мөн Magic Image, Character Link, Weo, RoiVisual зэрэг компанийн удирдлага, төлөөллүүд оролцлоо. Үүнээс гадна технологийн чиглэлээр Сингапур улсын Brainstorm, Whiteways Systems, Украины Animagic зэрэг контент бүтээл, платформын компаниудын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.
Форумын хүрээнд сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн контент үзэх зан төлөв хурдтай өөрчлөгдөж, сошиал медиа, ОТТ үйлчилгээ, стриминг платформууд (Netflix, YouTube, TikTok гэх мэт) эрчимтэй нэвтэрч буй энэ үед Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн нөхцөл байдал, орлогын хандлага, олон сувгийн дамжуулах үйлчилгээний технологийн хөгжил, эдгээр өөрчлөлт салбарт хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцлээ. Мөн дэлхий дахины өргөн нэвтрүүлгийн салбарын зах зээлийн чиг хандлагын талаар олон улсын зөвлөх, судалгааны байгууллагуудын гаргасан тайланд суурилан товч мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн контент бүтээл, дамжуулалтын орчинд гарч буй технологийн дэвшил, тухайлбал хиймэл оюун ухааныг мэдээний студийн ажлын урсгалд хэрхэн ашиглаж байгаа, виртуал үйлдвэрлэл, үүлэн технологи, олон суваг дамжуулагчид, телевизүүдийн хэрэгжүүлж буй туршлага зэргийг танилцуулсан. Монгол Улс 4К технологид шилжих үйл явц, энэ хүрээнд телевизүүд болон дамжуулагч талуудын авч буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ч хэлэлцэв.
Контент бүтээх хамтын ажиллагаа, формат худалдан авах асуудлаар: Arirang TV болон Боловсрол телевизийн зүгээс олон улсын формат болон хамтарсан бүтээл үйлдвэрлэлийн туршлага, ийм төрлийн шоу, контент хийхийн давуу тал, үр өгөөжийн талаар танилцуулга хийв.
Монголын Кино урлагийн зөвлөлөөс олон улсын студиүд Монгол Улсад кино зураг авалт хийх боломж, төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөнгөлөлтүүд, мөн үндэсний кино контентыг гадаадын зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлэл өгсөн. Мөн орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбооноос орон нутгийн онцлог, түүх, соёлын чиглэлээр дотоод, гадаадын телевизүүдтэй хамтран ажиллах сонирхол, бэлэн байдлаа илэрхийлэв.
Форумын хүрээнд “Контент, бүтээл, хамтын ажиллагааны танилцуулга – уулзалтын хэсэг” ажиллаж, оролцогчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа харилцан танилцуулж, туршлага, мэдлэгээ хуваалцсан уулзалтуудыг зохион байгууллаа. Энэхүү хэсэгт Монгол Улсаас контент бүтээгч хоёр продакшн, Улаанбаатар болон орон нутгийн 10 гаруй томоохон телевиз оролцсон бөгөөд БНСУ, Сингапур, Украин зэрэг улсуудаас хүрэлцэн ирсэн телевиз, продакшн, платформын компаниуд өөрсдийн бүтээл, үйл ажиллагааны онцлогийг танилцуулсан юм.
Энэхүү форум нь өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шинэ боломжуудын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэлийг тавих чухал талбар боллоо.