Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа 2024 оны 9 -р сарын 26-ны өдөр эхлэх гэж байна.
Харилцаа холбооны Зохицуулах хорооноос радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавихтай холбоотой хууль эрхзүйн орчин, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 9-р сарын 10-ны өдрийн 202 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмаар зохицуулсан харилцаа, сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтыг 2024 оны 9-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Радио, телевиз нь иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, нийгмийн хандлага, сэтгэлгээний соёлыг төлөвшүүлэхэд хүчтэй хэрэгсэл болдгийн хувьд редакцийн түвшинд анхаарч ажиллах дараах 2 чухал асуудлыг сургалтын агуулгад тусгайлан оруулж, холбогдох байгууллагуудаас урьж илтгэл тавьж оролцууллаа.
Үүнд:
1. “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүлзүй” сэдвээр МУИС-ын Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор М.Мөнхнаран
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийн асуудал, хүртээмжтэй радио, телевизийн тухай ойлголт сэдвээр Гэр бүл, хөдөллмөр нийгмийн хамгааллын яамны Хүн ам хөгжлийн бодлогын газрын ахлах шинжээч Б.Болороо нар тус тус илтгэл тавьж оролцлоо.
Өнөөдийн сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн радио, телевизийн нийт 47 үйлчилгээ эрхлэгч, Харилцаа холбооны зохицуулах хорооны Жендерийн салбар зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орон тооны бус дэд зөвлөлийн гишүүдийн төлөөллүүд танхим болон цахимаар оролцлоо.
Харилцаа холбооны зохицуулах хорооны
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар